Цэргийн алба хаагчдад хүндэтгэл илэрхийллээ
2015-09-09

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Үүргээ хариуцлагатай, амжилттай гүйцэтгэж, Монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж яваа алба хаагчдад шагнал гардуулж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын талбайд өнөөдөр боллоо.

 

Афганистан улсад явагдаж буй “НАТО”-ийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын I ээлж, Хойд Судан Улсын “Дарфур” мужид үүрэг гүйцэтгэсэн цэргийн хээрийн II шатны эмнэлгийн багийн VI ээлжийн цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардууллаа.

 

Хойд Судан Улсын “Дарфур” мужид үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн штабын дарга хошууч А.Гансүх “Бид Бүгд Найрамдах Судан улсын “Дарфур” мужид үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл 2010 оноос үүрэг гүйцэтгэх хугацаандаа 17 мянга гаруй НҮБ-ын цэргийн алба хаагч болон ажилчин, албан хаагч, орон нутгийн иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байдаг. Харин манай VI ээлжийн хувьд 4600 гаруй хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн. Бидний үүрэг гүйцэтгэсэн муж цагийн байдлын улаан зэрэглэлд байдаг ч орон нутгийн иргэдэд эмчилгээ үзүүлж байснаар иргэн, цэргийн харилцаанд эерэгээр нөлөөлж байлаа. Энэ нь биднээс аюул ослыг зайлуулж байсан гэж ойлгож болно” хэмээн ярьсан.

 

 

Есөн сарын турш хүнд бэрх нөхцөл, аюултай цагийн байдалд 68 энхийг сахиулагчийн бүрэлдэхүүнтэй тус баг үүргээ амжилттай гүйцэтгэжээ. Тэдэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн гавьяаны одон, цэргийн хүндэт медаль, энхийн төлөө медаль болон салбарын шагнал гардуулсан юм.

 

Энхийг сахиулагч цэрэг дайчдын хичээл зүтгэлийг Монгол Улсын төр засаг ямагт өндрөөр үнэлж тухай бүрт нь шагнан урамшуулж, өргөн олны дунд баяр ёслолын байдалтай, гүн хүндэтгэлтэйгээр гардуулан өгч байгаа нь цэрэг дайчдынхаа цаашдын үүрэг даалгавраа амжилттай биелүүлэх, үйл ажиллагаагаа эрч хүчтэй, үр бүтээлтэй явуулах итгэл урам зоригийг хайрлаж байдаг юм гэж ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа хэлсэн үгэндээ онцолж байлаа.

 

 

Мөн БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон 1945 оны чөлөөлөх дайны ялалтын баярын цэргйин ёслолын жагсаалд оролцож, Монгол Улсын Зэвсэгт хүчний нүүр царай, сүр хүч, цог жавхааг олон улсын тавцанд илтгэн харуулж чадсан бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болсон.

 

ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Ялалтын 70 жилийн парадад, БНХАУ-ын нийслэл Бээжингийн төв талбайд 1945 оны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан ёслолын жагсаалд алхсан Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн алба хаагч, ахлах дэслэгч А.Алтангэрэл “Сэтгэгдэл маш өндөр байна. Хоёр их гүрэнд болон ёслолын жагсаалд эх орноо төлөөлөн алхсандаа баяртай байгаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн.

 

Шагнал гардуулж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, АНУ-ын Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Митью Кент нарын албаны хүмүүс, цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн оролцлоо.

 

 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Б.Хүлэг
 

 

 

Shuud.mn
Сонин хачин