Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад нээлтээ хийлээ
2015-08-20

Оюуны спортын хаан гэгддэг шатрын олон улсын тэмцээн анх удаа манай улсад зохиогдож байна. Тодруулбал, “Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015” өчигдөр “Хүннү молл” цогцолборт нээлтээ хийлээ.

 

Нээлтийн ёслолд Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Ильюмжинов, Монголын шатрын холбооны удирдлагууд, БСШУЯ, ЭМСЯ-ны төлөөлөл болон тус тэмцээнд оролцож буй тамирчид оролцлоо.

 

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад зэрэг 26 орны 200 гаруй тамирчин өрсөлдөх юм. Харин Монгол улсаас Сорилго тэмцээнээс шалгарч эрхээ авсан 10 багын 50 тамирчин оролцох юм байна.

 

Дэлхийд чансаа өндөртэйд тооцогдох тус олимпиадад оролцогч тамирчид Чингис зочид буудалд байрлаж байгаа бол тэмцээнийг Хүннү Молл төвийн тусгайлан бэлдсэн танхимд зохион явуулах ажээ.

 

Олимпиадын үеэр “Mongolia open 2015” олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулагдахаас гадна ОУШХ-ны шүүгч, дасгалжуулагчийн цол олгох семинарууд, сургуулийн шатрын багш нарт зориулсан тусгай үзүүлэх сургуулилтууд зэрэг арга хэмжээ болох юм. 

 

Энэхүү өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад энэ сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин