Айсуй цагийн эзэд чууллаа
2015-08-24

 

Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Айсуй цагийн эзэд” залуусын чуулга уулзалт энэ сарын 22, 23-нд буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд Элсэн тасархайн үзэмжит байгалийн дунд болж өнгөрлөө. Чуулга уулзалтын үеэр Өвөрхангай аймгийн нийт сумдаас ирсэн 300 гаруй залуус дуу хоолойгоо цуурайтуулж, спортын тэмцээнээр хурд хүчээ сорьсон юм. Мөн урлаг соёлын нийт 20 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөж, энэ үдэш хөг нэмлээ. “Айсуй цагийн эзэд” эхний өдөр элсний волейболоор хурд хүчээ сорин өрсөлдөж, хоёр дахь өдрөө монголын уламжлалт найрлах ёсны нэгэн өвөрмөц наадгай болох “Хэн сайн дэмбээдэх вэ” уралдаанаар үргэлжилсэн юм. Бас багуудын эв нэгдэл хүчийг нь сорьсон гол тэмцээн нь элсэн дээрх олс таталтын тэмцээн байлаа.

 

Энэхүү “Айсуй цагийн эзэд” чуулга уулзалтыг Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбоотой хамтран УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг зохион байгуулсан юм. Тэрбээр 2010- 2014 онд тус аймгийн холбоог удирдаж байсан бөгөөд энэ удаад ч мөн бусдаас илүү сэтгэл гарган зохион байгуулалтад санхүүгийн болон эд материалын туслалцаа үзүүлснийг чуулга уулзалтын зохион байгуулагчид цохон дурдаж байлаа. Нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ тэрбээр “Залуус бид нэгнээ дэмждэг, хамтдаа урагшилдаг, хөгждөг байх нь юу юунаас илүү чухал” гэдгийг чухалчлан хэлж байсан юм. “Айсуй цагийн эзэд” чуулсан эхний өдрийн үйл ажиллагаан дээр УИХ-ын гишүүн Г.Батхүү өөрийн биеэр хүрэлцэн очиж нутгийнхаа ардчилсан залуучуудтай уулзсан юм.

 

Хөгнө хаан хайрханы өвөрт, торгон элст манхдын дунд “Айсуй цагийн эзэд” чуулга уулзалт дуу хуур, хурд хүч, үерхэл нөхөрлөлтэйгөөр мартагдашгүй сайхан дурсамжуудыг бүтээн дараагийн уулзалтын ерөөлийг талбин, өндөрлөлөө.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин