Чөлөөт бөхийн тамирчдадаа хүндэтгэл үзүүлэв
2015-09-16

 

АНУ-ын Лас Вегас хотноо болж өндөрлөсөн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг, тамирчдыг Эрүүл Мэнд, Спортын Сайд Г.Шийлэгдамба өнөөдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

 

Эрэгтэй шигшээ багийн хувьд ДАШТ-нээс хүрэл, хошой мөнгөн медаль, олимпын дөрвөн эрх авч багаараа IҮ байранд орсон юм. Харин эмэгтэй шигшээ баг хошой дэлхийн аварга, хошой медальтан төрүүлж олимпын хоёр эрх өвөртөлж багаараа ирэх оны Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрхийг долоо дахь жилдээ авсан юм. Ингэснээр ирэх жилийн олимпод чөлөөт бөхийн 13 тамирчин олимпод орох эрхээ аваад байна.

 

Эрүүл Мэнд, Спортын Сайд Г.Шийлэгдамба энэ үеэр шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдад хандан "Монгол Улсын спортын түүхэнд, тэр дундаа чөлөөт бөхийн түүхэнд гаргасан та бүхний амжилтыг үнэлэн өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна.

 

 

Шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, арын албаныхан гээд бүгдэд чинь баяр хүргэе. Өнөөдөр зөвхөн манай яамныхан ч бус Монголын бүх ард түмэн та бүхнээр бахархаж байгаа. ДАШТ-нд амжилттай оролцож олимпын зургаан эрх өвөртлөн ирснээр "Рио-2016"-н 13 эрхтэй боллоо. Та бүхнийг энэ эрчээрэй олимпод амжилттай оролцож медаль хүртэнэ гэдэгт найдаж байна. Түүнчлэн одоо үлдээд байгаа олимпын эрх олгох гурван тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе" гэлээ.

 

Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр энэ үеэр "Олимпын наадмын өмнөх хамгийн сүүлчийн эрх олгох энэхүү тэмцээнд ДАШТ-нд манай баг тамирчид амжилттай сайн оролцоод ирлээ. Энэ тэмцээнд амжилттай оролцсон тамирчид үндсэндээ Риогийн олимпыг өнгөлнө гэж олон улсын хэмжээнд дүгнэж байгаа. Баг тамирчид маань сургуулилтаа сайн хийж, бэлтгэлээ сайн хангасны үндсэн дээр дэлхийн хошой аварга, дэлхийн олон олон медальтнууд төрөн гарч, олимпын зургаан эрх аваад ирлээ.

 

Нэг зүйлийг тодруулж хэлэхэд манай С.Батцэцэг дэлхийн хошой аварга болохдоо таван барилдаан хийсэн. Энэ таван барилдаанд нийтдээ 8 минут 16 секунд зарцуулж, хамгийн богино хугацаанд бүх өрсөлдөгчөө ялсан тамирчин  болсон. Энэ бол том амжилт. Риогийн олимпоос медаль хүртэх магадлалтай гол тамирчдын нэгээр зүй ёсоор нэрлэгдсэн. Бидний гаргаж байгаа амжилт бол хамтын хүчний үр дүн гэдгийг энд хэлмээр байна. Нийт багийнхан, ард түмэн, салбарын яам, дэмждэг ТББ-ууд, МЧБХ-ны хамт олондоо талархал илэрхийлье" гэлээ.

 

 

Асашёру аварга “Баяр хүргэе, мундаг байна” гэсэн

 

”Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл медальт, оюутны универсиад наадмын аварга, ДАШТ-ний хошой аварга МУГТ С.Батцэцэг

 

-Дэлхийн хошой аварга болох үед юу бодогдож байв?

-Маш их хүсэж байсан учраас сэтгэл сайхан байлаа.

 

-Хамгийн богино хугацаан өрсөгчдөө ялж, дэлхийн аварга болсон тамирчнаар тодорсон байна. Барилдаанд хэрхэн бэлддэг вэ?

-Барилдаан бүрийн өмнө хэрхэн барилдахаа нарийн төлөвлөж барилдсан болохоор богино хугацаанд өрсөлдөгчдөө ялсан. Өрсөлдөгчдөө бараг бүгдийг нь мэддэг, өмнө барилдаж, хамтарсан бэлтгэл хийж байсан болохоор өрсөлдөгчөө судлах тэл дээр нэг их асуудал гараагүй.

 

-Аваргын төлөөх барилдаан барилдсан японы бөхтэй өмнө нь барилдаж байгаагүй шүү дээ. Өрсөлдөгчөө хэрхэн судлав?

-Аваргын төлөө барилдсан японы бөхтэй өмнө нь барилдаж байгаагүй. Гэхдээ япон бөхчүүдтэй олон барилдаж байсан болохоор барилдахад хэцүү байгаагүй. Монголын тамирчид цагийн зөрүү, цаг агаарын байдал бага зэрэг  саадтай учирсан ч эмч, багш нар маань маш сайн зөвлөсөн.

 

-Цаашдын зорилго?

-“Рио 2016” олимпод амжилттай оролцохын төлөө бэлтгэлээ сайн хийнэ дээ.

 

-Дэлхийн аварга болоход монголоос хамгийн түрүүнд хэн баяр хүргэсэн бэ?

-Асашёру аварга хамгийн анх монголоос утсаар  яриад “Баяр хүргэе, мундаг байна” гэсэн.

 

-Тамирчид болох анхны гараагаа дурсвал?

-Архангай аймгийн Хашаат сумын дунд сургуульд сурч байхдаа Дэмбэрэлийн Дондов гэдэг багшийнхаа шавь болон бөх барилдаж эхэлсэн. Багшдаа маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна.

 

"Рио 2016"-д амжилттай барилдана аа

 

“Алдар” спорт хорооны тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд

 

-Мөнгөн медаль авч, олимпын эрх авсанд юуны өмнө баяр хүргэе. Өрсөлдөгчдийнхөө талаар тодруулвал?

-Дэлхийн аваргны мөнгөн медаль авсандаа баяртай байна. Эхний  тойронтоо Шинэ Зеландын бөх, хоёрдугаар тойрогтоо Хятадын бөх,  хагас шигшээ барилдаанд Болгарын бөхтэй учраа таарч  барилдсан байгаа.

 

Өмнөх гурван  тамирчдаа онооны илт давуу байдлаар хожсон. Аваргын төлөөх барилдаанд Украйны бөхтэй барилдсан. Түүнтэй өмнө нь хоёр ч удаа таараад  хожигдож байсан энэ удаад ч бас хожигдлоо.

 

-Хожих боломж хэр байсан бэ?

-Боломж байсан. Гол асуудал нь барилдааны харьцаа 4/1 байх үед мушгихад нь давуулж шидсэн маань илүү үйлдэл болсон болов уу. Хожигдлын оноо маань тэр болсон гэж бодож байна. Гэхдээ ямар ч байсан олимпын эрхээ аваад олимпдоо л амжилттай сайн барилдана гэсэн зорилготой байна.

 

-Уучлаарай өө асуулт байна. Батлан хамгаалах яамнаас дэлхийн аварга болсон  гээд орон сууц өгчихөөд буцаагаад авчихлаа гэх мэдээлэл гараад байна. 29 тоот гэж байрыг өгсөнгэж яригдаад байх юм. Гэтэл анх 20 тоот байрны түлхүүрийг ээжид чинь өгсөн гээд байгаа. 29 тоот нь нэг өрөө байр болчихоод байх юм. Энэ талаар тодруулж өгөөч?

-Би энэ асуудлаар нарийн мэдээлэл аваагүй байгаа болохоор сайн мэдэхгүй байна.

 

-Анх хэдэн өрөө байр өгнө гэсэн юм бэ?

-Хоёр өрөө.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Цолмонг сайн ч му, ч хуучин МАХН-н үед хариуцлагатай ажил хийж явсан, юм үзсэн нүнжигтэй гэж тооцоод арай ч байрны нэг өрөө идэхдээ тулсан гэж бодохгүй байна.Харин одоогийн саад гээд байгаа лалар гавьяатаас нэг өрөө шаахдаа тулсан өлөн нүдэлсэн новш юм байх даа.
2015-09-16