Америк, Солонгос эмч нарын баг Завханд ажиллав
2015-08-20

Завхан аймгийн Улиастай суманд наймдугаар сарын 13-18-ны өдрүүдэд АНУ-аас мэс заслын их эмч нарын баг, БНСУ-ын дотор, уламжлалт, шүд, хүүхдийн их эмч нар ирж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлжээ.


УИХ-ын гишүүн Я.Санжмятавын урилгаар ирсэн сайн дурын эмч нарын баг Завхан аймагт долоо хоног ажиллах хугацаандаа аймгийн нэгдсэн мэс заслын тасагт АНУ-ын их эмч нар, “Одчим наран” эмнэлэг дээр БНСУ-ын эмч нар баг ажиллаж, 1000 гаруй хүнд үзлэг хийсэн байна.

 

Мөн АНУ-ын мэс заслын эмч нарын баг шаардлагатай хагалгааг аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хийсэн бөгөөд монгол эмч нарын баг хамтарч ажиллажээ. Гадаадын эмч нарыг урьж авчирснаар эмч нарыг дадлагажуулах, туршлага солилцуулах гээд олон талын ач холбогдолтой байдаг хэмээн УИХ-ын гишүүн Я.Санжмятав хэлж байна.


Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасгийн эрхлэгч Д.Загдбазар хэлэхдээ “АНУ-ын мэс заслын их эмч нарын баг 70-80 хүнийг үзэж, нийт 400 гаруй иргэдийг үзсэн байгаа. Мөн өдөрт 5-6 хүнд зайлшгүй хагалгааг хийсэн. Иргэдийн хувьд үзүүлэх маш их сонирхолтой байна. Захиалга ч их байна.

 

Зарим эмч, сувилагч нар ээлжийн амралтаа авсан байсан ч энэ хугацаанд буцаж ажилдаа орсон. Эдгээр өдрүүдэд ажлын ачаалал их (09.00-22.00) байсан ч олон иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламжийг үзүүлж чадлаа. Манай эмч нарын баг ч энэ удаагийн Америкийн мэс заслын эмч нараас маш их зүйлийг сурлаа. Аймгийн нэгдсэн эмнэлэгийн тоног төхөөрөмжийг хараад тэдний хувьд сэтгэл эмзэглэсэн зүйл их байгааг дуулгаж байсан.

 

Багаж хэрэгсэл, боловсон хүчин бидэнд дутмаг байдаг. Цаашид эмнэлэгийн тоног төхөөрөмж сайжраад, эмч нарын чадамж дээшлээд ирэхээр орон нутагт авч болох бүхийл эмнэлэгийн үйлчилгээг хийх боломжтой болох юм. Энэ удаагийн туршлага бол бидэнд маш их зүйлийг өглөө” гэлээ.


БНСУ-ын эмч нарын нээлттэй нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын зохицуулагч Ш.Дашдаваа “БНСУ-ын эмч нарыг эгнээндээ нэгтгэсэн хүмүүнлэгийн байгууллага нь 4000 гаруй гишүүнтэй. Эмч, сувилагч, оюутануудыг нэгтгэсэн уг нийгэмлэг нь Солонгост төдийгүй дэлхийн 50 гаруй оронд очиж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг. Тус нийгэмлэгийн таван эмч 1996 онд манай улсад анх удаа ирж эмнэлэгийн чиглэлээр хүмүүнлэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Эдгээр эмч нарын хувьд сэтгэл санаа нэгдээд өөрсдийн зардлаараа ирж байсан юм билээ.

 

Тэр цагаас хойш 18 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Жилдээ 3-4 удаа ирж, алслагдсан аймаг, сумдуудад эмнэлэгийн үйлчилгээг явуулж байна. Завхан аймагт ирсэн энэ удаагийн багт БНСУ-ын их эмч, сувилагч нийлсэн 20 хүний баг ирлээ. Харин манай талаас орчуулагч болон туслах ажилтан нийлээд 20 орчим хүн багтсан. БНСУ-ын эмч нарын нээлттэй нийгэмлэгээс энэ онд Улаанбаатар хотын Сонингохайрхан дүүрэг (Баянхошуу), Налайх, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдэд эмнэлэгийн үзлэгийг хийсэн байгаа.

 

Харин энэ жилийн дөрөв дэх үйлчилгээг Завхан аймгийн Улиастай суманд гурав хоног хийжээ. Аймгийн төв болон бүх сумдаас иргэд ирсэн. БНСУ-аас ирсэн дотор, уламжлалт, шүд, хүүхдийн их эмч тус аймгийн иргэдэд үйлчилж, нийтдээ 550 хүнд эмнэлэгийн тусламжийг үзүүллээ. Энэ удаагийн үзлэгийг харж байхад доторт үзүүлэх иргэдийн тоо их байна. Мөн бага насны хүүхдүүдээс төрөлхийн гажигтай хүүхэд ч гарч байна.

Сайн дурын багийнхан амьдралын боломж тааруу иргэдийг сонгон Монголд хийх боломжгүй хүнд хагалгааг сонгодог байна. Одоогоор 25 хүүхэд хамрагдаж, эрүүл саруул болсон байгаа. Эдгээр хүүхдүүдээс зарим нь насанд хүрээд байгаа аж. Хамгийн сүүлд гэхэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас зүрхний маш хүнд хагалгаа хийх шаардлагатай хүүхэд гарсан.

 

Энэ хүүхдийг эмч нар сонгоод БНСУ-д 100 хувийн төлбөрийг дааж, эмчилгээг амжилттай хийсэн. Энэхүү хагалгааг 100 сая вонын (170 сая төгрөг.) төлбөртэйгээр хийдэг. Аймаг бүрт хийж байгаа эмнэлэгийн үзлэгээс харж байхад өвчлөл янз бүр байна. Зарим аймагт элэг, ходоодны өвчлөл их байхад зарим нутагт хүүхдийн гажигтай төрөлт олон гарсан” гэжээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин