Орхон голын бохирдол хэрээс хэтэрчээ
2015-09-04

Орхон голын бохирдол 70-80 хувьд хүрээд байгаа талаар “Миний мөрөн” ТББ-ын төлөөлөл болох Өвөрхангай, Архангай аймгийн иргэд өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

 

Тэд хэлэхдээ, "Дампуурлаа зарласан “Монгол газар” компани Орхон голын хөндий дэх нөхөн сэргээсэн гэх газраа  охин  компаниудад хэсэгчилж зарснаас болж Орхон голын бохирдол 70-80 хувьд хүрээд байна. Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор халхавч хийн тус компани газраа ийнхүү зарнаас болж 60 гаруй компани Орхон голын ай савыг орвонгоор нь эргүүллээ. Тэдгээр компаниудаас болж, хүн малгүй уух ус, идэх өвсгүй болж байгаа тул энэхүү шийдвэрээр эргэж харахыг Ерөнхий сайдаас хүсч байна.

 

Орхон голын хөндийг дагаж таван аймгийн 134 сумын иргэд амьдрал ахуйгаа даган аж төрдөг.  Гэтэл малын бэлчээр, нутаг ус бохирдсоноос эрүүл  аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байна. Шавар шалбааг болсон усаар хэн ч цай чанаж уудаггүй байх. Тэгвэл бид аргагүй эрхэнд ундаалж байна.

 

Хүүхдийн гэдэс өвдөх, биеээр нь юм туурах гээд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Усны ай савын эко систем алдагдаж байна. Тиймээс Орхон голыг хэдэн жил  ухаж сүйтгэсэн “ Монгол Газар” компанийн 60 жилийн хугацаатай  “А” лицензийг цуцалж, эдийн засгаа аврах нэрээр гаргасан Засгийн газар 289 дугаар тогтоолоо эргэж харахыг хүсч байна” гэлээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
irgen:
АН-ынхан арай дэндэж байна. Орхон голоо бохирдуулчихаад бид юу бодож суух юм бэ. Хохь чинь шүү. Сонгууль ойртож байна
2015-09-04