Нарантуул орчмын хөрсний шинжилгээний хариу гарчээ
2015-08-21

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд Нарантуул зах орчмын гурван газраас хөрсний дээж авч, шинжилжээ.

 

Шинжилгээгээр тус хэсгийн хөрс хүнд металлын бохирдолгүй боловч хог хаягдлаас үүдэлтэй нянгийн болон гадаргын бохирдолт ихтэй байгаа нь тогтоогджээ. Нянгийн тоо 1-1.5 сая байвал цэвэр хөрс, 2 сая бол бага зэрэг бохирдсон, 2.5-3 сая байвал дунд зэрэг бохирдсон, 3-5 сая түүнээс дээш бол их бохирдсон хөрс гэж үздэг байна.

 

Харин Нарантуул зах орчмын хөрсний нянгийн тоо 2.9-7.3 сая, гэдэсний савханцрын титр 0.01-0.001 буюу их бохирдолттой нь шинжилгээгээр илэрчээ. Тиймээс хатуу хог хаягдлыг тогтмол цуглуулж зайлуулах, хог хаягдал байсан газрыг хөрсжүүлэх, зүлэгжүүлэх, иргэдийн зүгээс гараа тогтмол угааж хэвших, бохирлогдсон орчинд хүүхдийг тоглуулахгүй байх, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг тогтмол хийж хэвших, стандартын бие засах газрыг бий болгож, бохирын цооногтой болохыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин