Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад өнөөдөр эхэлнэ
2015-08-19

“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад- 2015” энэ сарын 19-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр 19.30 цагт “Хүннү молл” цогцолборт болох бөгөөд нээлтийн ажиллагаанд Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Ильюмжинов болон Монголын шатрын холбооны удирдлагууд, БСШУЯ, ЭМСЯ-ны төлөөлөл оролцох аж.

 

Дэлхийд чансаа өндөртэйд тооцогдох тус тэмцээний бэлтгэл хангагдаж, тамирчидаа хүлээж авч эхэлсэн байна. Одоогийн байдлаар 12 орны багын 100 тамирчин хүрэлцэн ирээд байгаа бөгөөд тамирчдын сүүлийн хэсэг өнөөдөр орой монгол улсад газардах ажээ.

 

Сонирхуулахад Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад зэрэг 26 орны 200 гаруй тамирчин өрсөлдөнө. Харин Монгол улсаас Сорилго тэмцээнээс шалгарч эрхээ авсан 10 багын 50 тамирчин оролцох юм байна.

 

Олимпиадын үеэр “Mongolia open 2015” олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулагдахаас гадна ОУШХ-ны шүүгч, дасгалжуулагчийн цол олгох семинарууд, сургуулийн шатрын багш нарт зориулсан тусгай үзүүлэх сургуулилтууд зэрэг арга хэмжээ болох юм. 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин