Ч.Сайханбилэг: Нэгнийгээ гоочлоод хэрэггүй
2015-09-08

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ-ын ээлжит бус  чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын 6 сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм.  Сайд нарын танилцуулгыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы хуралдаанд танилцууллаа. Үүний дараагаар гишүүд сайдаар томилогдох хүмүүст асуулт тавьж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

 

-Шадар сайдад нэр дэвшиж байгаа Ц.Оюунбаатар хариуцсан салбартаа хэрхэн анхаарч ажиллах вэ? Онцгой байдлын газарт ямар ахиц дэвшил гаргах бол?

 

Нэр дэвшигч Ц.Оюунбаатар:

 

-Нөхцөл байдал тааруу байгаа гэдгийг сайн ойлгож байгаа. Энэ томилгоонд баярлаж талархахаас илүү маш том хариуцлага юм. Ган, зудтай жилд онцгой анхаарч ажиллах ёстой. Тийм учраас миний харъяанд байх салбаруудад сахилга хариуцлагыг маш сайн сахиж, төрийн бодлогыг уялдаа холбоотой ажиллуулна. Улс төрийн намаараа талцуулах бус төрийн бодлогыг барьж ажиллана. Стандарт хэмжилзүйн байгууллага, Онцгой газрын байгууллагад тулгамдсан асуудал байгаа. Энэ бүхнийг анхаарч ажиллана.  Аливаа асуудлыг гарсан хойно нь бус урьдчилан сэргийлэх асуудлаар ажилдаа анхаарч хандана.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-Манай нийгэмд хариуцлагын зуд нүүрлээд байна. Мэргэжлийн хяналтыг хариуцлагын зудын эсрэг яаж ажиллах вэ?

 

Нэр дэвшигч Ц.Оюунбаатар:

 

-Монголын ард түмний эрх ашгийг дээдэлж ажиллана. Надад төрийн албанаас өөр ямар  нэг эрх ашиг байхгүй. Зуд болж байгаа. Гэхдээ ямар нэг ган зудад бэлэн байдалтай байх үүргийг хүлээдэг. Энэ хариуцсан салбарынхан, тэр дундаа мэргэжлийн хяналтынхан онцлог. Үүнийг төрийн хүнд суртал, дарамт болгож болохгүй. Төрийн хяналтыг боловсронгуй болгох, хуулиар хориглоогүй асуудалд бизнес эрхлэгч, иргэдэд дарамт учруулахгүй байхын төлөө ажиллана.

 

Монголыг зарсан Засагт хамтарч байгаа чинь “Шударга ёс”-ноос урваж байна

 

УИХ-ын гишүүн Г.Уянга:

 

-Монголын эрх ашгийг хохироосны төлөө ажиллаж байгаа Ерөнхий сайдын танхимыг дэмжиж чадахгүй нь. Би өнөөдөр хөхиүн баяртай байна. 25 жил бугшсан төрийн  буруу үйл ил гарч байна. Энэ хугацаанд улс төрийн сүүлчийн цэгийг оруулж байгаа учир хөхиүн баяртай байна. Ард түмний баялаг “Оюутолгой” , “Тавантолгой”-г гадаадынхантай хуйвалдаж байна. Гэтэл энэ Ерөнхий сайд “Оюутолгой”-г  гадаадынханд өгсөн. “Шударга ёс” эвсэл бол 11 хүн биш. Монголыг зарсан Засагт хамтарч байгаа чинь “Шударга ёс”-ноос урваж байна. Өнөөдрийн энэ тохиолдолд Ч.Сайханбилэгийн Засгийн газартай хамтрах гэж байгаа чинь ямар зарчим вэ гэдгийг манай эвслийнхэн тайлбарлаж өгөөч ээ? Би дээрээ маш, олон даргатай. Тэр бол сонгогчид, ард түмэн.  Очих болгонд хэлсэн үгийг шаарддаг. Дээрээ олон даргатай байхын зовлонг мэддэггүй  жагсаалтаар орж ирсэн “Шударга ёс” эвслийн нэр дэвшиж байгаа хүмүүсээс асуумаар байна.

 

Нэр дэвшигч Ц.Оюунбаатар:

 

-Эвслийг төлөөлөн хариулах эрх байхгүй. Бид сонгуулиар нэгдсэн орж ирснийхээ төлөө нэг зорилготой. Өмнөговийн хүний хувьд  “Тавантолгой”, ”Оюутолгой”-д зөрчил бий. Гэхдээ анхны гаргасан алдааг засах ёстой. Хувь хүний хувьд алхам тутамдаа хяналт тавьж ажилладаг. Монгол төрийн төлөө ажиллана. Ч.Сайханбилэгийн Засгийн газар гэхээсээ Монгол төрийн төлөө ажиллана. Чадахгүй, бүтэхгүй байвал хариуцлагыг хүлээнэ.  

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

-Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Георгий Демитров гэдэг хүнийг шүүж байсан, хилс хэргээр. Өнөөдөр Ч.Сайханбилэгийн шүүх хуралд орж ирээд байгаа юм шиг энэ 6 хүнийг яриад байх шаардлагагүй. Би эх орныхоо төлөө Х.Болорчулуун танаас ч илүү хариулж байна. 1.2 тэрбум төгрөгийг өнөөдөр 3.2 тэрбум төгрөг гэж давуулан яриад байна. Эх орондоо хайртай учраас би тэр шийдвэрийг гаргасан. Хэрвээ 3.2 тэрбум төгрөгийг оруулсан бол өнөөдөр ам.долларын ханш 2000 төгрөгт хүрэхгүй байсан. Би тийм учраас Оюунтолгойн гүний уурхайг үргэлжлүүлсэн. Тийм учраас Х.Болорчулуун, Г.Уянга нар үг, үйлээ нэг болго. Би эх орныхоо төлөө Х.Болорчулуун гишүүнээс асуухгүй. Та нар ард түмэнд таалагдах гэж популизм хийдэг сэдэв чинь энэ.

 

Төсөв хүнд байхад салбараа мэдэхгүй хүнийг оруулжээ

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Ерөнхийлөгч энэ 6 хүн дээр санал нийлэхгүй байна гээд бичиг явуулжээ. Би үүнийг хориг гээд ойлгоод байна. Ерөнхий сайд та үүнд хариу хэлээч. Би оруулаад ирсэн хүмүүсийг харчихаад гайхаад сууж байна. Төсөв хүнд байхад салбараа мэдэхгүй хүнийг оруулжээ. Ажлын дадлага туршлагыг харж болоогүй юм байх даа. Хэтэрлээ, хэтэрлээ гэхэд арай дэндэж байна. Эвслээс О.Баасанхүү, Г.Уянга хоёроос бусад  нь сайд боллоо. Дөрөвдүгээр ээлжнийхэн хоолонд орвол О.Баасанхүү, Г.Уянга хоёроо битгий мартаарай. Саяхан Д.Тэрбишдагва “Ч.Сайханбилэгтэй  хамтарвал эх орныхоо эсрэг хамтарч байна” гэсэн. Ингэж ойлгоод би сайд нарыг дэмжихгүй.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

-Ерөнхийлөгчийн зөвшилцөлд өгсөн саналыг ойлгож байгаа. Энэ саналыг Ерөнхийлөгч анх удаа тавьж байгаа юм биш. Хамгийн олон суудал авсан нам эвсэл нь бусадтайгаа хамтраад Засгийн газраа байгуулдаг. “Давхар дээл”-ийн асуудал 2016 оноос  цэгцрэх байх. Парламентад байгаа 7у гишүүнээ амьдралын их сургуульд суралцаад явж байна гэдэг.  Тийм учраас хэцүү байгаа цаг үед салбараа аваад явчихна гээд л оруулж ирсэн. Бид хэн хэнийгээ сайн муу гэдэг юм бэ? Би гаднаас танихгүй хүн оруулж ирээд нэр дэвшүүлээгүй. Нэг нэгнийгээ гоочлоод хэрэггүй. Энэ байдлаар нь оруулаад хэлэлцээд өгөөч ээ.

 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Huuhen saihanaa kkk
2015-09-09
иргэн:
Заавал УИХ-ын гишүүдийн танидаг хүн сайд болох ёстой гэж үү?? Мэргэжлийн чадварлаг хүнээ оруулж ирж чадахгүй байгаа бол ерөнхий сайд байхын хэрэг алга даа
2015-09-08