Ази Номхон далайн орнуудын бүсийн IV чуулганыг хариуцна
2015-09-09

Японы нийслэл Токио хотноо Ази Номхон далайн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах 3 дугаар чуулган боллоо.

 

Уг чуулганд бүс нутгийн 40 гаруй орны 500 гаруй төлөөлөгч оролцож Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх  асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, сайн туршлагаа хуваалцсан байна.

 

Монгол Улсаас Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн асуудлын хэлтсийн дарга Т.Батдулам, Италийн АИФО байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Д.Тулгамаа болон Хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн аймаг, дүүргийн зохицуулагч нар, “Тэгш нийгэм холбоо” ТББ-ын гишүүд, Оюуны дархлаа  ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах төвийн төлөөлөл гээд нийтдээ 26 хүн оролцсон аж.

 

Ази Номхон далайн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах 3 дугаар чуулганыг нээж Зохион байгуулах хорооны дарга, ноён Шигерю Сумитани, Ази Номхон далайн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээний хорооны гишүүн, ноён Тулика Дас нар үг хэлж, дараа нь  Японы хун тайж, Японы Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэргээн засах нийгэмлэгийн хүндэт тэргүүн Хитачи мэндчилгээ дэвшүүлжээ.

 

Чуулганы нээлтэд Япон Улсын Эрүүл мэнд, хуулзүй, Халамжийн дэд сайд Кейко Нагаока, ДЭМБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэргээн засалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан захирал , хатагтай Паулина Клейниц, Ази Номхон далайн Хамруулан хөгжүүлэх хорооны тэргүүн, ноён Теж Буннаг  нар оролцож, үг хэлсэн байна.

 

Тэд хэлсэн үгэндээ “Бид тухайн улс орон, бүс нутгаас үл хамааран нэг дор цугларч, өөрийн гэсэн онцгой  аргаар Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг хөгжүүлж байна.  Үүгээр дамжуулж бид тухайн улс орондоо ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулж байгаа.

 

Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөрсдийг нь оролцуулж байж л ядуурлыг бууруулж чадна. Ер нь аливаа үйл ажиллагааг явуулахдаа эхнээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулж, шийдвэр гаргах түвшинд хүртэл оролцуулж байж амжилтад хүрнэ. Бидний хайж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулан хөгжүүлэхэд Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага чухал үүрэг гүйцэтгэх ёстой” гэжээ.

 

Дараа нь Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо /АСЕАН/-ны Нийгэм, соёлын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга,  хатагтай Алиса Бала“Ядуурлыг бууруулах ба хамруулан хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьсан аж. Тэрээр тавьсан илтгэлдээ  Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо /АСЕАН/-нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бодлогын шинж чанартай хэд хэдэн том баримт бичгийг батлан гаргасан.

 

Тухайлбал, Хүний эрх, эрх чөлөөг хангах тунхаг бичиг, Нийгмийн хамгааллыг бэхжүүлж, сайжруулах тунхаг бичиг  гэх мэтийг нэрлэж болно. Удахгүй энэ оны 12 дугаар сард Малайзын Куала Лумпур хотод болох АСЕАН-ны Нийгэм, соёлын хорооны ээлжит хуралдаанаар эдгээр тунхагын хэрэгжилтийг авч хэлэлцэнэ.

 

Бидний хувьд  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг бэхжүүлж, ядуурлыг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, бүх талын үйл ажиллагаанд тэдний оролцоог хангаж, манлайлалыг дээшлүүлж, хүйсийн мэдрэмжтэй байдлыг нэмэгдүүлэн, бизнест хамруулах нөхцлийг бүрдүүлэх зорилт тавьсан.

 

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд гишүүн орнууд улсын төсөвтөө тодорхой  санхүүжилт тавих ёстой.Хамгийн гол нь төрийн болон ТББ-ууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний ар гэрийнхэнийн хамтын ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо чухал”  гэж онцлон тэмдэглэжээ.

 

Чуулган салбар хуралдаанаар үргэлжилж, Монголын төлөөлөгчид “Хөгжлийн бэрхшээл ба насжилт”, “Хөгжлийн бэрхшээл ба хамруулсан мессеж”, “Хөгжлийн бэрхшээлгүй орчин” гэх мэт хэд хэдэн салбар хуралдаанд оролцож мэдээлэл солилцсон байна.

 

Салбар хуралдаанд Ази Номхон далайн 26 орны төлөөлөгчид тухайн улс орондоо хэрэгжиж байгаа Хамт олонд түшиглэсэн сэргээн засах төсөл хөтөлбөрийн тухай танилцуулж, хамруулан хөгжүүлэхэд гарсан ололт амжилт, сайн туршлагаа хуваалцлаа. Монголын төлөөлөгчид өөрийн оронд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй харьцуулан судалж, цаашид хэрэгжүүлэх олон шинэлэг санааг олж авцгаалаа.

 

Чуулганы төгсгөлийн хуралдааны үеэр Ази Номхон далайн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах Гүйцэтгэх хорооны гишүүний сонгуулийн дүнг танилцуулжээ. Монгол Улсаас Гүйцэтгэх хорооны гишүүнээр  Нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн асуудлын хэлтсийн дарга Т.Батдулам улиран сонгогдсон байна.

 

Дараа нь Ази Номхон далайн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах дараагийн 4 дүгээр чуулганыг 2019 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар Гүйцэтгэх хорооноос шийдвэрлэснийг Токиогийн Сүнжүки Кеио Плаза зочид буудалд цугларсан 500 гаруй зочид төлөөлөгчид алга нижигнүүлэн ташиж хүлээн авчээ.

 

Монголын төлөөлөгчид Төрийн далбаагаа өргөн индэрт гарцгааж ёслол төгөлдөр батламжийг хүлээн авч, Ази Номхон далайн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах 3 дугаар чуулганаас гишүүн орнууддаа хандаж Уриалга гаргасанаар чуулганы үйл ажиллагаа өндөрлөсөн байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин