Мэрия Кери: Надад хайр хэрэгтэй байна
2015-09-16

Дуучин Мэрия Кери Австралийн “Vogue” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та өөрийгөө ямар үед хамгийн үзэсгэлэнтэй харагддаг гэж боддог вэ?

 

-Энэ асуултад хариулах бүсгүйчүүдийн ихэнх нь нүүрээ будсан эвсэл үнэтэй хувцас өмссөн үедээ гэж хариулах байх. Гэхдээ миний бодлоор би хүйтэн шүршүүрт ороод гарч ирэхдээ хамгийн үзэсгэлэнтэй харагддаг гэж боддог. Би уснаас гараад өөрийгөө толинд харах үедээ лусын дагина шиг хөөрхөн харагддаг.

 

-Ийм бодол хэзээнээс төрөх болсон вэ?

 

-Их жоохон байхаас. Би багадаа усан сэлэлтийн тамирчин болохыг хүсдэг байсан ч тамирчин болох авьяасгүй учир энэ мөрөөдлөө орхисон. Манай гэрийн гадна нэг жижигхэн усан сан байдаг байсан. Би ихэнх цагаа тэр дотор өнгөрүүлдэг байсан. Дараа нь насанд хүрээд далайн эрэгт очих их дуртай болсон. Би усанд их дуртай.

 

-Таны дуу хоолойг сонсогчид ус шиг гэдэг. Давалгаа мэт хүч, дөлгөөхөн яг л горхины ус шиг?

 

-Тийм гэж үү. Би тайзан дээрээ гарахаасаа өмнө ус уудаггүй. Энэ заншил ч юм уу мухар сүсэг гэх зүйл 10 гаруй жилийн өмнөөс надтай хамт байх болсон. Би өөрөө ч мэдэхгүй л тайзан дээр гарахаасаа өмнө ус уухаа больчихсон.

 

-Тэгвэл дуулахаасаа өмнө юу хийдэг вэ?

 

-Аль болох хоолойгоо амрааж, ачаалал бага өгдөг. Чухал тоглолттой өдрөө хүмүүстэй бага ярьдаг.

 

-Та өнгөрсөн наймдугаар сард Нью Йоркийн алдрын гудамжинд өөрийн гэсэн одтой болсон. Та урлагт олон жил зүтгэсэн мөртлөө яагаад ийм орой алдрын одтой болж байгаа юм бэ. Таны авьяасыг үнэлэхгүй байхад ямар байдаг вэ?

 

Үгүй дээ би урлагт хайртай. Би америкийн урлагийн тайзанд хайртай. Би дуу дуулахаас өөрийг мэдэхгүй нэг охин байсан. Харин тайз намайг мэргэжлийн болгосон. Би мэргэжлийн болсныхоо ачаар одоо сайхан амьдарч байна.

 

 

-Дуулахаас залхаж байсан үе бий юу?

 

-Би дуулахаас өөр зүйлийг сайн хийж чадахгүй. Чаддаг ганц зүйлээсээ татгалзах нь буруу байх.

 

 

-Та хоол хийхдээ муу юу. Олны танил ээжүүд хоол хийхдээ тун муу гэдэг. Энэ үнэн үү?

 

-Би хүүхдүүдийнхээ төлөө зарим хоолыг сайн хийж сурсан. Би хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг хийхэд бэлэн байна.

 

-Ник Гордан та хоёр хүүхдийнхээ асран хамгаалах эрхийн төлөө шүүхдэлцээгүй мөртлөө нохойныхоо төлөө шүүхдэлцсэн. Их гайхаж байна. Нохой хэнд хэрэгтэй гэж?

 

-Би нохойнд хайртай. Тиймээс л нохойгоо асран хамгаалах эрхийн төлөө шүүхдэлцэхээр болсон. Би Монро, Морокко хоёрыг төрүүлсэн. Хэн ч миний хүүхдүүдийг надаас булааж чадахгүй. Төрсөн эцэг нь байсан ч надад хамаагүй. Би хүүхдүүдийнхээ төлөө хэн нэгнийг өндөр барилгаас ч шидэж чадна.

 

-Гордан таныг сэтгэцийн өвчтэй учир хүүхдүүдийг асран хамгаалах эрхгүй гэж мэдэгдсэн. Энэ тухай сонссон уу?

 

-Тиймээ. Энэ яриаг сонсоод тэр залууг хайрлаж явсандаа харамссан шүү. Бүгд л мэдэж байгаа. Бид нэг нэгнээ хайрлаж, үлгэрийн мэт хурим хийж, хөөрхөн охин, хүү хоёртой болсон. Бид бусдын адил сайхан амьдарч байсан.  Бид гэнэтийн шуурганд өртөж, салсан ч би тэр залууг муулахгүй гэж өөртөө амласан. Харин Горданы тэнэг гэмээр мэдэгдлийг сонсоод их шаналсан. Би хүүхдүүдийнхээ төлөө Гордантай муудалцахыг хүсээгүй. Ганцхан жилийн өмнө нэг орноос босч байсан аав, ээж хоёроо хэрэлдэж байхыг хараад хүүхдүүд минь гайхаж бас шаналах болно шүү дээ. Ингээд л энэ яриаг дуусгая.

 

-Монро, Морокко хоёр таниас аавыгаа асууж байгаа юу?

 

-Гордан хүүхдүүдийн минь эцэг. Би уулзахыг хориглодоггүй.

 

 

-Одоо сүүлийн үед “google”-ээс хамгийн их хайгдаж буй мэдээллийн талаар асууя. Та ямар асуулт гэдгийг нь мэдчих шиг боллоо. Тиймээ Жеймс Паркер. Австралийн газрын тосны магнайт энэ эртэй хэрхэн танилцав?

 

 

-Энэ залуу надад таалагддаг. Тиймээс л итгэхээр шийдсэн. Олон жилийн өмнөөс нэг нэгнээ таньдаг байсан.

 

-Танд гэрлэх санал тавьсан гэсэн. Энэ үнэн үү?

 

-Үгүй ээ. Зүгээр л үнэт эдлэл бэлэглэсэн юм. Үнэт эдлэл бэлэглэх заавал гэрлэх санал тавьж байна гэсэн үг биш.

 

-Хэрвээ гэрлэх санал тавьбал гэрлэх үү?

 

-Би хайрлуулах эрхтэй. Миний зүрх хайраар дутаж байна. Надад хайр, үнэнч залуу хэрэгтэй байна.

 

-Та хоёрын талаарх мэдээлэл цацагдаж эхэлсэний дараа Ник Гордан тантай эргэн нийлэхийг хүссэн. Эргэн нийлэх талаар?

 

-Ник Гордан хүүхдүүдийн минь эцэг ч эргэн нийлэхгүй. Дахин шаналахыг хүсэхгүй байна. Бидний салалт хууралтаас болоогүй ч эргэн нийлэх бодол алга. Харин тэр залууд сайн сайхныг хүсье.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
надад ч гэсэн хайр зүгээр л хайр дутагдаад байна, бас үнэнч зүрх сэтгэл , хайсаар , тааралдахгүй байна, ямар ч ашиг болон сонирхолын зөрчилгүй - гэхдээ ...
2015-09-17
uhaantai yumaa:
muu zaluu baijee. Gordan
2015-09-17
zochin:
uhaantai l emegtei bna
2015-09-16