УИХ-ын дарга З.Энхболд Вьетнам Улсын Парламентын дарга Нгуен Синх Хунгтай уулзав
2015-09-02

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.09.01/ Вьетнам Улсын Парламентын дарга Нгуен Синх Хунгтай уулзав.

 

 

Вьетнам Улсын Парламентын дарга Нгуен Синх Хунг уулзалтын эхэнд, Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын үеэр тантай уулзах завшаан олдсонд туйлын баяртай байна. Вьетнам Монгол улсууд урт удаан хугацааны уламжлалт найрсаг харилцааны түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд эдийн засгийн болон бусад салбарт хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байна. Манай хоёр орон хөдөө аж ахуй, худалдаа, уул уурхайн салбарт хамтран ажиллах асар их нөөц бололцоо байгаа бөгөөд эдгээр салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал. Мөн Монгол Улс 2016 онд АСЕМ-ын дээд хэмжээний яриа хэлэлцээрийг эх орондоо хийхээр төлөвлөж байгаад баяртай байна. Вьетнам Улсын хувьд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлснийг сонссон бөгөөд бид дэмжих болохоо илэрхийлж байна. Мөн таныг ойрын хугацаанд Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийхийг урья. Вьетнам Монгол Улсууд сайн сайхан харилцаатай учир улс төрийн тавцанд харилцан итгэлцлийг бий болгох улмаар Монголын парламент болон Вьетнамын Үндэсний Ассамблейн хамтын ажиллагааг идэвхжүүлэн, харилцан туршлага солилцох хүсэлтэй байна хэмээн Вьетнам Улсын Парламентын дарга Нгуен Синх Хунг хэллээ.

 

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Монгол Улс Вьетнам Улстай уламжлалт найрсаг харилцааны түүхтэй бөгөөд манай хоёр орон өнгөрсөн жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өргөжиж, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж байна. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан Вьетнам улсын туршлага бидэнд чухал. Зүүн Өмнөд Азийн уламжлалт түнш БНСВУ-тай улс төрийн яриа хэлэлцээрийг бүхий л түвшинд идэвхжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байдгаа Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд онцлон тэмдэглэв.

 

 

Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Элчин сайд, байнгын төлөөлөгч С.Сүхболд болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин