Бангкок: Амиа алдсан хүний тоо 22 боллоо
2015-08-19

 

Тайландын нийслэл Бангкок хотын “The Erawan” бунхны дэргэд болсон дэлбэрэлтэд өртөж, амиа алдагсдын тоо нэмэгдэж, 22-т хүрсэн тухай “CNN”агентлаг мэдээллээ. Өнөөдөр орон нутгийн цагаар 7.00 цагт 32 настай эрэгтэй шархаа дийлэхгүй нас барсан гэв. Халдлагын үеэр ойролцоогоор 123 хүн бэртэж, гэмтжээ. Дэлбэрэлт зохион байгуулсан этгээдийн дүрс хяналтын камерт бичигдсэн бөгөөд түүнийг улс даяар эрэн сурвалжиж эхэлжээ. “Амиа алдсан иргэдийн ихэнх нь гадаадын иргэд” гэж Цагдаагийн газрын дарга Сомёот Пүүмпуммуан мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Тэрбээр “Халдлагын үеэр Хятад, Хонконг, Их Британи, Индонез, Малайзын, Сингапурын иргэн амиа алдсан” гэж хэлжээ. Хонконгийн Гадаад хэргийн яам “Бангкок хотноо болсон халдлагын үеэр манай улсын хоёр иргэн амь үрэгдсэн” гэсэн бол Бангкок хотноо суух БНХАУ-ын бүрэн эрхт элчин сайд “Халдлагаар хятадын иргэд амиа алдсан. Бидний авсан мэдээллээр 19 настай Чанг Уинг Ян гэх Лондон хотноо сурдаг охин амиа алдсан болохыг тогтоосон. Гэр бүлтэй нь холбоо тогтоогоод байгаа” гэж мэдэгджээ.

 

Ерөнхий сайд асан Йинглак Чинаватын дэмжигчид бунхны дэргэд халдлага үйлдсэн гэх мэдээлэл иргэдийн дунд гарчээ. Энэхүү мэдээллийг Ерөнхий сайд, генерал Прают Чан-Оча үгүйсгэж “Худал мэдээллээр тархиа угаах хэрэггүй. Бид албан ёсны мэдээлэл цаг тутамд хийх болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин