Украины найруулагчид ял оноолоо
2015-08-26

ОХУ-ын шүүх өчигдөр Украины кино найруулагч, 39 настай Олег Сенцовыг санаатайгаар террорист бүлэглэл байгуулж, олон нийтийг заналхийлсэн хэмээн буруутгаж, 20 жилийн хорих ялаар шийтгэсэн тухай “TASS” агентлаг мэдээллээ. 2013 онд Украины автонамит муж Крым бүх нийтийн санал асуулгаар Оросын эх газарт дагаар орсон. Сенцов сонгуулийн санал хураалтад булхай орсон хэмээж, Оросын удирдлагуудыг Крымийг эргүүлэн өгөхийг шаардаж, олон кампанит ажил зохион байгуулсан билээ.

 

Найруулагчийг өнгөрсөн тавдугаар сард Оросын эсрэг жагсаал зохион байгуулсан хэмээн баривчилжээ. Тэрбээр баригдсан өдрөөсөө эрүү шүүлтэд орж, эрхээ хязгаарлуулж байсан хэмээн мэдэгдэж, шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлжээ. Сенцовын гэр бүл давж заалдахаа мэдэгдсэн байна.

 

Шүүхээс найруулагчийн хамсаатан гэгдэх Александр Колченкод 10 жилийн хорих ял оноожээ. Шүүгчид шүүхийн шийдвэрээ танилцуулах үед тэд Украины төрийн дууллыг дуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

 

ОХУ-ын шүүхээс Украины нисгэгч Надя Савченког өнгөрсөн оны зургадугаар сард амиа алдсан Оросын хоёр сэтгүүлчийн үхэлд буруутай хэмээн үзэж, 15 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко хилс хэргээр хүний нутагт хоригдож буй найруулагч Олег Сенцов, нисгэгч Надя Савченкогийн асуудлаар Оросын удирдлагуудтай ярилцах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж “Олон улс шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байна. Украины иргэдийг гутаасан бүхэн хариугаа авах болно” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин