Автобусны ослоор 15 хүн амиа алджээ
2015-09-07

Бразилийн Парату хотын ойролцоо жуулчдын автобус уулын замаар явж байхдаа осолдсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Ослоор 15 хүн амиа алдаж, 31 хүн гэмтсэн хэмээн хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна. Автобусанд гадаадын жуулчид зорчиж явсан хэмээн автобусны эзэмшигч компанийн удирдлагууд сэтгүүлчдэд хэлжээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь гадаадын жуулчид бөгөөд аль улсын иргэн болохыг нь тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

 

Осолдсон автобус Парату хотноо байрлах наран шарлагын газар хүрэхээр уулын замаар явж байжээ. Парату хот нь Бразилийн хамгийн том Рео де Женейро, Сан Паула хотын дунд оршдог аялал жуучлалын гол бүс юм. Энэхүү хотод очихын тулд уулын замаар явдаг учир жилд 100-200 хүн авто ослоор амиа алддаг байна.

 

2011 оны арванхоёрдугаар сард Реогоос Парату хотыг чиглэж явсан жуулчны автобус осолдож 33 хүн амиа алдсан бол энэ оны гуравдугаар сард тус хотын ойролцоо сургуулийн автобус осолдсны улмаас 49 зорчигч амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин