31.1 мянган хүнийг цагаатгажээ
2015-09-09

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр маргааш тохионо. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог, нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн нар  мэдээлэл хийлээ. Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны 4 дүгээр сарын сүүлчээс өнөөдрийг хүртэл нийтдээ 31,1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь тогтоогдож, нэр төр нь сэргээгджээ. 1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулиар хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдөд гэх нийт 18036 хүнд 16,2 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөх олговрыг төрөөс олгоод байна. Өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон. Тиймээс хулийн үйлчлэх хугацааг сунгуулах хуулийн төслийг өргөн барьсан байна. Одоогийн байдлаар 3000 гаруй хүний нэр төрийг сэргээх, цагаатгах ажил явагдаж байгаа аж.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр Сонгинохайрхан уулын ард байрлах Хэлмэгдэгсдийн хүндэтгэлийн хөшөөнд цэцэг өргөж, Үндэсний түүхийн музейд гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэх юм байна.

 

Мөн Улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх гэнэ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин