Улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна
2015-08-19

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог. Тиймээс өмнөх жилүүдэд авч хэрэгжүүлж байсан түр зохицуулалтыг дараахь байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэлээ.



            1. 2015 оны 08 дугаар сарын 22, 23, 29, 30-ны Бямба, Ням гарагт  өглөөний 0800 цагаас 2000 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон  тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 22, 29-ний өдрүүдэд, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 23, 30-ны өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулахаар хязгаарлалт зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба , Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газарт.



           2. Нийслэлийн авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан   такси,   ажилчдын  автобус, таних   тэмдэг  бүхий  хэвлэл   мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулашгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд  дээрх хязгаарлалт хамаарахгүй байхаар замын хөдөлгөөний аюулгүй байдал,  хөдөлгөөн зохицуулалтын ажлыг зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвд


         3. 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд суралцагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “SCHOOL POLICE” эргүүлд ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтнаар судлагдаж байгаа иргэдийг явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулах, мэргэжлийн удирдлагаар хангахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар т, нийслэлийн Боловсролын газарт 


 
             4. Улаанбаатар хотын гудамж, замаар зорчиж буй улсын бүртгэлгүй, дугааргүй, техникийн хувьд бүрэн бус, хяналтын үзлэг оношлогоонд хамрагдаагүй /утаа ихтэй, өнгө үзэмжгүй, албан татвар, агаарын бохирдол, зам ашигласан төлбөр төлөөгүй, жолоочийн хариуцлагын даатгалгүй/ тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч ажиллахыг нийслэлийн Татварын газарт, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт, Замын хөдөлгөөний удирдлагын төвд


 
          5. Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг төлөвлөн зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанд тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин