Намуудын удирдлагууд уулзаж байна
2015-09-03

 

Улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт Төрийн ордонд болж байна.  МАН-аас санаачилсан “Үндэсний зөвшилцөл” уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, ИЗНН-ын дарга Д.Ганхуяг болон МАХН, МУНН зэрэг нийт 18 д улс төрийн намын хүчний удирдлагууд оролцож байна.

 

Уулзалтын салхийг хагалж МАН-ын дарга М.Энхболд үг хэлэхдээ “ Өнөөдрийн энэ уулзалтаар Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн талаар санал бодлоо солилцохоор цуглаад байна. Үндсэн хуулийн тухайд УИХ-ын даргын захирамжаар  ажлын хэсэг байгуулагдсан. Үндсэндээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар холбогдох байгууллагаас нь санал авч, гишүүд нь гарын үсэг зураад УИХ-д өргөн барих бэлтгэл хангагдаж байгаа. Өнөөдрийн улс төрийн  хямралт нөхцөл байдлаас гарахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал маш чухал. Сонгуулийн хуулийн тухайд гэвэл 1992 оноос хойш УИХ-ын зургаан удаагийн сонгууль болсон. Ер нь сонгууль болохын өмнө Сонгуулийн хуулийг байнга өөрчилж байсан. Өмнө нь болсон зургаан удаагийн сонгуулийн тав нь мажоритар, 2012 оных холимог тогтолцоогоор болж өнгөрсөн. Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлага байна гэж үзэж УИХ-д суудалтай намуудын оролцоог бий болгосон ажлын хэсэг байгуулсан. Харамсалтай нь ажлын хэсэг боловсруулсан хуулийн төслөө өнөөдрийг хүртэл санал авах, УИХ-д өргөн барих ажлыг хийгээгүй байна. Сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдэгт өнөөдөр бид саналаа хуваалцаж таарна. Иргэд олон түмэн 2012 оны сонгуулийн тогтолцоог төдийлөн таашааж үзэхгүй байгаа. МАН-ын зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сард сонгуулийн тогтолцооны талаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг Засгийн газраас санал авч УИХ-д өргөн барьсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Сонгуулийн автоматжуулсан тогтолцоог 2012 оны сонгуулиар нэвтрүүлсэн. Гэвч үүнд иргэд ч улс төрийн намууд ч итгэл алдарсан зүйл байгаа. Тиймээс хар машинаар тоолох явдлыг хэрхэн үзэж байгааг намуудын саналыг сонсоно” гэлээ.

 

Үүний улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Улс төрийн намуудын удирдлагуудын уулзалт үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
худлаа хуралдах юм хэнд хэрэгтэй гэж:
ноёны бөх дандаа давж байх ёстой гэдэг зарчмаар юманд хандаж байгаа нь МАН-ын буруу шүү ер нь сонгуульд бодлого уралдуулах ёстой тэр бодлого үнэхээр техник эдийн засгийн үндэслэлтэй эсэх санал авах зорилгоор янз бүрийн урамшуулал эдийн засгийн хөшүүрэг орж байгаа эсэхийг хянадаг сонгуулийн ерөнхий хорооны дэргэд хяналтын байгууллага байх ёстой сонгуулийн байгууллагыг чадваржуулах боловсон хүчнийг бэлдэх мэргэшүүлэх ёстой тэрнээс бүлэглэл намуудын ашиг сонирхолыг хамгаалсан тэдэнд үйлчилсэн байгууллага хүмүүс байж болохгүй
2015-09-03