Эмгэнэл
2015-09-08

 

 

Монгол  улсын  Төрийн  шагналт,  Урлагийн  Гавьяат Зүтгэлтэн  Кино  зураглаач,  кино  найруулагч  Чонос овогт  Бэгзийн  Балжинням
(1942 - 2015)

 

 Уран бүтээлээрээ ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшсон, монгол орондоо төдийгүй дэлхий дахинд алдар суугаа мандуулж ирсэн Монголын урлаг, соёл, нийгмийн нэрт зүтгэлтэн, кино зураглаач, кино найруулагч, бидний хайрт аав Бэгзийн Балжинням нь 2015 оны 9-р сарын 5-ны өдөр мөнх тэнгэрийн оронд заларлаа. Аав маань 1942 оны усан морин жилийн намрын сүүл сарын шинийн 3-ны Балжинням, Дашням давхацсан өдөр Ховд аймгийн Чандмань суманд мэндэлсэн бөгөөд 1962 онд Улаанбаатар хотын 2 дугаар 10 жилийн сургуулийг, 1969 онд Москва хотын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг төгсжээ. 1962 оноос “Монгол Кино” Үйлдвэрт оператор, 1976 оноос Ерөнхий оператор, 1981 оноос Ерөнхий найруулагч, 1989-1990 онд Соёлын Яамны сайд, 1993 оноос хойш “Чингис Фильм” ХХК-ний ерөнхий захирлаар ажиллаж байлаа.


Бэгзийн Балжинням нь “Монгол оронд айлчилна уу”, “Монгол-Зөвлөлтийн хамтарсан сансрын нислэг”, “Халгай” зэрэг 80 гаруй баримтат кино, “Кино мэдээ” сэтгүүлийн оператор, найруулагчаар ажилласан бөгөөд гадаадын 40-өөд уран сайхны киног эх хэлнээ хөрвүүлсэн.


Ард түмний сэтгэлд хоногшсон “Улаан дарцаг”, “Моторын дуу”, “Эх бүрдийн домог”, “Дэгдээхэй нас”, “Ичээнд нь”, "Хань" зэрэг 20 гаруй уран сайхны кинонуудын ерөнхий зураглаачаар ажиллаж , “Гарын таван хуруу”, "Тань руу нүүж явна", “Би чамд хайртай”, “Ацаг шүдний зөрүү”, “Сүүдэр”, “Хачин хүн”, “Шүтээн” зэрэг уран сайхны кинонууд болон монгол киноны сор бүтээл - “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг кино туульсын бүтээлийн ерөнхий найруулагчаар ажилласан билээ. Түүний уран бүтээлд хүүхэд, залуучууд, ёс суртахуун, нийгмийн олон талт асуудлыг хөндсөн сэдэв голлож байсан ба Монголын түүхийн сэдэвт туульсын том хэмжээний уран бүтээлүүдийг найруулга зүйн хувьд шинэ арга барилаар амжилттай бүтээсэн нь Монголын түүхийг дэлхийн нийтэд таниулахад чухал хувь нэмэр оруулсан юм.

 

Тэрээр кино зураглаач, кино найруулагчийн зэрэгцээ “Говийн зэрэглээ”, “Илүү сартай зун”, “Сүхболдын яриа”, “Дэгдээхий нас”, “Сүүдэр”, “Эргүүлэг”, “Нулимсан нуур”, “Бүрхарат” зэрэг арав гаруй уран сайхны киноны зохиол бичсэний ихэнх нь кино бүтээл болон дэлгэцнээ мөнхөржээ. Аавын маань бүтээлүүд олон улсын кино наадмуудад амжилттай оролцож шагнал хүртэж байсан юм. Тухайлбал: Токио, Монреальд “Мандухай цэцэн хатан”, Москвад “Гарын таван хуруу”, Карловы-Варт “Би чамд хайртай”, “Монгол оронд айлчилна уу” зэрэг кинонууд нь олон улсын кино фестивальд оролцож киноны мэргэжилтнүүдийн үнэлэмж талархлыг хүртэж байлаа. 1990 онд Токиогийн олон улсын кино наадамд оролцсон “Мандухай цэцэн хатан” кино нь Азийн шилдэг 10 киноны нэгээр шалгарч байсан билээ.

 

Б.Балжинням нь Монголын кино урлагийн салбарт томоохон байр суурь эзэлсэн нэр хүндтэй уран бүтээлч төдийгүй нийгмийн нэрт зүтгэлтэн, Соёл Урлагийн Их Сургуулийг үндэслэн байгуулагчдын нэг бөгөөд олон арван уран бүтээлчдийг кино урлагийн салбарт хөтлөн оруулсан хайртай багш нь байсан юм. Бидний аав оюун ухаан авъяас билиг, уйгагүй хөдөлмөрөө эх орон ард түмэндээ зориулсан цуцашгүй хөдөлмөрч, оюунлаг, гэгээлэг, бүтээлч эрч хүч оргилсон тэмүүлэл, уран сэтгэмжээрээ мэргэжил нэгт нөхөддөө дуурайлтай нэгэн байсан билээ. Гэр бүл үр хүүхэд ач зээ нартаа сайн хань, сайхан аав, өвөө нь, найз нөхөддөө анд сайн нөхөр нь явсан юм. Аав таны маань нөмөр нөөлөг, түшиг тулгуур, шулуун шударга зан, хүнлэг энэрэнгүй, өрөвч зөөлөн сэтгэл, ухаалаг хошигнол, нэгийг хэлж хоёрыг ухааруулдаг сургамжит сайхан үгс бүхэн бидний зүрх сэтгэлд үүрд орших болно. Аав таныхаа өлмийд сөгдөн мөргөмүү.

 

Гэр бүл, хань, үр хүүхдүүд, ач зээ нар, ах дүү, төрөл төрөгсөд нь

Shuud.mn
Сонин хачин
Тогоо:
Энэ сайхан хүнийг манай шилдэг кинонуудыг найруулсан гэж л нэрийг нь мэддэг болохоос, ямар хүн байдгийг ч мэдэхгүй байлаа. "МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ЭРХЭМ" нэвтрүүлэгт оролцсон бичлэгийг нь 2020 онд үзээд, маш их хүндлэл төрж, GOOGLE-с хайтал 2015 онд нас барсныг мэдээд ихэд харуусан гуниглаж билээ... "МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ЭРХЭМ" нэвтрүүлэгт ороогүй бол би энэ гэгээлэг, мундаг, эрхэм хүнийг огт мэдэхгүй л байх байж... Энэ нэвтрүүлгийг санаачилж, бүтээн, "ЭРХЭМ ХҮНДЭТ" сайхан хүмүүсийн гэгээн дүр, үг, сургамж,үлгэр дуурайллыг үлдээж өгсөн УРАН БҮТЭЭЛЧ та бүхэнд их баярлаж байна аа.
2021-09-20
um maani badmi khum
2018-05-31
hahha:
100 erkhemd orson bailgui Hurelsukh orchikhson tsokhij yavsan shuu
2015-09-08
Зочин:
Гайхамшигтай найруулагч байжээ. Жинхэнэ урлагийн бүтээлүүдийг урласан байна. Ум мани бадме хум
2015-09-08
po:
100.n erhem newtrvvlegt orson hvmvvs yu l nld bnda
2015-09-08