Хятадын шилдэг залуус Монголд ирнэ
2015-08-17

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам, Гадаад Харилцааны Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран Монгол-Хятадын улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрийг 2015 оноос шинэчлэн хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү шинэчилсэн хөтөлбөрийг 5 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Монголын шилдэг 100 залуу өнгөрөгч тавдугаар сард Хятадад долоо хоногийн айлчлал хийсэн юм. Тэгвэл энэ удаад БНХАУ-ын Хятадын шилдэг 50 залуу 2015.08.18-24-ний өдрүүдэд манайд айлчлах гэж байна. Айлчлалын зорилго нь Бүх Хятадын Залуучуудын Холбооны тэргүүлэгчид, урлаг, соёл, спорт, бизнесийн салбарын шилдэг залуус Монголын залуучуудтай танилцах, харилцан туршлага солилцох юм.

 

Айлчлалын бүрэлдэхүүнд Хятад Залуу бизнес эрхлэгчдийн холбооны Дэд ерөнхийлөгч Ма Синмин, ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Сюй Сяо, Хятадын Залуучуудын холбооны орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Зя Бо Бүх Хятадын Залуучуудын Холбооны тэргүүлэгчид, улс төр, бизнес, нийгэм, урлаг, соёл, спортын салбарын нэр хүндтэй өндөр албан тушаалын залуус багтсан томоохон хэмжээний айлчлал болох  юм байна.

 

Мөн уг айлчлалын үеэр буюу 8-р сарын 20-нд БИЗНЕС УУЛЗАЛТ зохион байгуулагдах юм. Энэхүү уулзалтад Монгол, Хятад хоёр орны залуучуудын төлөөлөл бизнес төслийн саналаа танилцуулах, харилцан санал солилцох, чөлөөт уулзалтууд болно. Хятадын талаас барилга, үл хөдлөх хөрөнгө, төмөр зам, авто зам, аялал жуулчлал, мэдээллийн технологи, эрчим хүч, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад бизнес эрхэлж байгаа залуучууд оролцож байгаа юм. Энэхүү айлчлалаар Монгол, Хятад орнуудын залуучууд түншлэлээ өргөжүүлж, бизнес саналаа солилцох, хамтарч ажиллах бүх талын боломжууд нээгдэнэ.

Shuud.mn
Сонин хачин