Чацарганы баяр болов
2015-09-14

 

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Хаан жимс” чацарганы баяр хүмүүсийн хүсэн хүлээдэг, догдлон очдог баяр болжээ. Хатан туулын хөвөөнд байрлах чацарганы төгөлд болдог “Хаан жимс” чацарганы баярт оролцохоор “Цонжин болдог”-ын зүг хүлгийн жолоо заллаа. Зургаа дахь жилдээ зохион байгууллагдаж буй энэхүү баярт оролцогсодын цуваа тасрахгүй хөвөрсөөр “Хаан жимс” жуулчны баазад хүргэв. Зогсоол дүүрэн авто машин, чацаргана жимсний өнгөтэй хувцасаар гоёсон оролцогсод, хаалганы тууз, өнгийн шаар зэрэг нь тэнд баяр болж буйг илтгэх мэт.

 

4 га талбайд тарьсан чацарганы модон дотор төөрөөд байх зүйл алга. Хашааны дагуу явган хүний зам мэт зурвас газар үлдээсэн нь биднийг шууд газарчилж, нээлтийн ёслол болох тайзны дэргэд аваачив. Энд бүх зүйл нь эмх цэгцтэй, байгалийн сайхныг ухааны уртай урлаж, тус баазыг байгуулж, дэргэд нь чацарганы төгөлөө тарьсныг хараад энд ёстой л хөдөлмөрч хамт олон ажилладаг юм байна даа гэх бодол өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун.

 

 

Чацарганы баярт оролцохоор ирсэн хүмүүс хэдийнэ амтат чацарганаа түүж, амлаг сайхныг нь ам уралдан ярьцгааж байна. Энэ сорь нь час хийсэн амттай юм, тэр сорт нь том чихэрлэг юм, энэ жижиг улаан чинь ёстой адтай амттай юм, арааны шүлс шууд л асгаруулж байна гэцгээх аж.

 

“Хаан жимс”-ний баярын өдөр тогтуухан, ёстой л намрын нар налайсан өдөр байлаа. Чацарганы баярт найман настай балчираас 80 настай буурлууд оролцохоор ирсэн байна. Чацарганын өнгөт шаараар чимэглэж, тусгайлан бэлтгэн зассан тайзны дэргэд “Хаан хуур” хамтлагийн бяцхан хөгжимчид нээлтийн ажиллагааг хийхээр аль хэдий суудлаа эзэлжээ. Төд удалгүй морин хуурын эгшигэн дунд, нижгэнэсэн алаг ташилтаар баярын үйл ажиллагаа эхэллээ.

 

 

“Алтан намар”, “Намраа дуулъя” гэх ард түмний хайртай дууг СТА дуучин Т.Наранхүү дуулж, баярт оролцогсод, “Хаан жимс”-ний хамт олны сонорыг мялаав. Түүнчлэн “Пароди” хамтлагийн жүжигчин Ж.Булган-Эрдэнэ оюутны 70 мянган төгрөгийн талаар хошин шүлэг, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайханыг дууриан дуулж хурсан олон зочдыг хөгжөөсөн нь баярыг улам бүр сонирхолтой болгож байлаа.

 

Уг баярт жил бүр хүрэлцэн ирдэг байнгын оролцогсод тэнд ёстой л олны анхаарлыг татаж байсан юм. Учир нь чацаргана жимсний өнгөтэй ижил өнгийн хувцасаар гоёж, гоёл чимэглэл, гарын хумсаа хүртэл чацаргана жимсний өнгөтэй ижил өнгөөр будсан нь энэхүү баяр үнэхээр өргөн цар хүрээтэй, хүн бүрийн хүсэн хүлээдэг баяр болсныг тодотгож байлаа.

 

Мөн олон янзын жимсний хувцастай бяцхан оролцогчид хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийн хайрыг татна. Баярт хүрэлцэн ирсэн хүмүүсийн дунд олон төрлийн сонирхолтой уралдаан тэмцээн өрнөж, тэмцээний ялагч, оролцогч нар ургацын дээжээр шагнуулав.

 

Түүнчлэн баярт хүрэлцэн ирсэн олонд чацаргана жимснээс түүж авах боломжийг нээлттэй олгодог нь байгаль эхийн хайр хишгийг хүн бүрт хүргэх гэсэн “Хаан жимс”-ний хамт олны баярын сюрприз гэнэ. Жил бүр уламжлал болгон зохиогддог уг баярт энэ жил 700 орчим хүн оролцсон нь энэхүү баяр улам бүр хүрээгээ тэлснийг харуулна.

 

Ургац хураалтдаа шинэ техник нэвтрүүлжээ

 

 

 

Энэ жил тус компанийнхан 14 хоног хойшилж ургацаа тариалсан ч ургац арвин авах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг "Хаан жимс" компанийн захирал Д.Гэрэлхүү онцолж байлаа. Үргэлж бидний баяраас хуваалцаж, жил бүрийн энэ өдөр сэтгэлдээ яарсаар хүрэлцэн ирдэг анд найзуудтайгаа зургаа дахь жилдээ баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байгаагаа ч Д.Гэрэлхүү захирал энэ үеэр илэрхийлсэн.

 

Бүх жимсний хаан гэж яагаад чацаргана жимсийг онцолдог талаар ирсэн зочдод танилцуулж, цаг уур ямар байгаагаас үл хамаарч үр шимээ өгч байдаг энэ жимсний нэрээр компаниа нэрлэж, есөн жилийн амьдралаа чацаргана жимстэй холбосондоо баяртай явдаг гэдгээ ч тэрбээр онцолж байлаа. Мөн тэрбээр, “Чацарганы нэг насыг 4-5 жилээр үржүүлэхэд хүний настай адилхан байдаг. Бид ийм сайн ургац авахын тулд тасралтгүй таван жилийн хугацаанд хүлээдэг. Маш их тэвчээр шаарддаг. Сайн усалж, сайн арчилж чадвал сайн сортын жимсээ өгнө. Энэ үнэхээр сайхан ажил байдаг. Монгол оронд ургаж чаддаг жимс. Чадаргана жимс жилийн дөрвөн улиралтай оронд ургаж чаддаг байгаль экологийн хувьд шалгарсан гайхамшигтай жимс. Хүн бүхэн чацарганы мод тариалж, хүүхэд бүхэн түүний ач холбогдлыг мэддэг байгаасай. Жилийн жилд бид бүхний баярт оролццог та бүхэндээ баярладаг шүү. Аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” хэмээлээ.

 

“Хаан жимс” компанийн агрономич Б.Ганбат

 

Тус компани Туул голын эргээс гадна Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Увс аймгийн Улаангом хотод нэлээд том талбайд чацаргана тариалдаг аж. Харин энэ жил цаг агаарын нөхдөл байдал амаргүй байснаас Зүүнбүрэн суманд буй талбайгаас бага зэрэг ургац алдсан гэдгийг “Хаан жимс” компанийн агрономич Б.Ганбат хэлж байсан юм. Хаан жимс амралтын газрын дөрвөн га талбайгаас жил бүхэн 12 тонн жимс хураадаг бөгөөд өнөө жил ч энэ хэмжээнд ургацаа авна гэсэн хүлээлттэй байгаа аж. Чацарганы нэг мод 15 жилийн настай бөгөөд эхний гурван жилд хэр арчилж чадсанаас ирэх жилүүдэд ургац хэр өгөх вэ гэдэг нь шалтгаалдаг аж.

 

Элизабет, Алтайский зэрэг тослог сайтай, хальс зузаан, хэмжээ томтой байгалийн зэрлэг чацарганаас илүү их тос, үр шим өгдөг долоон сортыг тус компани тариалдаг юм байна. Ер нь ганд тэсвэртэй сорт гэж байдаггүй гэдгийг Б.Ганбат агрономич хэлж байлаа. Энэ жил “Хаан жимс” компани чацаргана хураадаг шинэ техникийг Финланд улсаас оруулж ирж ажилчдынхаа хөдөлмөрийг хөнгөвчлөх том шинэчлэл хийсэн юм байна. Чацарганы суулгац авахыг хүссэн бүх хүмүүст тус компани мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхөөс гадна суулгацаар хангадаг ажээ.

Shuud.mn
Сонин хачин