Шилэн данстай намууд
2015-09-10

 

Намууд өршөөлийн хууль дээр улс төр хийж “хоригт” уралдан хайр зарлаж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд МАН-ын даргын ивээл доор бусад намууд хуралдаж хадаг солилцжээ. Эндээсээ намууд их бага гэлгүй төсвөөс мөнгөө гаргуулж сонгуульд өрсөлдөх нь шудрага болно гэж санал онолоо нэгтгэсэн байна. Энэ нь удахгүй Их хурлаар хэлэлцэгдэх сураг гараад буй сонгуулийн хуульд чиглэсэн тактикийн мэдэгдэл байх.

 

Эхлээд манайд улс төрийн намууд гэдэг ямар болчихоод байгааг нэг сайн харж ярилцах хэрэгтэй байх.  Намууд өнгөрсөн 25 жилд улс орны хөгжил болоод нийгмийн тусын тулд юу хийв. Төрийн эрх мэдлийг гартаа авсан байх хугацаандаа хөгжлийн ямар хөтөлбөр чиг баримжааг гаргаж түүндээ хүрэх эдийн засаг нийгмийн ямар хөрс суурь бий болгов. Нийгмийн сайн сайхныг хангахад шат дараалсан ямар алхамуудыг хийв. Эрх зүйн ямар шинэтгэлүүдийг хийж Үндсэн хуулийн суурь зарчим болох хүний эрхийг дээдлэх,  эрх тэгш байх, амьд явах баталгааг бий болгоход ямар ахиц дэвшил гаргав. Иргэдийн төр барихад оролцох төлөөллийн үүргээ хэр биелүүлж ирэв. Хэр төлөвшиж чадав. 

 

Улс төрийн намууд гэж ярих боловч парламентад суудал авч төрийн эрх барилцаж явсан голлох хоёр намд дээрх асуултууд тавигдана.

Намуудын өмнөөс эдгээр асуултад хариулахаар гараа өргөх бухимдсан  хүн нийгэмд олон байгаа нь эхний хариулт нь болно. Дараа дараагийн олон асуултад  намуудын үйл ажиллагаа шийдвэрүүдээс сүүлийн гэж болох зарим нэг жишээг хэлж болно.

 

Шийдлийн засгийн газарт гуйлган байж хамтарсан МАН хамгийн их мөнгө эргэлддэг яамдуудыг авахаар улайрч байсан. Араас нь засагт заларч буй МАХН мөн адил. Зам тээврийн яамыг үндсэн цэсэндээ авч Ногоон хөгжлийн яамыг зууш хачирт нь авч байна. Шадар сайд бол бас л сүрхий шахаа хийдэг болохыг түрүү түрүүчийн сайд нарын замнал харуулдаг.   

Шагналын сайдуудаас салж мэргэжлийн сайдуудтай болох тухай яриа байх ч энэ нь мөнгөний хүчин зүйлийн доор шийдэгддэг  сонгуультай, болзолт хандиваар санхүүждэг намуудтай байхад  бүтэшгүй тухай цөхрөлөө үүний түрүүнд өгүүлсэн.

 

Энэ хүрээд товч дүгнэхэд төрийн яам түүний хасбуу тамгыг атгахын төсвийн мөнгийг булаалдан сорох их шүлс савирч байгаа нь ил харагдах боллоо. Өөрөөр өөд нь татаад харья гэсэн сайдын суудлын төлөөх намуудын энэ тэмцэлд төрийн ажлыг хийх гэсэн ямарч  үнэр алга даа.

 

Боловсон хүчний нөөцөөрөө “Монголдоо” гэж хэлэх дуртай МАН шийдлийн засагт хамтрахдаа хоёр ч давхар дээлтэй сайд төрүүлж байсан. Одоо тэс өмнөө болцон давхар дээлтэн байгаа нь таалагдахгүй байна гэж мэдэгдэж байна. Улс төрийн аль ч хүчин нэг үг, тууштай зарчмаа барьж чадахаа байж. Энэ нь манай улс төрийн намууд хөгжлийн үзэл бодлыг уралдуулагч бус ашиг сонирхлоор хувирагч, бизнесийг цэцэглүүлэгч“компани болсны илрэл. Үнэн хэрэгтээ “Төсөв” гэдэг нэг толгой яамыг жижиглэн хуваах намуудын наймаа сайдын томилгоор ил харагдаж цагаандаа гарсан байгаа.

 

Бидний сонгодог парламентийн гишүүдийн 76 гэсэн нь муу тоо бус, үүнд багтах улс төрчид бүгд хувиа бодсондоо бус. Ерөөсөө л ийм л байдлаар төрийн бүтэц өрөгдөх, намууд яамдын сайдуудыг гартаа хийж санхүүжилт босгохоор улайран өрсөлдөх хуулийн өөрчлөлтийг хийгээд өгчихсөн. Үүнийг өөрчлөөгүй цагт аль ч намын үед авилга буурах зурлага харагдахгүй байна. Энэ мэтээр сүүлийн хэдэн жилийн “дэггүйтлээс” нь дурдахад намууд өнөөдөр төрөөс мөнгө авч сонгуульд орох нь чухал болоод байна уу. Намуудын эрх ашигтаа нийцүүлж Үндсэн хуульд гар хүрсэн алдааг засахаас эхлэх ёстой юу гэдэг нь харагдахаар.  

 

 

Сонгууль гэдэг мөнгөтэй бэлтэй, нөлөөтэй нийгмийн хөрөнгөлөг хэсгийн уралдааны талбар болсон. Төрийн эрх барих төлөөлтийг ард түмэн шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалт амь тавиад 4 дэх жилдээ орж байна. Дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн намууд том жижиг гэсэн хоёр баганад бичигдэх болоод удлаа. Том намууд дөрвөн жилийн туршид хөрөнгө босгох, санхүүжүүлэгч нартаа боломж олгох төсөл хөтөлбөрийг бөөнддөг бол жижиг намууд дөрвөн жилд нэг удаа сонгуулиар мөнгө хийдэг нь нууц биш. Наад захын хөгийн жишээг хэлэхэд  хаашдаа гарахгүй тул өөрт оногдсон телевизийн сурталчилгааны цагаа том намын нэр дэвшигчид эчнээгээр зарчихдаг байсан.

 

Парламентийн гадна үлддэг намуудад татаад авчихмаар, төрд байлгамаар эдийн засагчид, судлаач улс төрчид байдаг. Гэхдээ сонгуулийн сурталчилгаандаа төрөөс санхүүжилт авдаг болсноор бусад намын гайгүй хэд нь ялаад гараад ирнэ гэхэд би хувьдаа бодохгүй байна. Сонгуульд мөнгө шийдвэрлэх хүчин зүйл болсныг зөвшөөрч байгаа ч энэ тогтолцооны ард байгаа далд хүчний санхүүгийн чадамж бусад нөлөөг тооцохгүй орхиж болохгүй. Одоо цагт хоцрогдсон сонсогдох ч манай намууд мафийн хэлбэрт бараг орчихоод байна. Бид даруухнаар фракц бүлэглэл гэж нэрлээд байгаа юм. Төрийн бодлого шийдвэрт гэнэт нөлөөлж чадаж, гишүүдээр хүссэн хуулиа батлуулж, татвар болоод бусад асуудлаа хуулиар өршөөлгөж байгаа зэрэг хэсэг бүлгийн бизнесийн эрх ашигт үйлчилсэн шинжтэй энэ бүх алхамыг намуудаар дамжуулан  хийж байна.

 

Нийгмийн хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэх арга замыг бодлого болгон тусгаж түүнд хүрэх амлалтаар сонгуульд оролцдог намууд  манай орчинд юу болчихоод хэний хэрэгцээ шаардлагад үйлчилдэг болчихоод байгааг бид эргэн нэг харж, үнэлэлт дүгнэлтээ нэгтгэх хэрэгтэй байх.

Улс төрийн нам гэдэг шинэ бодлого, оновчтой шийдэл, хөгжлийн хөтөлбөр боловсруулдаг байх ёстой л гэдэг. Эндээс боловсролтой мэдлэг чадвар ёс зүйтэй  нэр хүндтэй, нэр гар цэвэр, сайн түүх намтартай, лидерүүд тодорч тэд  улс орноо хөгжил дэвшилд хөтлөх ёстой. Гэвч намууд одоогийнхоороо  хандив нэртэй дөнгөнд толгойгоо тавьчихсан биенээсээ том сүүдэртэй байгаа цагт сонгодог утгаараа төлөвших тухай ярих нь дэндүү хол сонсогдоно.

 

Аль дээр цагт Үндсэн хуульд  өөрчлөлт оруулж эхэлснээр  хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл тус тусдаа байж, бие биенийгээ хянадаг байх зарчим алдагдсан. Эндээс жинхэнэ ардчилал төлөвших үйл явц зогссон. Одоо бид тэр зогссон газраа л гацчихсан байгаагаа хүлээн зөвшөөрмөөр юм.

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг залруулах хүрээнд л асуудлыг харж Улс төрийн намуудын санхүүгийн ил тод байдлын тухай тухай хуультай болж үүндээ уялдуулан  сонгуулийн тухай хуулийг шинэчлэх нь биднийг олон талт хямралаас гаргах эхлэл болж магад.

Намууд хандив хөрөнгө нь ил харагддаг шилэн данстай болох дээр нэгдэж дуугараад хуулиа шинэчилж  чадвал ирэх сонгуулийн агаар арай цэвэр болж ирнэ гэж найдах байна.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

 

 

Shuud.mn
Сонин хачин
Эхлээд хотоо сийрэгжүүлчихвэл түгжрэл буурах эхний алхам
2020-10-10