12 алба хаагч эмнэлэгт бусад нь гэртээ эмчлүүлж байна
2015-08-24

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн алба хаагчид зам тээврийн осолд өртөн хоёр алба хаагч амь насаа алдаж, зарим алба хаагч хүнд хөнгөн гэмтсэн тухай мэдээлж байсан. Уг ослын талаар өнөөдөр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга Бригадын генерал Б.Ганзориг мэдээлэл өгөв.

 

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн хуваарьт дадлагынхаа дагуу Дугана хаданд уулын авиралтын дадлага хийгээд буцаж явахад буюу энэ сарын 21-ны өдрийн 21:15 цагийн үед осол гарчээ. Зургаан автомашин цуваагаар зорчиж, Зил-131 автомашин цувааг тэргүүлэн явжээ. Гэтэл эсрэг урсгалаас “Mitsubishi L-200” маркийн автомашин гүйцэж түрүүлэн, хурдтай гарч ирээд, хурдаа сааруулалгүйгээр Зил-131 автомашины арын дугуйг хүчтэй мөргөснөөр тэнхлэг нь хугарч замын хажуу руу онхолдсон гэж мэдээлэв. Ослын улмаас тэвшин дээр зорчиж явсан 21 цэргийн алба хаагчийн хоёр нь газар дээрээ амиа алдаж, арав гаруй алба хаагч хүнд, хөнгөн гэмтжээ. Осолдсон автомашин кабинд мөн хоёр алба хаагч зорчиж явсан байна.

 

Ослоор амиа алдсан А нь 26 настай, ОХУ-д цэргийн эмчийн мэргэжлээр төгсөж ирээд 084 дүгээр ангид ажилд ороод удаагүй байсан бол 24 настай М нь өнгөрсөн хавар Ахлагчийн сургууль төгсөөд тус ангид ажиллаж байсан байна. Ослын улмаас гэмтсэн гурван алба хаагчийн  биеийн байдал хүнд, Эрчимт эмчилгээний тасагт байсан бол тэдний нэг нь өчигдөр тархины хагалгаанд орж, хоёр нь энгийн тасаг руу шилжжээ.

 

Одоо Батлан хамгаалах Хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт 12 алба хаагч хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бусад нь гэртээ эмчлүүлж байгаа аж.

 

Энэ ослын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “СХД-ийн  21 дүгээр хороо 52-ын даваа Их булаг амралтын газрын зүүн замд амины “Mitsubishi L-200” маркийн автомашины жолооч Ц нь ЗХ-ний 084 дүгээр ангийн Зил-131 автомашинтай мөргөлдсөн осол гарсан. Уг ослын улмаас Дундговь аймгийн 9 дүгээр багт оршин суух хаягтай М /24 настай, эрэгтэй/, Орхон аймг Баянөндөр сумын харьяат А /26 настай, эрэгтэй/  нас барж, алба хаагчид гэмтсэн хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна” гэдэг мэдээлэл өглөө.

 

Осол гарах үед "Mitsubishi L-200" маркийн автомашинд жолоочоос гадна эрэгтэй, эмэгтэй хоёр хүн, жирэмсэн бүсгүй, хоёр хүүхэд зорчиж явсан гэж эх сурвалж мэдээлсэн.

 

Б.Буд

 

Shuud.mn
Сонин хачин