Х.Тэмүүжин: Парламентыг 76 хүнээр хэмжихгүй ээ
2015-09-15

-Парламентыг мэргэшсэн болгодог арын дэд бүтцээ бид одоо ярих ёстой-

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсны 25 жилийн ойтой холбогдуулан Eagle телевизэд ярилцлага өгснийг нийтэлж байна.

 

-Байнгын ажиллагаатай, ардчилсан парламент бий болоод 25 жил ажиллачихлаа. Энэ хугацаанд Монголын парламент хэр амжилттай ажиллав, та юу гэж бодож байна?

 

-1992 Үндсэн хуулиар байгуулагдсан парламентын засаглал маань хагас парламентын засаглал гэж үнэлэгддэг. Ерөнхийлөгч нь парламентын гаднаас сонгогддог, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зарим чиг үүргүүдийг булаацалдсан эрх мэдэлтэй учраас хагас парламентын, хагас ерөнхийлөгчийн маягтай Үндсэн хуулийн зохион байгуулалтаар бид 25 жил явж байна. Би өөрөө Үндсэн хуулийн чиглэлээр судалгаа хийдэг, институцуудийн эрх мэдэл хуваарилалтын зармуудыг анзаарч хардаг хүний хувьд хэлэхэд мэдээж учир дутагдалтай зүйл бий. Гэхдээ парламентын засаглалыг сонгосон ерөнхий хандлагаараа бол зөв л явж байгаа. Бидэнд өөрсдөд маань олсон ололт, эерэг зөв хандлагуудаа тэр болгон олж харж, магтахгүй юм гэхэд үнэлж дүгнэдэг чадавхи жаахан сул байна. Байнга сөрөг талаа олж харж шүүмжилдэг, хов жив ярьж байгаа юм шиг үндэслэл багатай хардалтуудаар түүнийгээ баяжуулдаг учраас сөрөг тал нь илүү харагдаж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ 25 жилийн хугацаанд парламентын засаглал Монгол Улсын тусгаар, бие даасан байх, гаднын нөлөөнд бага орж, асуудлаа дотооддоо зөвшилцлийн арга замаар шийдэх, олон нийтийн санаа бодлыг шийдвэр гаргалтад тусгах гэх мэтчилэн олон шинж чанаруудаас нь харахад харьцангуй гайгүй, дэвшилттэй замаар явж ирлээ.

 

-Хагас парламентын, хагас ерөнхийлөгчийн засаглалтай гэлээ. Тэгвэл цаашдаа бид сонгодог парламентын засаглал руу явах юм уу, эсвэл зарим хүмүүсийн яриад байгаа шиг ерөнхийлөгчийн засаглал руу явчих нь юу?

 

-Миний хувийн үзэл бодол гэвэл бид аль болохоор парламентын засаглалаа сайжруулах, төгөлдөржүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг нь байх ёстой сав саванд нь оруулах ёстой. Одоо бол холилдчихсон байгаа шүү дээ.

 

-Манайх Английн парламентын загварыг авсан гэж би ойлгоод байгаа. Энэ зөв үү?

 

-Аль ч загварыг авсан гэж хэлэхэд жаахан зовлонтой, ний нуугүй хэлэхэд. Парламентын ажиллаж байгаа процедур, чиг үүргүүд болон соёлыг нь анзаараад байхад Германы маягийн парламент бол Байнгын хороон дээрээ эрх мэдэл илүү төвлөрсөн, мэргэшсэн, ажил хэрэгч байдаг. Англи маягийн парламент болохоор чуулганы нэгдсэн хуралдаан дээрээ хэлэлцүүлэг, маргаан ихтэй, тэр нь шоу маяг руугаа орчих гээд байдаг. Үүнээс манайд аль нь илүү давамгайлж байна гэдгийг харчих хэрэгтэй л дээ. Үнэхээр мэргэжлийн байнгын хороодтай, тэндээ мэргэжлийнхээ юмыг ярьсан шиг ярьдаг, асуудлаа тавьсан шиг тавиад, шийдсэн шиг шийддэг ийм парламентын тухай ярих уу? Эсвэл зүгээр 76 хүн нэгдсэн хуралдаан дээрээ, телевизийн камерийн өмнө хэн нь илүү од болох вэ гэж уралддаг, асуудлаа ярихаас илүү хувийн пиар, өөрийн эерэг дүр төрхийг олон нийт рүү гаргах, магтан дуулуулах гэж оролддог хоосон “ярьдаг” парламент байх уу? Нэг нь ажил хийдэг, нөгөө нь ярьдаг парламентын тухай л юм шүү дээ. Алинаар нь явах вэ гэдэг маргаан одоо хүртэл явсаар л байгаа.

 

Хоёрдугаарт: парламент гэдэг бол олонхи, цөөнх. Нэг нь шийдвэрээ гаргаж, нөгөө нь хяналтаа тавьж, алдааг сануулдаг, залруулдаг. Энэ механизм манайд байна уу үгүй юу. Гурав дахь нь: парламент бол төлөөллийн, хууль тогтоох, бас хяналтын байгууллага. Энэ гурван чиг үүрэг чанарынхаа хувьд Монголын парламентад байна уу, үгүй гэдгийг бас ажиглаж харах, үнэлж цэгнэх цаг нь болсон. Ардчиллын чанар гэдэг шиг.

 

-Тэгвэл энэ гурван чиг үүргээс алийг нь манайх арай илүү хэрэгжүүлж чадаж байна?

 

-Хууль тогтоох чиг үүргээ бол УИХ зарим хуулийг хуулаад, заримыг нь зохиогоод, заримыг нь судалж санаачлаад хэрэгжүүлж байна. Хууль тогтоох үйл явц нь бусад хоёр чиг үүрэгтэйгээ харьцуулахад харьцангуй боломжийн. Сая УИХ Хууль тогтоомжийн тухай хуулийг баталлаа. Хууль тогтоохын тулд хэрэгцээ шаардлагаа яаж судлах вэ, боловсруулалтаа яаж хийж, эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүлэг болон сонирхож байгаа мэдээлэлтэй иргэдтэй яаж холбогдох вэ, судлаачид буюу илүү сайн мэдлэг, туршлагатай хэсгээ яаж оролцуулах, ардчиллын, зөвшилцлийн механизмуудыг хэрхэн хийх вэ, хуулийг яаж бичих, гарсан хуулиа яаж үнэлж дүгнэх вэ гэх мэт маш олон процессийг хуульчилчихлаа. Хууль тогтоох үйл явц өмнөхөөсөө ч илүү сайжрах хандлага гарчихлаа. Тэгэхээр бидэнд одоо ямар асуудал тулгарч байна гэхээр Монголын парламент хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж чаддаг уу? Ний нуугүй хэлэхэд Монголын парламент Үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээгээ зохистой, нийтийн ашиг сонирхлын хүрээнд хэрэгжүүлж, хяналт тавьж чадахгүй байгаа. Харин хувь гишүүд хувийн амбицаараа, өширхсөн үедээ Засгийн газрыг, сайд нарыг, агентлагуудыг гартаа оруулах замаар нөлөөлж чадаж байна. Энэ бол хяналт биш, шантааж. Сайдыг өргөн барина гээд гүйгээд байгаа нөхдүүд шударга ёсны төлөө үүнийг хийгээд байна уу, эсвэл өөрийнх нь гуйсан ажил, тендер, албан тушаалд тавиад өгөөч гэсэн хүслийг нь биелүүлээгүйн төлөө өшөө аваад байна уу гэдгийг судлаад үзэх хэрэгтэй.

 

Би жишээ нь парламентын хяналтын чиглэлээр 2004-2006 онд хийсэн судалгаанууддаа анализ хийж үзлээ. УИХ-аас гаргасан хяналтын ажлын хэсгүүдийн хэдэн хувь нь ажлаа хийсэн, хэд нь хийгээгүй, хэд нь дүгнэлтээ гаргасан, хэд нь шийдвэр дүгнэлт гаргаагүй, санаа зовох юм юу байсан бэ гээд судлаад үзэхээр их өрөвдөлтэй бөгөөд атгаг үйл явцыг илэрхийлсэн дүгнэлт гарсан байдаг юм.

 

-Хэдэн хувь нь ажлаа хийсэн, эсвэл хийгээгүй вэ гэдгийг одоо та хэлж чадах уу?

 

-Статистикийг нь хувилаад хэлж болно. Гишүүд яам, агетлаг, сайдыг шалгая гэдэг санаачлага гаргачихаад ажлыг хэсэг байгуулсан нь 50 хувь, байгуулаагүй нь 50 хувь. Яагаад гэхээр санаачлага гаргангууд нөгөө сайд, агентлагийн дарга нь нөгөө гишүүнтэй уулзаад шаардаад байгаа зүйлийг нь биелүүлчихээр зогсчихож байгаа юм. Ажлыг хэсэг байгуулаад ажилласан нь 50 хувь, ажиллаагүй нь 50 хувь. Дахиад л нөгөө процесс нь явж байна гэсэн үг байхгүй юу. Ажиллаад ямар нэг үнэлэлт дүгнэлт гаргасан нь 40 хувь, гаргаагүй нь 60 хувь. Үнэлэлт дүгнэлт нь анх байгуулсан ажлын хэсгийн зорилттой нийцэж гарсан уу гэвэл бас эргэлзээтэй. Дүр эсгэсэн хяналт, ард нь өөр зорилго байсан гэж харагдахуйц. Энэ судалгаа юуг илэрхийлж байна гэхээр “парламентын хяналт” гэдгийг бид хоосон ярих ёсгүй юм байна. Хэн, ямар санаачилгаар, яаж хийх вэ гэдгийг нарийвчилж хуульчлах ёстой юм байна. Бусад улс орнуудад тийм байна. Парламентын хяналтыг хэрэгжүүлэх гэж байгаа бол гишүүд санаачилга гаргаж болно, гэхдээ хэрэгжүүлэгч нь бие даасан мэргэжлийн агентлаг байна шүү. Аудит, ХЭҮК, омбуцмен гэдэг ч юм уу. Энэ байгууллагууд хөндлөнгийн, бие даасан байдлаар хянаад, үр дүнг нь парламент руу оруулж ирдэг, түүнийг нь парламентын гишүүд дэнслэх замаар хуралдаанаараа хяналтаа тавина. Түүнээс биш парламентын гишүүн өөрөө яам, агентлаг руу үсэрч очоод, бичиг цаасыг нь ухаад, шантаажлаад байж болохгүй гэдэг зарчим үйлчилдэг.

 

-УИХ-д “Засгийн газрын цаг” гэж бий. Энэ бас л гүйцэтгэх засаглалыг хянаж байгаа нэг хэлбэр байх. Манайд хараад байхад сайд өөрөө гишүүдийн асуултад хариулахгүй, тамгын газрын дарга нь ч юм уу, өөр хэн нэг нь хариулаад байдаг. Английн парламентад болохоор Ерөнхий сайд нь бүх асуултад хариулаад байх шиг харагддаг...?

 

-Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэцээс “Хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцна гэдэг хуулийн заалттай учраас сайдуудыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүд тавих нь Үндсэн хуулийн бус” гээд зарлачихлаа. Яг Үндсэн хуулинд тийм зохицуулалт бий юу үгүй гэдэг бас маргаантай. Гэхдээ Цэцийн дүгнэлт тэгээд гарчихлаа. Энэ нь ямар үр дагавартай вэ гэхээр УИХ өөрийнхөө хариуцлага тооцож чаддаг хүнтэйгээ л ярина, доогуур нь өөр албан тушаалтанг Засгийн газрыг төлөөлүүлж сонсох шаардлагагүй гэдэг байдал руу түлхэнэ. Өмнө нь сайд, нэг бол Ерөнхий сайд гэдэг байсан бол одоо барууны сонгодог парламентын загваруудтай адилхан “Сайд хэрэггүй, Ерөнхий сайд бүх салбарынхаа асуудлыг УИХ дээр ярь” гэдэг рүү л очих хэмжээнд нөхцөл байдал шахаж байна.

 

Парламентын хяналтын хамгийн чухал нэг хэсэг бол парламент өөрөө хэнтэй харьцдаг вэ, тэр хүн парламентыг дуудахад ирэхгүй, эсвэл худал мэдүүлбэл хариуцлага хүлээдэг тогтолцоо нь байх ёстой. Хоёрдугаарт УИХ-ын гишүүн асуугаад сайд, гишүүн хоёрын мэтгэлцээн яваад байдаг. Гэтэл үнэндээ зарим тохиолдолд УИХ-ын гишүүнд байгаа мэдээлэл, хувийн туршлага, харж байгаа өнцөг нь сайдын туршлага, мэдээллээс хавьгүй доогуур байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн олон нийтэээс сонгогддог учраас тэр хүний мэдлэг туршлагаас илүү олон нийтэд таалагдах байдал чухал. Харин томилогдож байгаа сайдын хувьд ийм шалгуур байж болохгүй. Салбараа бүрэн мэддэг, бодлоготой, мэдээлэл сайтай мэргэжилтэн байх ёстой. Тэгэхээр мэргэжилтэн, гишүүн хоёрын дунд зөрөө үүснэ. Энэ бол аль ч парламентад тохиолддог зүйл. Ийм мэдлэгтэй, туршлагатай хүнийг хянахад парламент ямар чадвартай байх ёстой вэ? Улс төрөөс ангид, бие даасан бөгөөд мэргэжлийн түвшинд хянаж туслах бүтэц хэрэгтэй. Аудит, ХЭҮК, статистик гэхчилэн мэргэшсэн байгууллагууд нь илүү обьектив бодитой мэдээллийг парламентын улс төрөөс ангид байдлаар мэргэжлийн түвшинд оруулж ирээд хууль тогтоочгдод өгдөг, хууль тогтоогч тэрийг нь аваад нөгөө сонгогчид буюу төлөөллийнхөө нэрийн өмнөөс Засгийн газрыг дуудаад “Надад хөндлөнгийн аудит, мэргэжлийн байгууллагаас гаргаж өгсөн ийм тоо баримт байна. Таны тайлан, парламентад ирүүлсэн мэдээлэлтэй ингэж зөрж байна, яагаад? Та ажлаа хийж чадаж байна уу, худлаа ярьж байна уу? Үүн дээр чинь би хариуцлага тооцох уу, үгүй юу?” гэж ярих ёстой. Тийм мэргэжлийн байгууллагуудын гаргасан тоо баримт, дүгнэлтгүйгээр цээжнийхээ пангаар Засгийн газрыг хянаж чадахгүй. Засгийн газар бол маш сайн бүтэцтэй, зохион байгуулалттай, боловсон хүчинтэй, мэдээлэлтэй, олон жилийн туршлагатай бүтэц. Тиймээс хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд парламентад өөрт нь юу байдаг вэ гэдгийг судалж, сайжруулах хэрэгтэй болж байна. Ний нуугүй хэлэхэд УИХ-ын гишүүд Засгийн гзартай харьцах харьцаагаа л анхаараад байгаагаас биш өөрт нь тусалдаг аудит, ХЭҮК, АТГ гэх мэтчилэн байгууллагуудынхаа туслалцааг яаж авч байна, тэдгээрээр дамжуулаад Засгийн газрыг яаж хянах юм гэдэг механизм, суваг бидний хувьд шинэ байна, хангалттай сайн туршлага алга. Гэтэл тэднийгээ парламентаасаа гадуур байгуулчихсан учраас парламент руу мэдээлэл оруулж ирэхээс илүү “бие даасан байгууллага” гээд Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилалтаас ангид тэнгэрийн амьтад болж хувирах гэж байна шүү дээ. Парламентын хяналтыг хэрэгжүүлдэггүй, парламентаас үүсгэлтэй бие даасан байгууллагууд бас бий, жишээлбэл Үндсэн хуулийн Цэц, Сонгуулийн ерөнхий хороо. Үүнийг ялгаж салгах нь чухал.

 

-Манай парламентын дэргэд судалгаа хийдэг, бодлогын зөвлөмж гаргадаг баг байна уу?          

 

-Бодлого төлөвлөх, боловсруулах баг парламентын дэргэд байх ёсгүй. Бодлого Засгийн газарт байх ёстой. Засгийн газар энэ улс орныг чиглүүлж, удирдаж авч явдаг. Харин тэр бодлогоо парламентаараа хүлээн зөвшөөрүүлэх л асуудал байгаа. Хэрвээ парламент түүнийг нь дэмжихгүй гэвэл Засгийн газарт итгэл үзүүлэх асуудал яригдана. Энэ бол дүрэм. Харин парламентад юу байх ёстой вэ гэвэл Засгийн газрын нууж байгаа, эсвэл анхаарахгүй байгаа мэдээллийг олж авч чаддаг, боловсруулалт хийдэг бүтэц байх ёстой. Сонгодог парламентын засаглалтай улс орнуудыг хараад байхад парламентын дэргэд маш сайн номын сан, судалгааны институтүүд байна. Тэр бол бодлого тодорхойлох улс төр биш. Парламентын гишүүд Засгийн газрын бодлого зөв үү, буруу юу гэдэгт хяналт тавихад, үнэлэлт дүгнэлт өгөхөд шаардлагатай мэдээллийг авчирч өгдөг л бүтэц. Хэрвээ УИХ-ын гишүүд өөрсдөө бодлого тодорхойлох гээд уралдчих юм бол тэр улс орон хөл толгойгоо алдана. Засгийн газар бодлого тодорхойлно, бодлоготой хүн Засгийн газарт ажиллана. Харин парламентад илүү ноён нуруутай, асуудлын алсыг хардаг, ард түмний өмнөөс хяналт тавьдаг, алдаатай бодлогыг хараад түүнийг засах үүргийг Засгийн газарт өгөх чадвартай, цараа томтой улстөрчид суух ёстой. Чиг үүргийн хувьд өөр. Засгийн газарт жинхэнэ менежерүүд, ажил хийгчид байна. Парламентад бол ам, чих хоёр нь байдгаараа ажилладаг хэсэг нь сууна. Аль ч улсын парламент дотор улс төр байдаг. Тэнд популизм ч байна, ухаалаг алсын хараа ч байна, аль аль нь холилдоод л явж байдаг. Харин Засгийн газарт л популизм байж болохгүй. Тэгвэл улс орон дампуурна.

 

-Өнөөдрийн нөхцөлд манайд дандаа л эвслийн Засгийн газрууд байгуулагдаж байна. Ерөнхий сайд нь сайд нараа томилохдоо дандаа эвсч байгаа намынхаа амыг хардаг, түүнээс болоод томилогдсон сайд нартаа хариуцлага хүлээлгэх боломж нь хязгаарлагдаад байх шиг. Хариуцлага хүлээлгэх гэвэл эргээд өөрөө хариуцлага хүлээх болчих гээд...?

 

-Үндсэн хуулин дахь зохицуулалтын дутуу байдлаас олон муу үр дагавар гарч байна. Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг уу, кабинет гэдэг юу вэ гэдэг ойлголт зарим нэгэнд төлөвшөөгүй, зарим нэгэнд нь ойлгомжгүй байна шүү дээ. 1992-2004 онд МонголУлс кабинетийн зарчмыг Засгийн газрынхаа хуулинд хуульчилсан байсан. Ерөнхий сайд нэмэх нь салбар хариуцсан сайд гарын үсэг зурахад Засгийн газрын шийдвэр гардаг байсан. Кабинет гэдэг тэр. Ерөнхий сайд дангаараа Засгийн газрынхаа тал, 50 хувийг төлөөлдөг, салбар хариуцсан нэг сайдын гарын үсэг авахад тэр шийдвэр Засгийн газрыг бүрэн төлөөлдөг. Гэтэл 2004 онд анхны том эвслийн Засгийн газар байгуулагдахад “Намууд харилцан зөвшилцөж шийдвэр гаргана” гээд хоёр Ерөнхий сайдтай юм шиг нөхцөл байдал руу орчихсон. Тэр үеэс Засгийн газрын тухай хуульд “Засгийн газар олонхиороо шийдвэр гаргана” гэдэг зарчим орсон. Яг нэг жижиг парламент шиг. Энэ бол социализмын үеийн сайд нарын зөвлөл. Кабинетийн биш, зөвлөлийн систем рүү шилжсэн гэсэн үг. Олонхиороо шийдвэр гаргаад эхлэхээр Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа гишүүд дотор нэг л хүн болчихож байгаа юм. 17 гишүүнтэй байлаа гэхэд 17-гийн нэг. Салбарынхаа сайдыг оруулаад ч үлдсэн 15 сайд нь дэмжээгүй бол Засгийн газрын шийдвэр Ерөнхий сайдын эсрэг гарна. Энэ бол зөвлөлийн систем, кабинет биш. Кабинетийн системд Ерөнхий сайд дангаараа 50 хувийн эрх мэдэлтэй байдаг. Дээр нь Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилж мэдэхгүй. Фракци, бүлэглэлүүд, намууд төлөөний хүмүүсээ авчираад суулгачихсан. Тэгэхээр Ерөнхий сайд яг парламент дотор байдаг шиг улс төр, фракц, бүлгийн системийг чирээд явж байна. Засгийн газар чинь өөрөө улс орныг чирч авч явдаг толгой нь байх ёстой. Гэтэл Засгийн газарт энд тэндхийн төлөөний “харх”-ууд ороод ирэхээр Ерөнхий сайд нь ч, Засгийн газрын гишүүд нь ч нэг бодлогын тухай ярих биш жижигрүүлсэн бүлэг фракц, жижиг парламент болоод Ерөнхий сайд нь УИХ-ын “бага дарга” шиг болчихоод байна. Энэ бол том эмгэнэл. Тэгэхээр бид гүйцэтгэх засаглал, парламент хоёрынхоо ялгаа зааг, удирдлага, чиг үүрэг, эрх хэмжээ, байх ёстой соёлуудын тухай сайн ярилцахгүй бол ний нуугүй хэлэхэд Монгол Улс их, бага хоёр хуралтай болчихлоо.

 

-Хууль тогтоох үйл ажиллагаан дахь сонирхлын зөрчлийг хуульчлаагүй учраас тухайн үед эрх барьж байгаа эвсэл өөртөө зориулаад Засгийн газрын тухай хуулийг ч өөрчлөөд явдаг, сонгуулийн хуулиа ч бас өөртөө ашигтай байдлаар хийдэг гэсэн үг үү?

 

-Дахиад л Үндсэн хуулиас эхтэй. Үндсэн хуульд тодорхой хуульчилж хийж өгөөгүйгээс энэ бүх маргаан үүсдэг. Тухайлбал, бусад улс оронд төсөв боловсруулж оруулж ирэх эрх зөвхөн Засгийн газарт байдаг. Засгийн газрын оруулж ирсэн төсөв дээр мөнгө нэмэх эрх парламентад байдаггүй. Парламент зөвхөн Засгийн газрын оруулж ирсэн төсвийг хянана, танаж болно. Ард түмний төлөөллийн байгууллага мөртлөө татвар нэмж сонгогчдынхоо эсрэг санаачлага гаргаж болохгүй гэдэг л зарчим байхгүй юу. Гэтэл манайх төсөв ороод ирэнгүүт нь бүгдийг нь задлаад, би ч ингэмээр байна, ийм амлалт өгсөн гээд өөрөө төсөв захиран зарцуулагч болж хувираад мөнгө дутангуут нь “тийм татварыг ингэж нэммээр байна” гээд нөгөө сонгогчдынхоо халаас руу гар дүрээд эхэлдэг. Тэгэхээр нөгөө хууль тогтоогч маань ард түмний төлөөлөгч биш, гүйцэтгэгч болоод хувирчихаж байна. Энэ нэг ялгаа.

 

Хоёрдугаарт Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт, өөрөөр хэлбэл захиргааны нөөцийг тодорхойлох эрх зөвхөн Засгийн газарт байдаг. Гэтэл парламентын гишүүд “бий ийм байгууллага байгуулмаар байна, ийм орон тоо нэммээр байна” гээд яриад эхлэхээр дахиад парламентын төлөөллийн мөн чанар алга болж байна. Дахиад гүйцэтгэгч болоод, сонгогчиддоо ачаа үүрүүлээд эхэлж байна шүү дээ. Сонгуулиар ярьдаг зүйл, амьдрал дээр хийдэг ажил хоёр зөрөөд эхлэх юм бол парламент байхын утга учиргүй болно. Тиймээс парламент өөрийнхөө эрх мэдлийг хазаарлаж чаддаг байх ёстой. Би юу санаачлах, юу хийх эрхтэй вэ, ард түмэн надад ямар мандат өгсөн бэ гэдгийг парламент өөрөө хардаг байх ёстой. Засгийн газрын эрх мэдлийг парламент булааж авч болохгүй, парламентын эрх мэдлийг Засгийн газар булааж болохгүй. Энэ хил хязгаарыг хийх ёстой. УИХ-ын гишүүд “нийтийн ашиг сонирхол” гэдэг зүйлийг харж хууль санаачлах ёстой. Өөрийнхөө эрх ашгийг бодоод л эхлэвэл хууль тогтооход сонирхлын зөрчил үүснэ. Гуравдугаар хяналтын асуудал дээр сонирхлын зөрчил үүсдэг. Чуулганы хуралдаан дээр камер харж байгаад ширээ шаадаг, сайдыг огцруулна гээд өргөх бичиг бариад гүйдэг нөхөр сайдын арын өрөөнд тендер гуйгаад сууж байна гэдэг парламентын хяналт ерөөсөө биш. Энэ бол парламентын гишүүний нэр сүрээр тонон дээрэмдэх үйл ажиллагаа явуулж байгаа хэрэг. Тийм учраас бусад улсад хувь гишүүн Засгийн газрын байгууллагаар орж, хэн нэгэнтэй уулзаж юм шаардах, нэхэхийг хориглосон байдаг. Хэрвээ та парламентын нэрийн өмнөөс явах гэж байгаа бол байнгын хороо, УИХ-ын шийдвэртэй оч оо. Эсвэл парламентын хяналтыг мэргэшсэн байдлаар хэрэгжүүлдэг мэргэжлийн байгууллагаар нь хэрэгтэй мэдээллээ авчруул гэдэг л шаардлага тавьдаг. Тиймээс парламентын хяналтад мөрдөн шалгах эрх мэдэл чухал болж байна, бие даасан хяналтын байгууллагууд яаж ажиллах вэ гэдэг чухал байна, парламентын гишүүний асуулга гэх мэт механизм чухал байна. УИХ-ын гишүүн асуулгаа асуугаад, мэдээллүүдийг нь авчруулаад байнгын хороо, чуулган дээрээ ярих ёстой болохоос сайдын өрөөнд ажил явуулахгүй ээ. Энэ бол зарчим. Яагаад парламентын ордон Засгийн газраасаа тусдаа байдаг, яагаад парламентын цагдаа, парламентын гишүүнд үйлчилдэг имунитет болон индемунитет гэдэг ойлголт тусдаа байдаг юм? Ард түмнээс өгсөн мандатыг хувьдаа ашиглахгүй ээ. Ард түмнээс өгсөн хууль тогтоох, хяналт тавих, төлөөлөх гэдэг чиг үүрэг таны хувийн амьдралын нэг хэсэг биш ээ. Та энэ төлөөллийг хэрэгжүүлж байгаа үедээ өөрийнхөө хувийн санхүүд хохирол учруулахгүйн тулд төр таны санхүүгийн эрсдлийг хариуцна гэдэг. Сонгогчийг төлөөлж хууль тогтоох байгууллагад сууж байгаа хүн ард түмний нэрийг өмнөөс хууль тогтоож, хяналт тавина. Хууль тогтоох үйл ажиллагаа нийтийн ашиг сонирхлын өмнөөс хийгдэж байгаа учраас энд гарч байгаа зардал татварын мөнгөнөөс төлөгдөнө. Хяналт тавиад явж байгаа чиг үүргүүд дээрх зардлуудыг чинь төр хариуцна. Үүнийг цалин гэж тооцохгүй. Та бол төрийн албан хаагч биш. Та сонгогчдоо дөрвөн жилийн хугацаанд төлөөлж байгаа сонгогдсон л иргэн. Тийм учраас таныг төрийн төлөө зүтгэ, төрд үнэнч бай гэдэггүй. Хараахан манайханд Ардчилсан Үндсэн хуулийн суурь ойлголт бүрэн дүүрэн төлөвшөөгүй учраас бид одоо УИХ-ын бүх гишүүдийг төрийн өндөр албан тушаалтан гэж нэрлээд яваад байна. Бусад улс оронд бол ард түмнээс мандат авсан иргэн л гэж үздэг.

 

-Манайх шиг яам, агентлагуудад хувиараа шалгалт хийгээд явж байгаа УИХ-ын гишүүн бол “но”-той л гэж үзэгдэх нь байна, тийм үү?

 

-Тийм тохиолдолд парламентын ёс зүйн хороо нь ажиллаж эхэлдэг юм байна лээ. Засгийн газар нь бас “Гүйцэтгэх засаглалын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” гэж гомдол гаргадаг. Тийм учраас парламентын гишүүн Засгийн газар, гүйцэтгэх эрх мэдэлтэй их болгоомжтой, хууль ёсны арга хэрэгслээр, албаны шугамаар харьцдаг юм билээ. Дараа нь өөрөө асуудалд унахгүйн тулд. Манайд бол камерийн өмнө ширээ шаачихаад сайдын арын өрөөнд тендер гуйгаад сууж байдаг нөхдүүд олон байна.    

 

-Их хурлын гишүүн сонгогдсон тойргийн эрх ашгийг төлөөлөх үү, нийт улс орны эрх ашгийг төлөөлөх ёстой юу?

 

-Үндсэн хуулинд маш тодорхой биччихсэн. УИХ-ын гишүүн нийт ард түмний эрх ашгийн төлөө ажиллана гээд. Одоо бол манай сонгуулийн тогтолцоо, 25 жил явсан сонгуулийн соёлоосоо шалтгаалаад Засаг даргын ажил хийх гэж оролдоод байна л даа. Нэг бол Засгийн газрын ажлыг, үгүй бол орон нутгийн Засаг даргын ажил хийчих гээд байдаг, парламентын гишүүнийнхээ ажлыг хийдэг хүн цөөхөн болчихоод байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд харахад парламентын гишүүний зангарагтай, улс орны, нийтийн эрх ашгийн төлөө зогсоод, хууль тогтоох ажиллагаандаа оролцоод явдаг хүн гарын арван хуруунд багтахаар байдаг юм. Хурлаа таслалдаггүй, парламентын үйл ажиллагаа, хэлэлцүүлэгт байнга оролцдог, хуулиудыг цаасан дээр нь нухдаг хүмүүс гэвэл Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Р.Гончигдорж гээд арван хуруунд багтдаг юм. Цаас нухаж, хууль уншдаггүй, хэвлэлээр амаараа ажил хийдэг хүн бол зөндөө л дөө.

-Парламентын гишүүний ёс зүй гэдэг ойлголт ямархуу түвшинд байна?

 

-Парламентын гишүүний ёс зүйг ярихын тулд ёс зүйн дүрэм нь ямар байна, дүрмээ мөрдөх механизм юу вэ, гишүүд юуг ёс зүй гэж ойлгож байна гэдгийг ярих ёстой. Нуулгүй хэлэхэд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батлуулах гэж зөндөө юм болж байсан шүү дээ, хэн ч тэр үед ойлгохгүй байсан. Төрийн өндөр албан тушаалтны ёс зүй гээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, өөр баахан албан тушаалтныг хамтатгасан ёс зүйн дүрэм гаргана гэсэн. “Бишээ, төлөөлөл, хууль тогтоох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дөрвөн жилийн мандаттай иргэний баримтлах ёс зүйн дүрэм болохоос биш тангараг өргөсөн төрийн түшмэдийн ёс зүй биш. Бүр тэнд ажиллаж байгаа шүүгчийн ч  ёс зүй биш шүү, ялгаатай” гэж хэрэлдэж хэрэлдэж ямарч байсан төрийн өндөр албан тушаалтны ёс зүй биш юм байна гэдгийг арай гэж ойлгосон. Яг дүрмээ батлах гэсэн чинь дахиад маргаан үүссэн. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм дээр төрд үнэнч байх тухай асуудал яриад эхэлсэн. Бишээ, сонгогчиддоо буюу нийтийн ашиг сонирхол, улс орны эрх ашигт үнэнч байх ёстой гэж яриад тэр маргаан үр дүнд хүрээгүй. Тэгээд ёс зүйн дүрэм гарсан. Хууль тогтоогч хүнд гардаг ёс зүйн алдаануудыг тэнд бичиж, хариуцлага болон урьдчилан сэргийлэх механизмуудыг нь хийх ёстой. Хууль тогтоогчоос огт өөр чиг үүрэгтэй тангараг өргөсөн төрийн албан хаагчийн ёс зүйг тэнд бичиж болохгүй шүү дээ. Одоо бүгдээрээ холилдчихсон явж байгаа. Тиймээс манай ёс зүйн дүрэм жаахан учир дутагдалтай. Гэхдээ УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмтэй байгаа нь бас ололт.

 

Бусад улс орнуудад Ёс зүйн хороо, Ёс зүйн дүрэм гэдэг парламентын гишүүний жинхэнэ буулга байхгүй юу. Парламентын гишүүнээр сонгогдонгуут Ёс зүйн хорооны ажлын аппарат нь хичээл заагаад эхэлдэг юм билээ. Ийм зүйл гарвал ёс зүйн алдаанд тооцно, ийм зүйлээс та татгалзах ёстой, ийм зардлыг тань төсвөөс гаргана, ингэж ашиглах юм бол та шүүмжлэлд өртөнө гээд бүх хөдөлгөөнийг нь зураад эхэлдэг. Сонгогдсон гишүүн гэдэг бол агуу мундаг нөхөр биш, ард түмэнд таалагдсан хэн ч байсан л ороод ирдэг тогтолцоо шүү дээ. Хэн ч байсан орж ирээд бүх хүний нүдэн дээр хууль тогтоогчийн байх ёстой стандартыг баримтлаад ирвэл нь энд мэргэжлийн парламент ажиллаж байна гэсэн үг. Энэ бол парламентын гишүүний биеэ авч явах байдал. Шийдвэр гаргах болоход дахиад Тамгын газар, мэргэжлийн байгууллагууд нь туслаад ирэхээр ямар ч хүн орж ирсэн гаргаж байгаа шийдвэр нь улс орны суурь эрх ашиг, нийтийн ашиг сонирхлоос гажиж гардаггүй. Үүнийг л мэргэшсэн парламент гээд байгаа юм.

 

Тиймээс одоо 25 жилийнхээ ой дээр бид өөрсдийн зорьж байгаа тэр мэргэшсэн парламентыг бий болгохын тулд дэд бүтцээ хэрхэн яаж хийв ээ гэдгээ л ярих ёстой. Парламент гэхээр 76 хүнийг л хардаг байхгүй юу. Парламент сонгогдож ирсэн гишүүдээрээ биш, сонгогдож ирсэн гишүүдийг зохистой, зөв ажилладаг тэр машинд нь суулгаад явуулдаг арынхаа дэд бүтцээр тодорхойлогддог. Тиймээс бид тэр дэд бүтцээ л ярих ёстой. Зарим улс оронд гишүүд хуулийн эх бичдэггүй. Концепцоо Засгийн газраар хүлээн зөвшөөрүүлсэн бол Хууль зүйн яам хуулийг нь бичиж өгдөг. Хууль зүйн яаманд нь эх бичээчийн бүхэл бүтэн баг ажиллаж байдаг. Гэх мэтчилэн парламентын гишүүдэд тусалдаг маш олон мэргэжлийн арга зүй байдаг. Түүнийгээ л бид хийчихвэл мэргэжлийн парламент болох тэр зүг рүүгээ явж байна гэсэн үг.

 

-76 гишүүнтэй парламентад зургаан удаагийн сонгуулиар 300-гаад хүн сонгогдсон юм байна. Эндээс харахад парламент энэ хугацаанд хэр зэрэг шинэчлэгдсэн бэ?

 

-Би 1998 оноос хойш л Үндсэн хууль болон эрх мэдэл хуваарилалт, парламент, Засгийн газар, Үндсэн хуулийн хяналттай холбоотой судалгаа хийж байна. Энэ бүх хугацаанд би хоёр зүйлд итгэл үнэмшилтэй болсон. Манай парламент хэтэрхий жижигхэн юм байна, нэг хүний улс оронд нөлөөлөх нөлөөлөл хэтэрхий том байна. Маш том амбицтай, увайгүй нэг хүн байхад л энэ улс орноор дураараа самарч болох юм байна. Ерөнхий сайд байна уу, Ерөнхийлөгч байна уу хамаагүй шүү. Найман хүний гарын үсэгтэй, нэг яамыг өмчлөөд авчихсан хүн эдийн засгийн бүх шийдвэрийг нурааж болж байна шүү дээ. Манай парламент хэтэрхий жижигхэн учраас Засгийн газар, парламент хоёр нь холилдсон энэ бүх бантан болж байна. Судалгаа хийж үзэхэд 2-3 сая, бүр дээшлээд таван сая хүн амтай улсад 100-150 хүний төлөөлөлтэй байж байж парламент хэвийн түвшиндээ очино гэсэн дүгнэлт байдаг. Парламент хэтэрхий жижигхэн байхад мэргэшиж, эсвэл салбарлаж ажиллах гишүүдийн ур чадвар сул, ачаалал их байдаг. Одоо байнгын хороо хэдэн хүнтэй хуралдаж байгааг зурагтаар харж болно. Есөн хүн ирээд нэг карт илүү шургуулаад байнгын хороо хуралдаж байна. Байнгын хорооны хурал давхацсан, ийм тийм ажилтай гээд алга болонгуут дөрвөн хүн шийдвэр гаргах хэмжээний болох гээд байна шүү дээ. Нэг талаасаа хариуцлагагүй байна, нөгөө талаасаа хэтэрхий цөөн байна.

 

-Анзаараад байхад хэвлэл мэдээллээр хэн нэг улстөрчийг гэмт хэрэгт холбогдуулсан, эсвэл нэр хүндэд нь халдсан мэдээлэл гарангуут нөгөө улстөрч “Цаг нь болохоор би үнэнийг дэлгэнэ”, “Цаад захиалагчийг нь би мэдэж байна” гэх утгатай үг ярихыг бид их ойр ойрхон сонсдог боллоо. Үүнийг юу гэж ойлгох вэ?

 

-Үгүй яахав, Монголын улстөрчид чинь бүгд л нэг нэг хөзөр гартаа барьчихсан, покер тоглож байгаа юм шиг л сууж байна шүү дээ. Түрүүлээд том модоо шидчих юм бол алуулчих гээд байдаг. Тийм учраас хөзрөө нэг нэгээр нь гаргаад, бие биенээ шантаажилсан маягтай. Эмгэнэлтэй л хувь заяа шүү дээ. Бүр онигоо гарчихсан байна. Өөрөө зодоон хийдэггүй, өрөөлөөр зодоон хийлгэдэг хүнийг улстөрч гэнэ гээд. Одоо хараарай, Монголын хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл хэн нэгний зодооны үзүүрт явж эхэлж байна. Энэ бол парламенттай, эсвэл парламент мэргэшсэн байна уу, үгүй юу гэдэгтэй огт холбоогүй асуудал. Энэ бол зүгээр Монголын улс төрд байгаа соёлын л асуудал. Өнөөдөр Монголын улс төрд бодлогын өрсөлдөөн алга. Асуудал тойроод мэтгэж маргаж байгаа нь маш ховор байна. Голчлон “чи тэгсэн, би ингэнэ”, “Чи тэгдэг биз дээ, тэрийг чи би ингэнэ шүү” ийм л юм ярьдаг. Ямар хүн хов ярьж, ямар хүн асуудал ярьдаг гэдэг билээ, тийм л түвшинд оччихоод байна.

 

Хоёрдугаарт Монголын улс төр үнэхээр аймшигтай дүр зураг руу явж байна. Улстөрч хүн хүнээр зодооноо хийлгэдэг байсан бол одоо хамгийн сайн улстөрч хүчний байгууллагаар зодооноо хийлгэнэ гэдэг дүр зураг руу явж байна. Хэрвээ ийм байдлаар яваад байвал дараагийн үед улстөрчид хувийн армитай болох шинж рүүгээ явна шүү. Энэ бол аюул. Тийм учраас манайх шиг уужуу тайван, тогтуун, нэг сагсалзсан нөхөр гараад ирэхэд алга ташихаасаа илүү “энэ яах ээд байна” гэж хардаг тийм соёлтой ард түмний хувьд улстөрчид нь ард түмнийхээ энэ соёлыг эвдэж болохгүй. Энэ соёл чинь өөрөө Монгол улс парламентын засаглалыг сонгоход хүргэсэн соёл шүү дээ. Гэтэл энэ соёлыг эвдэх юм бол парламент биш, генерал Монгол улсыг удирдахад хүрнэ шүү. Аюул нь энэ. Тийм учраас энэ 25 жилд парламентын засаглалыг тосч авсан Монголын тал шиг ард түмний сэтгэлийг жалга довны үзлээрээ хутга сэрээ шиг хэрчиж хуваадаг улс төрөө багасгах ёстой. Түрүүний хэлсэн “цаг нь болохоор хэлнэ ээ”, “захиалагчийг нь мэдэж байгаа шүү” гэж араандаа зуулттай, завьжаараа исгэрч ярьдаг улстөрчдийн цуваа богиносно оо. Харин эсрэгээрээ хувь хүн ярихаасаа илүүтэйгээр зарчмаа босгоод, үнэт зүйлээ хамгаалаад, бодлогоо тодорхойлдог шинэ үе улс төрд орж ирнэ.      

 

-Ярилцсанд баярлалаа.

Eagle.tv

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Sain zaluu shuu.Temuujing demjij bna.
2015-09-17
Зочин:
Alban tushaal erh medeltei bolohooroo ohid erguuleed ajilaa hiihgui alga bolno erh medelgui bolohooroo olon yum yarij hund taalagdah gej ulih yum da. Tiim bol erh medeltei bh da naadahaa huulid ni oruulj ogohgui yu hiisen yum
2015-09-17
Зочин:
Парламентын засаглал гэдэг бол нам, фракцаараа талцаж,еерсдийн эрх ашгийн тулд лоббидож, хуйвалдаж, дураараа загнахыг хэлдэггуй бололтой билээ.Одоогийн тер засагчдээ,арчаагуй луйварчдын засаглал л болждээ!16оны сонгуулиар энэ байдлаас бурмесен гарах бололцоо ард тумний гарт байгаа боловуу???
2015-09-16
зочин:
сауны бацаан ухаантай царайлчихаад дандаа худлаа ярьж явах юм
2015-09-16
zochin:
anh bolobsroltoi zaluu shydraga baih gej vnelj ybsan odoo bol yriagii ni sonsohoos dyrgvi hvrch jigshij bn zaila
2015-09-15
zochin:
vnenheer huuliihan hyrandaa nar ni huibaldaj ner turd chini haldaj zohioon baigyylattai ym hiisen l ym bol shalgyylah chini yasan ym hydlaa ungursun hoini ni uuruu hohirson hvn bolood yrij jvjiglehee bolo ter ohin chini holbootoi baisan vnen gedege telebizeer yria bizde hydlaa shydraga tsarailsan hydalch nuhur
2015-09-15
монголчууд:
за чи муу тэлээгүй банзал,хууль зөрчигч,садар самуун луйварчин нэг их олон юм хуцаад байлгүй өөрийгөө хэн бэ гэдгээ бодоод сууж бай.2016онд чам муу дурактай хариуцлага тооцноо
2015-09-15
Зочин:
ezoterikiig unsh
2015-09-15
Зочин:
ene ug dotor doorh zuiluud ergeldej baidag
2015-09-15
Зочин:
muug dagaval mogoin hor ene uiliin ur dotroo l hunii huv tavilan ergeldej baidag
2015-09-15
Зочин:
hun mahanbodior yaduu geed baidag hii bue n yaduu baigaagaa meddeggui humuus zondoo baina muu humuus muu humuusteigee l arhi uuna sain humuus sain humuusee l tooj baina.
2015-09-15
Зочин:
hun hunee hairlaaguigees baen yaduugiin yalgaa bii bolj baina
2015-09-15
Зочин:
hun gedeg amitan gem hiihed zoriulagdaagui amitan
2015-09-15
Зочин:
hurliin gishuud n hiih estoi ajlaa hiihgui baidal n eronhii saidiig ogtsruulhad hurgej baina prokuroriin dergedeh mordon baitsaah gazriig tatan buulgasnaar altanhuegiin zasgiin gazriig ogtsruulhad huv nemree oruulsan
2015-09-15
Зочин:
Тэмүүжин гэгч энэ завхай тэнэг амьтан ичих ч үгүй энд тэнд ярилцлага өгөөд яваад байх юмаа харахаар л ой гутаад бөөлжис хүрээд байх юмаа
2015-09-15