Мансууруулах эмийг хяналтгүйгээр өгч байжээ
2015-09-02

 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Солонгосын хүмүүнлэгийн байгууллагаас санхүүждэг Баянзүрх дүүрэгт байрлах ”Грийн Хоум” эмнэлгийг шалгасан тухайн НМХГ-аас мэдээллээ.

 

Тус эмнэлэг өвчин нь эцсийн шатанд орсон хүмүүст хөнгөвчлөх тусламж үйлчилгээг үзүүлдэг юм байна. Шалгалтаар  Солонгосын тусламжийн эм тарианы лабораторийн шинжилгээнд ороогүй, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, баталгаажилт хийгдээгүй, хэрэглэх заавар нь ойлгомжгүй, сав баглаа боодол нь стандартын бус эм хэрэгслийг хадгалж, өвчтөнд олгосон байжээ. Мөн мансууруулах эмийн нэр цуврал, хэрэглэсэн аргыг өвчтөний түүхэнд бичиж баталгаажуулаагүй байсан байна. Мэргэшсэн ариутгагчгүй, эрүүл ахуйч, халдвар судлагч их эмчгүй зэрэг олон зөрчил илэрчээ.

 

Тиймээс тус эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоож, 1920,0 мянган төгрөгийн торгууль  ногдуулсан байна. Мөн 28 нэрийн 24656 ширхэг эмийг хурааж, устгажээ.Иймд янз бүрийн хандив, тусламж, хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх нэрийн дор тараагдаж байгаа улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй эмийг хэрэглэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин