Завханы шатарчид дэлхийн шилдгүүдтэй тунаж үлдлээ
2015-08-27

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад манай улсад анх удаа зохион байгуулагдаж, маргааш хаалтаа хийх гэж байна. Дэлхийн 23 орны 160 гаруй шатарчид оюун ухаанаараа өрсөлдөж байгаа тус тэмцээн энэ сарын 19-нд нээлтээ хийсэн билээ. Тамирчид нийт арван өрөг тоглож шилдгүүдээ тодруулах бөгөөд хүчтэй багууд шалгарсаар байна. Тухайлбал, Хятад, Орос, Унгар Турк, Монголын өсвөрийн шатарчдын багууд зургаан өрөг тоглоход нэг ч хожигдолгүй амжилттай оролцож байгаа аж.

 

Манай улсын хувьд Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад зургаан баг оролцож Завханы "9999" шатарч хүүхдүүдийн төлөөлөл болсон баг тамирчид дэлхийн шилдгүүдтэй тунаж үлдсэн байна. Өнөөдөр буюу пүрэв гаригт есдүгээр өргийн тоглолтыг хийсний дараа аль улсын шатарчдын баг түрүүлэх нь тодорхой болох гэнэ.

 

Энэ удаагийн Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад манай улсын баг тамирчид сайн оролцож ба тэдгээрээс Завханы баг бэлтгэл сургуулилт илүү сайн байж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхүйц байна хэмээн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн хэллээ.

 

Мөн энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Я.Санжмятавын нэрэмжит “Mongolian Open”тэмцээн болж байгаа бөгөөд шилдгүүд ирэх баасан гаригт тодрох юм байна. Арван өдрийн турш зохион байгуулагдаж буй уг тэмцээнд оролцохоор ирсэн 23 орны баг тамирчдад Монгол орныг сурталчилах, таниулах ажлыг давхар зохион байгуулж байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдээр тамирчдыг Монголын үзэсгэлэнт газар, түүх дурсгалын газраар аялуулсан нь өндөр сэтгэгдэл төрүүлсэн хэмээн Монголын шатрын холбоонд илэрхийлжээ.

 

Энэхүү тэмцээний хаалтын ажиллагаа маргааш “Хүннү молл” цогцолборт болох бөгөөд Азийн шатрын холбооны Ерөнхийлөгч Шейх Султан Бин Халифа Ал-Нехайн өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцох юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин