Муу мэдээ
2015-08-26

Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алтны үнэ дэлхийн зах зээлд энэ оны эхний найман сар дараалан буураад байгаа билээ. Тэгвэл бодитой таамаглал дэвшүүлдгээрээ алдартай “Goldman Sachs Group Inc.”-ийн шинжээчид бүр ч муу буюу ирэх жилийн эцэс гэхэд зэсийн үнэ 4500 ам.долларт хүрнэ гэсэн таамаглалыг гаргажээ. Тодруулбал, ирэх жил зэсийн үнэ тус агентлагаас өмнө нь гаргаад байсан  2021 он хүртэлх урт хугацааны үнийн таамаглалаас даруй 44 хувиар буурна гэсэн үг. Энэ бол алсдаа бидний анхаарлаас гадуур өнгөрч болохгүй чухал мэдээлэл юм. Зэсийн үнэ он гарснаас хойш сар дараалан буурсаар эдүгээ 5000 ам.доллар буюу 2010 оноос хойших хамгийн бага төвшиндээ хүрээд байна. Байдал энэ янзаараа үргэлжилвэл улсын төсвийн орлого дахиад ч тасрах аюул нүүрлэнэ гэсэн үг.

2014 онд баталсан 2015 оны төсөв нэг их наяд гаруй төгрөгөөр зөрж, улс орон хэмнэлтийн байдалд шилжсэн гэдгийг уншигч авхай мэдэж байгаа. Орлого тасрах болсон шалтгаан нь экспортын орлогын гол эх үүсвэр болсон зэсийн үнийг 2014 оны тавдугаар сард баталсан “Төсвийн хүрээний мэдэгдэл”-д бичсэнээс хэт өсгөж тооцсон явдал байсан. Өөрөөр хэлбэл, 2014 оны тавдугаар сард 6080 ам.доллараар тооцоолоод оруулчихсан зэсийн үнийг 6900 ам.доллар хэмээн орлогоо хэт их нэмж оруулснаас болж төсөвт урьд хожид байгаагүй том засвар хийхэд хүрсэн билээ. Ингэснээр цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, нийгмийн шинжтэй өөр олон ажил орхигдоход хүрсэн. Тэгвэл зэсийн үнийн уналт үргэлжилж, “засварласан төсөв”-т тооцсон ханшаас ч доогуур орсон учир төсвийн тасалдал улам ихэссээр байна.


Дэлхийн голлох банкууд, уул уурхайн чиглэлээр дагнан бичдэг шинжээчдийн таамаглалаас үзэхэд, бидний хувьд хамгийн чухал буюу улсын төсвийн орлогын гурваас дээш хувийг бүрдүүлдэг “гол нэр төрлийн эрдэс баялаг” гэсэн тодорхойлолтод албан ёсоор орсон нүүрс, зэс дээр голчлон таагүй зүйлс бичжээ. Гол нэрийн эрдэс баялаг гэж тооцогдоогүй боловч валютын нөөц нэмэгдүүлэх гол хэрэгсэл болдог алтны хувьд ч энэ жил олигтой өсөлт ажиглагдсангүй. Харин ч буурсаар 2009 оноос хойших хамгийн доод төвшиндээ очих тийшээ ханджээ.


Төмрийн хүдрийн үнэ ч яваандаа буурна хэмээн олон эдийн засагч таамаглаж байгаа нь манай улсын хувьд бас нэг муу мэдээ байх учиртай. Дэлхийн банкнаас гаргасан тайлбараар бол зэс, алт, төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ буурсан нь гол худалдан авагч Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн том зах зээлтэй хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой аж. Тэгвэл “Голдман сакс”банкнаас өнгөрсөн сард гаргасан мэдээлэлд, “БНХАУ-ын эдийн засаг ирэх 2-3 жил үргэлжлэн унана, түүнээс хойш 20 жилийн турш жил бүр маш бага өсөлттэй байна” гэсэн нь түүхий эдийн эрэлт цаашид ч айхтар өсөхгүй гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын эрх баригчдын одоо хэрэгжүүлэх гэж буй экспортоо нэмэгдүүлэхийн тулд юанийн ханшаа сулруулж байгаа бодлого нь цаашдын өсөлтийг хангаж чадахгүй гэсэн санаа юм. Энэ нь манай улсын хувьд мөн л таагүй мэдээ.

 
Төсвийн талаарх сэдэвтээ эргээд оръё. Эрдэс баялгийн үнийн уналт 2016 оны төсөвт хүндээр тусах нь энэ оны эхнээс л ойлгомжтой болж эхэллээ. Үүнд зэсийн ханш төсөөлснөөс дэндүү доош ортол унасан, улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарт төсөөлөгдөөгүй илүү зардал гаргасан зэргийг дурьдаж болно.


Зэсийн үнийн уналтаас хүлээх алдагдлыг экспортоо нэмэгдүүлэх замаар нөхөхийг оролдож байгаа ч гэсэн үнэ үргэлжлүүлэн буурсаар байх аваас байдал хэцүүднэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Одоохондоо бид “Эрдэнэт” үйлдвэрээ “улайстал” ажиллуулж байгаадаа л тэсч байна. Нийт экспортод эзлэх зэсийн баяжмалын хувь хэмжээ өнгөрсөн жил 40 хувь байсан бол энэ жил бараг талыг нь буюу 48 хувийг нь дангаараа бүрдүүлжээ. Төмрийн хүдэр, нүүрсний олборлолт үүнд нөлөөлсөн нь мэдээж ч гэсэн зэсийн олборлолт байнга нэмэгдсээр байгаа юм.


Энэ тохиолдолд бидний хийх ёстой хамгийн гол ажил бол төсвөө алдагдалгүй батлах явдал. Өнгөрсөн тавдугаар сард батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлийг Сангийн яамны сайд асан Ж.Эрдэнэбат “Урьд өмнөх төсвүүдийг бодвол алдагдалгүй шахам орж ирсэн” гээд энэ нь жинхэнэ төсвийг алдагдалгүй батлах бодлого баримталж байгаагийн илрэл хэмээн тодорхойлж байлаа. Бүр тодруулбал, экспортын орлогыг хэт их тооцдог, /энэ нь тасарсан орлогыг өндөр хүүтэй зээлээр нөхөх шалтгаан болдог/, тодорхой бусаар орлого төлөвлөхгүй гэсэн үг. Өмнөх жилийн төсөв гэхэд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлснээр 400 тэрбум ам.доллар олно, Тавантолгойг хөдөлгөчихнө гэсэн байдлаар “болно биз” гээд алдагдалтай төсөв баталсан. Харин энэ жил ингэж хэрхэвч болохгүй. Төсөв хэлэлцэх болоогүй байхад ингэж анхааруулаад байгаа нь учиртай.


Өнгөрсөн жилийн төсвийн хүрээний мэдэгдэл жинхэнэ төсвөөсөө “танагтай” байсан гэдгийг дээр өгүүлсэн. Гэвч яг батлах болоход улстөржиж, Засгийн газраараа тоглосоор хэт хийсвэр төсөв баталж орхисон шүү дээ. Сангийн сайдын эзгүйд. Тэгвэл энэ жил ч ингэж мэднэ. “Төсвийг алдагдалгүй батлах бодлого баримтална” гэж мэдэгдсэн сайд Ж.Эрдэнэбат одоо байхгүй. Шинээр аль намаас хүн томилогдохыг мэдэхгүй. Ардчилсан намын фракциуд сайдын гурван суудал дээрээ тохиролцож чадахгүй байгаа. Зургаан сайдыг нэг дор өргөн барих учраас тэднийг хэрэлдэж дуустал хүлээх болно.


Одоогийн байдлаар аравдугаар сараас нааш Сангийн сайд томилогдохгүй болчихоод байна. Шинэ сайд нар гарч ирээд жаахан фантаазалчихад л төсөв алдагдалгүй батлагдах хөг өнгөрнө шүү дээ. “Тавантолгойг заавал хөдөлгөнө” гээд нэг нь бархирахад л төсвийн орлого талд хоосон тоо бичигдэж зарлага нэмэгдээд л явчихна. Даахгүй нохой булуу хураана гэгчийн үлгэрээр, хөдөлгөж чадахгүй байж Тавантолгойгоос их мөнгө орж ирнэ гэсээр хичнээн ч жилийн төсвийг алдагдалтай батлав. Эдийн засаг бодит байдал дээр ямар байгаа нь Дорж, Долгорт мэдэгдээд, цаашдаа ч байдал сайжрахгүй нь мэдэгдээд байна.


БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурна гэдэг манай хувьд хамгийн муу мэдээ. Экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр буурсаар байхад цаашид ч буурна гэж мэддэг чаддаг эрдэмтэн мэргэд зөгнөж байгаа нь бас л муу мэдээ. Цаг хугацаа алтнаас үнэтэй болсон ийм үед олонх цөөнхгүй улстөржиж, хөдөө гадаа хэсэн, “Ингэж ч хөгжүүлнэ, тэгж ч сайхан болгоно” хэмээн сонгуулийн пи-ар хийж яваа нь түүнээс ч муу мэдээ юм.


 

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Долоон:
Зэсийн унэ буурч байгаа энэ уед Оюу толгойн далд уурхайг юу гэж ашиглах вэ алт зэс Нуурс бух юм унаж Байна мах малын туухий Эрдэнэ сайн боловсруулан эцсийн бутээгдэхуун болгоод хоер Хоршдоо зарж л амьдрлаа нь дээр Уул уурхайг зогсоох хэрэгтэй марганец Хэл ам ор л болно
2015-08-26
Зочин:
дэлхиин хямрал олон жил үргэлжлэх баихаа.юу ч тохиолдож болзошгүи.
2015-08-26
Зочин:
дэлхиин хямрал олон жил үргэлжлэх баихаа.юу ч тохиолдож болзошгүи.
2015-08-26
kub:
erdenet uildver yamar tootsoolold undeslej urgutgul khiigeed baisan yum bol, une unakhaar buteegdekhuunii khemjeeg usgukhud mungu zardag uildver baidag yum uu
2015-08-26