Баянгол дүүрэгт 100 хүүхдийн ортой эмнэлэг байгуулна
2015-08-31

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн VII төвд хүүхдийн эмнэлэг байгуулахаар болжээ. Өнгөрөгч баасан гаригт тус эмнэлгийн барилгын засварын ажлын явцтай дүүргийн удирдлагууд, УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон БГД-ийн ЭМН-ийн дарга Ө.Батжаргал нар танилцсан юм.

 

Тус дүүрэг 23 хороотой, 200 гаруй мянган оршин суугчтай бөгөөд үүний 50 орчим мянга нь хүүхэд тул тэдэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг хомс байдаг аж. Хүүхдүүдийг "Эмүжин" эмнэлэг хүлээн авч, хэвтүүлэн эмчлэхээс гадна Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт мөн хэвтүүлдэг байсан гэнэ.

 

Тэгвэл ирэх есдүгээр сард багтаан Эрүүл мэндийн VII төвийн байрыг шинэчлэн засварлаж, хүүхдийн хэвтэн эмчлүүлэх эмнэлэг болгон, ашиглалтад оруулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэх юм байна.

 

Эмнэлгийн байрыг шинэчлэн засварласнаар нэгдүгээр давхарт хүлээн авах, сэхээн амьдруулах тасгийг  байрлуулж, хоёр, гуравдугаар давхартаа амбулаторийн үйлчилгээ үзүүлэх бол дөрөвдүгээр давхарт 100 ортой, хэвтүүлэн эмчлэх шинэ эмнэлгийг нээн ажиллуулах гэнэ. 1983 онд анх ашиглалтад орсон тус барилгын цэвэр усны шугам, бохирын хоолойг дүүргийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчилж байгаа аж.

 

Хүүхдийн эмнэлэгийн төсвийг гурван эх үүсвэрээс гаргаж байгаа

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Манай Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулах хүүхдийн эмнэлгийн засвар шинэчлэлийн ажил амжилттай явагдаж байна. Ирэх есдүгээр сард эмнэлгээ ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр графикийн дагуу манай барилгын ажил гүйцэтгэж буй компаниуд шахуу хуваарьтайгаар ажиллаж байна. Үнэндээ манай дүүрэг хүн ам ихтэй, хүүхдийн эмнэлэг байхгүй учраас хүндрэлтэй байсан. Тиймээс эхний ээлжинд асуудлаа шийдэж, "Эмүжин" эмнэлэгт 60 ортой хүүхдийн тасаг байгуулсан. Харин тун удахгүй 100 ортой хүүхдийн эмнэлэг маань нээгдэж, дүүргийн ард иргэдэд тулгамдаад байсан нэг асуудал шийдэгдэнэ.

 

Бид бас Ахмадын сэргээн засах төвтэй хамтран хүүхдийн эмнэлэг барихаар ажлаа эхэлчихсэн явж байна. Ялангуяа өвөл, ханиад томууны улиралд ачаалал ихэсдэг. Тиймээс бид өнгөрсөн жилүүдэд дотоод нөөц бололцооогоо ашиглаад эмнэлгүүд дээрээ түр хэвтүүлэн, эмчлэх маягаар давж байсан бол энэ жилийн хувьд эдгээр асуудлыг тодохой хэмжээгээр шийдэж чадна гэж үзэж байна. Эмнэлгийн засвар шинэчлэлийн ажилд олон талын хөрөнгө оруулалт хийгдэж байна. Улс, нийслэл, дүүргийн төсвөөс гадна хувийн команиуд ч мөн бидний ажилд тусалж байгаа. Эдгээр хүмүүстээ талархаж байгаагаа илэрхийлье.

 

Хүүхдийн эмнэлэгтээ 50 хүний орон тоог гаргасан

 

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал: Өмнө нь Эрүүл мэндийн VII төвдөө 245 мянган иргэнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан. 1995 онд анх эмнэлэгтээ 60 ортой тасгийг байгуулж байсан туршлагадаа үндэслээд шинээр ашиглалтад орох хүүхдийн эмнэлгээ хүлээж автлаа эндээ 100 ортой хүүхдийн тасгийг байгуулахаар шийдэж, ажлаа эхэлсэн. Хамгийн гол нь хүүхдүүд болон эцэг, эхчүүдийн тав тухтай байх орчныг бүрдүүлэх үүднээс нэг, дөрөвдүгээр давхартаа хүүхдийн тасгаа байгуулж байна.

 

Шинэ сайхан эмнэлэгтэй болохын өмнө дагалдах тоног төхөөрөмж, ажиллах эмч мэргэжилтнүүдээ бэлтгэх ёстой. Энэ ч үүднээс бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн саналаа холбогдох хүмүүст нь тавьсан. Ингээд одоогийн байдлаар хүүхдийн тасагт ажиллах хүүхдийн эмч, нарийн мэргэжлийн эмч, сувилагч, лаборант гээд 50 хүний орон тоог гаргаж, энэ орон тоонд ажиллах хүмүүсээ бэлтгээд, аваад эхэлчихсэн байна. нэгэнт асуудлаа мэдэж байгаа болохоор бид өнгөрсөн жилээс тоног төхөөрөмжийнхөө захиалгыг ЭМСЯ, НЭМГ-т өгчихсөн байсан.

 

Тендер нь зарлагдаад, одоогоор тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдэж байгаа. Үүнээс гадна 100 ороо яг хүүхдийн зориулалттай ор, шүүгээ, сандлын хамт авахаар захиалгаа өгсөн. Эмнэлэг ашиглалтад ороход дөрөвдүгээр давхартаа эргэлтийн өрөө, амралтын өрөө зэргийг байгуулахаар мөн ажиллаж байна. Хамгийн гол нь энэхүү ажлыг хийхэд манай дүүргээс сонгогдсон гишүүдийн хүчин зүтгэл их байгааг энд онцлон тэмдэглэх хэрэгтэй. Эмнэлгийн засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг төсөвт суулгаж өгнө гэдэг хамгийн чухал ажил.

 

“Алтай хотхон”-ы иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг болно

 

   

Мөн энэ үеэр Баянгол дүүргийн I хорооны иргэдэд үйлчилдэг "Учрахуй" өрхийн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцсан. Тус дүүргийн 23 хорооны өрхийн эмнэлгүүд дөрвөн бүсэд хуваагддаг бөгөөд өөр өөрийн гэсэн өвөрмөц үйлчилгээтэй, Учрахуй" эмнэлэгийн хувьд физик эмчилгээнд тулгуурлан, харьяа иргэддээ үйлчилгээ үзүүлдэг  аж.

 

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа ч "Бид энэ удаад өрхийн эмнэлгийнхээ үйл ажиллагаатай танилцахаас гадна өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг шалгана. Мөн Баянгол дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт харьяалагддаг "Алтай" хотхоны хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх талаарх асуудлын хүрээнд энд ажиллаж байна. "Алтай" хотхонд нийт 6000 орчим иргэн оршин сууж байгаа. Гэтэ  л эмнэлгийн анхан шатны үйлчилгээг авах боломжгүй байршилд байна.

 

 

Тиймээс "Алтай" хотхоны иргэд болоод "Тайгам Алтай" компанийн хүсэлтээр "Учрахуй" өрхийн эмнэлгийн салбарыг тэнд байгуулахаар тохирсон. Удахгүй барилга ашиглалтад орохоор тэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрэх болно. Үүнээс гадна өрхийн эмнэлгүүд нэг иргэнээр тооцож, санхүүжилтээ авдаг. Гэтэл нэг иргэнээр санхүүжихээр зардлаа нөхөхтэй үгүйтэй ажиллаж байгаа учраас эмнэлгийн үйл ажиллагаа цааш явахад хүндрэлтэй байгаа. Тиймээс ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлэх Эрүүл мэндийн даатгалын хуулиар санхүүжилт арай өөрөөр бодогдож эхэлнэ" гэсэн юм.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин