УИХ-ын гишүүд сангийн яаманд ажиллав
2015-09-04

Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Г.Уянга нар өнөөдөр /2015.09.04/ Сангийн яаманд ажиллав.

 

 

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллах явцад иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу зарим зүйлийг Сангийн яамнаас тодруулах шаардлага үүссэн болохыг танилцуулав. Эдийн засгийн нөхцөл байдал иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байгааг тэрээр тэмдэглээд, төрийн албан хаагчид, тэр дундаа боловсролын салбарт ажиллаж буй албан хаагчдыг тэтгэвэрт гарах үед нь үзүүлдэг нэг удаагийн буцалтгүй тусламжийн асуудлыг хэрхэн зохицуулах болсон талаар, түүнчлэн “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд малчдад олгох арьс, шир, ноос, ноолуурын урамшууллын талаар тодруулав.

 

Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарах үеэр үзүүлдэг нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох асуудал төсвийн хүндрэлтэй холбоотойгоор удааширч байгаа бөгөөд төрийн бүх байгууллагаас энэ онд тэтгэвэрт гарах хүмүүсийн судалгааг хийж, 2016 оны төсвийн төсөл дээр тусгах байдлаар санхүүжилтийг шийдвэрлэхээр төлөвлөж байгааг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар Ж.Ганбат танилцууллаа.

 

Мөн тэрээр, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд малчдад ноосны урамшуулал, арьс ширний урамшуулал, газар тариалангийн салбарт  хүнсний улаан буудайн урамшуулал олгож байгаа бөгөөд 2015 онд ноосны урамшуулалд 18 тэрбум төгрөг, хүнсний улаан буудайн урамшуулалд 25 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эдгээр урамшууллыг олгохдоо үр дүнгийн үзүүлэлтэй нь уялдуулах бодлогыг Засгийн газраас баримталж буйг танилцуулсан юм.

 

 

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь тулгамдсан шаардлага болохыг онцлоод, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төсөв, хөрөнгө оруулалтын талаар тодруулж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийн бэлтгэл хангагдсан эсэхийг лавласан юм.



Боловсролын яамнаас сургууль, цэцэрлэгт шинээр хөрөнгө оруулалт хийх 350 тэрбум төгрөгийн санал ирүүлсэн. Гэхдээ төсвийн нөхцөл байдлаас үүдэн эл саналыг төсөвт тусгахад хүндрэлтэй байгааг хэлж байлаа. Улсын Их Хурлын баталсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор санхүүжилтийг 2016 оны төсөвт тусгахаар ажиллаж байгаа гэлээ.

 

 

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөлмөр эрхлэгчдийн цалингийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг  тэмдэглэж, Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг тодорхой хэмжээгээр нэмэх амлалт  өгсөн нь биелэгдэх боломж байгаа эсэхийг тодрууллаа. Цалин нэмэх эх үүсвэр болгон 90 тэрбум төгрөгийн төсвийн тодотголоор баталсан. Энэ жил цалин нэмэх юм бол үүнтэй уялдан 2016 оны төсөв дээр 360 тэрбум төгрөг шаардлагатай болно. Харин Улсын Их Хурлаас гаргасан төсвийн хүрээний мэдэгдэлд 2016 оны төсвийн нийт зардлаа 2015 оныхоос 115 тэрбум төгрөгөөр бууруулах шаардлага тавьсан. Тиймээс бодлогын сонголтыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэнэ гэсэн тайлбарыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт өгөв.

 

 

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Сангийн яам Монгол Улсын нэгдсэн төсвийг төлөвлөж Улсын Их Хуралд өргөн барьдаг. Яам судалгаа, тооцооллыг нарийн гаргасан тохиолдолд цаг алдахгүйгээр улсын төсвийг батлах боломжтой. Тиймээс Улсын Их Хурлын гишүүд Сангийн яамны мэргэжилтнүүдтэй уулзаж, улсын төсвийн талаар ярилцах шаардлагатай хэмээн үзсэн болохоо хэллээ.

 

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүдийн тодруулсан зарим асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт болон холбогдох албан мэргэжилтнүүд хариулт өгч, Монгол Улсын мөнгөний бодлого, төсвийн бодлого, үйлдвэрлэлийн бодлогын уялдааг хангах талаар болон 2015 оны улсын төсвийн гүйцэтгэл, ирэх 2016 оны төсвийн төлөвлөгөөний талаар ярилцаж, төсвийн хүндрэлийг шийдвэрлэхдээ зээлийн эх үүсвэрээр бус дотоодын  нөхцөл бололцоогоо дайчлах арга замуудын талаар ярилцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene gurav lombardnii buzar mongo
2015-09-04