Орос бөхийж, Хятад гэдийж байна
2015-09-03

 

Энэ долоо хоногт өрнөсөн нэгэн чухал үйл явдал бол энэ сарын 2-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Бээжинд хийсэн айлчлал байлаа. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны ойг тэмдэглэх тухай шошготой энэ удаагийн айлчлал цаанаа ямархан мөр үлдээж буй нь хэвлэлийн хуудаснаа ил болоогүй билээ. Учир нь эдийн засгийн талбарт энэ хоёр том улс хэрхэн учраа ололцохоос их зүйл шалтгаалах юм.

 

Юанийн ханш огцом унасан өнгөрсөн хэдэн долоо хоногийн хугацаанд нөлөөлөл нь дэлхий дахинд мэдрэгдэж байгаа. Тэдгээрээс онцолбол, ОХУ-ын рублийн ханш өнгөрсөн сард энэхүү өөрчлөлтийн улмаас бас л өөдөлсөнгүй. Хятадын өр нэмэгдэж, эдийн засгийн төлөв байдлыг тэр чигт нь сүүдэртүүлж байгаа энэ үед газрын тосны үнэ дагаад уруудаж байна. Өөрөөр хэлбэл, Москвагийн хамгийн гол экспорт, орлогын амин сүнс болсон энэ бүтээгдэхүүн үнэгүйдвэл оросууд хаачих вэ гэсэн асуулт тулгарч байна. Ингэхдээ хүрвэл “ах” нар хямралтай жинхэнэ утгаар нь нүүр тулахаас гарцаагүй.  

 

Орос, Хятад хоёр бол хэзээнээсээ дэлхий дахинд АНУ, Европын эсрэг жин дарах тэнц­вэртэй түншүүд байсаар ирсэн. “Орос, Хятадын харилцаа холбоо түүхэн дэх хамгийн дээд төвшиндөө хүрч, цаашид улам хөгжсөөр байх болно” хэмээн энэ сарын 1-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Бээжинд хийх айлчлалынхаа өмнө “Тасс” болон “Синхуа” агентлагт өгсөн ярилц­лагадаа дурдсан байлаа.

 

Гэвч эдийн засгийн тойм мэдээлэл өөр зүйл хэлж байна. Энэ оны эхний хагаст хоёр улсын хоорондын худалдаа эргэлт 29 хувиар унаж, 30.6 тэрбум ам.долларт хүрсэн байв. Кремльд Засгийн газар нь бас нэг зүйлийг бараг л хүлээн зөвшөөрөөд байна. Өнгөрсөн аравдугаар сард мэдэгдсэнчлэн худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн төлөвлөгөө нь үндсэндээ нурахад гайхах юм алга. Харин В.Путин ярилцлагадаа энэ талаар нэг ч үг, үсэг унагаагүй юм.

 

Цаасан малгай

 

“Оросын мэдэгдэл, ОХУ-Хятадын яг өнөөгийн харилцаа хоёр бол огт өөр тусдаа асуудал юм” гэж Москва дахь Carnegie Center-ийн Ази, Номхон далайн хөтөлбөрийн Оросыг хариуцсан газрын дарга Александр Габуев өнгөрсөн сарын 31-нд “Блүүмберг”-т өгсөн ярилцлагадаа хэлжээ. “Орос бол алгаа тосоод хамтрах гээд гуйж байгаа улс юм. Хятад бол тийм биш” гэж тэрээр мөн нэмж хэлсэн байна.

 

Кремлийн гадаад бодлогын референт Юри Ушаковын хэлснээр энэ удаагийн айлчлалаас хүлээж буй гол үр дүн нь Оросоос Хятадын алс дорнод руу тавих шинэ хийн хоолойн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах явдал юм.

 

Гэхдээ энэ ажлын хийг­дэх цаг хугацаа бо­лоод үнэ өртгийн талаар мэдээлэл одоогоор тодор­хойгүй байгаа юм. Түүнчлэн Сибирээс Хятад руу тавих хоолойн ажил ч энэ удаагийн айлчлалаар шийдүүлэхээр зүтгүүлж буй Москвагийн бас нэгэн горьдлого болоод байна.

 

Өнгөрсөн таван жилд анх удаа ОХУ Хятадын худалдааны гол 15 түншид багтаж чадаагүйн улмаас Кремлийн худалдааны эргэлт ийнхүү саарсан байх үндэслэлтэй юм.

 

Нэгэн ярилцлагадаа В.Путин “Украины хямралын үед АНУ, Европын талаас ОХУ-д авсан хориг арга хэмжээ нь Орос улсыг Хятадтай бизнесийн харилцаагаа өргөтгөхөд хүргэсэн юм” хэмээн дурджээ.

 

Валютын зовлон

 

Өнгөрсөн аравдугаар сард ОХУ Хятадын Төвбанктай нэгэн гэрээ хийсэн юм. Ингэхдээ рубль болон юанийн шууд худалдаа хийж, долларын хэрэглээнээс татгалзахын тулд 150 тэрбум юанийн своп хэлцэл хийсэн хэрэг. Гэлээ гээд тэгтлээ их эрэлттэй байж чадаагүй юм. Яагаад гэвэл энэ бол богино хугацааны санхүүжилт байсан гэдийг Внешокономбанкны тэргүүн дэд захирал Петер Фрадков өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

Түүний банк АНУ, Европын хориг арга хэмжээний дүнд гадаад зах зээлд оролцох боломжоо алдсан юм. Улмаар Хятадад юаниар бонд гаргах боломжгүй болоод байгаа аж. 

 

ОХУ-ын Sberbank OJSC болон VTB Group хооронд есөн тэрбум юанийн зээлийн хэлцэл хийгдсэн юм. Харин Хятадын зээлдэгчид үүнийг дөнгөж хэрэглэж эхэлж байна. Яагаад гэвэл Орост юаниар зээл авах эрэлт байхгүй гэдгийг Сбербанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Максим Полетаев хэлжээ. Харин VTB-ийн тэргүүн дэд захирал Юри Соловиев өнгөрсөн зургадугаар сард өгсөн ярилцлагадаа эрэлт хангалтгүй байгааг мөн дурдсан байна.

 

Хийн гэрээ, хэлцлүүд

 

Өнгөрсөн оны тавдугаар сард “Газпром” компани В.Путины Хятадад хийсэн айлчлалын үеэр 400 тэрбум ам.долларын үнэ бүхий хэлэлцээг Хятадтай байгуулсан юм. Ингэснээр Оросын өмнөд мужууд дэлхийн томоохон бүтээн байгуулалтын ханган нийлүүлэлтэд оролцоход дөхөмтэй болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлж байлаа.

 

Гэвч түүнээс хойш хоёр улсын энэ гэрээ цуцлагджээ. Тэгвэл одоо Москвагийн дараагийн төлөвлөгөө ёсоор бол Сибирээс Хятадад тавих хийн хоолой юм. Үүнийг хятадууд нааштай хүлээж авч байгааг бас онцлох хэрэгтэй. Кремлийн хувьд ч энэ бас тоглоом биш чухал ажил. Яагаад гэвэл Оросын хийн гол түшиц газрыг Сибиртэй холбосноор Европ болоод бусад бодлогын дарамт үүсгэгч талуудын оролцоог багасгах юм. Шинжээчдийн дүгнэж буйгаар бол Хятад улс энэхүү хийн хоолойд тун ч бага сонирхолтой байна. Үйлдвэрлэлийн төвөөс нь хэдэн мянган км хол зайд энэхүү хоолой тавигдах учраас тэр.

 

Үйл явдал ийнхүү өрнөж байна. ЕвроАзийн их гүрэн, Төв Азийн цээжин дэх луунуудтай хэрхэн нэг унаа хөллөхийг харах л үлдэж байна.

 

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин