Манай цэргүүдийн бэлтгэл амжилттай байна
2015-08-31

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн бэлтгэлээ амжилттай гүйцэтгэсээр байна. Манай Зэвсэгт хүчний төлөөлөл гадаадын орнуудын цэргүүтэй хамтарсан бэлтгэлээ хийхийн сацуу Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Дуу бүжгийн чуулгын тоглолтыг үзэж, Цагаан Хэрэм, Лү Гүү гүүртэй танилцжээ.

 

Түүнээс гадна энэ сарын 25-нд Монгол Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Жанчхүүгийн даваан дахь “Монгол – Зөвлөлтийн дайчдын гэрэлт хөшөө”-нд цэцэг өргөх ёслол, дурсгалын музейн нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид, Жамбай хотын удирдлагын хамт цэргийн ёслолын жагсаалд оролцох бүрэлдэхүүнийг удирдан чиглүүлж буй бригадын генерал Б.Амгаланбаатар, хурандаа Д.Өлзийбаяр, дэд хурандаа Ч.Гандирваа нар оролцсон байна.

 

Цэргийн ёслолын жагсаалд 16 орны Зэвсэгт хүчний төлөөлөл оролцоно. Ингэхдээ 10 орны цэргийн хайрцаг жигдрэн жагсч, зургаан орны далбаатай цөөн тооны цэрэг алхах аж.

 

Монгол, ОХУ, Мексик, Казахстан, Вьетнам, Пакистан зэрэг 10 орны цэргүүд тус бүр 76 хүний хайрцагтай алхах юм байна. Ирэх сарын 3-ны өдөр болох жагсаал Бээжин хотын цагаар 09.00 цагт эсвэл 10.00 цагт эхэлнэ гэсэн хоёр хувилбарыг албаныхан хэлж байна. Энэ нь эхлэх цагийг БНХАУ-аас нууцалж буйтай холбоотой юм.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин