Тяньжин: Си Зиньпин шуурхай хуралдаан зарлажээ
2015-08-21

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин Тяньжин хотноо болсон дэлбэрэлттэй холбогдуулан Бээжин хотноо шуурхай хуралдаан зарласан тухай “www.shanghaidaily.com” мэдээллээ. Энэхүү хуралдааныг ослын газартай биечлэн танилцсан Ерөнхий сайд Ли Кэцян удирдан явуулахаар болжээ. Шуурхай хуралдаанаар хохирогчдод олгох мөнгөн тусламжийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.  Тяньжин хотноо сураггүй алга болоод буй гал сөнөөгчдийн гэр бүлээс гадна дэлбэрэлтийн үеэр орон гэр, эд материалын хохирол амссан иргэд жагссаар байна. Тэд хохирлоо барагдуулахыг шаардаж байгаа юм.

 

Мөн тус хотод үйл ажиллагаагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд эхнээсээ хохирлыг нь барагдуулахыг шаарджээ.  Шинжээчид дэлбэрэлтийн улмаас улс 1-1.5 тэрбум долларын хохирол амссан гэх урьдчилсан тооцоог гаргаад байгаа ч дээрх тоо хэд дахин нэмэгдэх эрсдэлтэй байгааг сануулсан байна. Улс эхний ээлжинд амиа алдсан 114 хүний гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө амлаад байгаа. “Рүй Хай” компанийн агуулахад болсон дэлбэрэлтийн улмаас Тяньжин хотноо  орж ирэх мөнгөний урсгал бүхэлдээ зогсч, 40 мянган хүн ажилгүй болоод байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин