Дорнод аймагт команд штабын сургалт хийж байна
2015-09-16

Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах команд штабын сургалтыг Дорнод аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус сургуулийн удирдагчаар ажиллаж байгаа ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаярын ярилцлагыг хүргэж байна.

 

-Дорнод аймагт гамшгаас хамгаалах томоохон хэмжээний сургалтыг зохион байгуулж байна. Сургалтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?


-Онцгой байдлын ерөнхий газраас жилдээ хоёроос гурван аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургалт, хоёр аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг явуулдаг. Энэ сургалтын зохион байгуулах хэд хэдэн үндэслэл байна. Гамшгаас хамгаалах тухай хуулиар улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулах тухай Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд тусгагдсан байдаг. Мөн хуулийн 26 дугаар зүйлд бүх шатны Засаг дарга нарын бүрэн эрхийнхээ хүрээнд орон нутгийнхаа түвшинд гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийг байгуулах, сургаж, дадлагжуулах заалт байдаг. Энэ хоёр хуулийн заалтын хүрээнд дээрх сургалтуудыг зохион байгуулдаг. Энэ удаад бид команд штабын сургалтыг Дорнод аймагт зохион байгуулж байна.


-Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт, команд штабын сургалт хоёрын ялгаа нь юундаа байдаг юм бол?

                                                 
-Гамшгаас хамгаалах олон нийтийн сургалт бол төрийн захиргааны байгууллагууд болон хувийн хэвшил, аж ахуй нэгж, иргэд гээд бүх салбар хамрагддаг иж бүрэн сургалт байдаг. Харин команд штабын сургалт бол зөвхөн орон нутгийн болоод байгууллагуудын удирдлагын түвшинд явагддагаараа онцлогтой. Яагаад зөвхөн удирдлагуудад сургалт явуулах гээд байна гэхээр аливаа болзошгүй гамшиг осол тохиолдсон үед удирдлагын зүгээс ямар арга хэмжээ авах, бие бялдар хийгээд сэтгэл санааны бэлэн байдал гээд олон хүчин зүйл чухал байдаг. Эдгээрт бэлэн байлгах үүднээс онолын болоод, практик хосолсон сургалтыг явуулж шалгах юм. Орон нутаг, байгууллага, аж ахуйн нэгжийн удирлагын шийдвэр асар олон хүний амь амьдрал, аюулгүй байдалд нөлөөлдөг учраас эдгээр хүмүүс маш өндөр түвшний бэлтгэлтэй байх ёстой. Энэ утгаараа удирдлагын багт чиглэсэн сургалт юм.

 

-Тэгэхээр урьдчилан сэргийлэхийн тулд сургалтаар аливаа гамшгаас хамгаалах менежмент болоод арга зүйн сургалтуудыг түлхүү явуулах нь үр дүнтэй гэж ойлгогдож байна?


-Тэгэлгүй яахав. Урьдчилан сэргийлэх ажлын цѳм нь сургалт байдаг. Онцгой байдлын ерѳнхий газраас гамшгаас хамгаалах хуулиар заасны дагуу таван ангиллын сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ нь удирдах албан тушаалтан, мэргэжлийн анги, аврах салбарын, оюутан сурагчийн, ажилтны, ард иргэдийн гэсэн зааг ялгаатай юм. Гамшгаас урьдчилан сэргийлэх газар байгууллагдсанаас хойш албан хаагчийг сургах, чадваржуулах нэлээдгүй сургалтыг хийсэн. Жишээлбэл, удирдах албан тушаалтны, эмч, эмнэлгийн зааварлагчийн, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтний, хүний нөөц, дотоод ажил хариуцсан ажилтны, аврах, гал унтраах ангийн захирагчийн гэх мэт сургалт, семинарыг зохион байгууллаа.

 

-Сургалтаас гадна дэлхий нийт гамшигтай тэмцэх ямар аргууд хэрэгжүүлж байна вэ?

- Энд би сургалтын талаар нэлээн ярилаа. Ингээд яриад байвал их зүйл байна. Ямар агуулгаар яриад байгаа нь гамшигтай тэмцэх ганц боломж нь сайн бэлтгэгдсэн төрийн байгууллага, иргэн байх хэрэгтэй байна. Ер нь мэдлэгтэй, чадвартай, ёсзүйтэй иргэнтэй болмоор байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын арга барил нь хѳгжсѳн улс орны тэргүүний туршлагыг бид хуулбарлан авч нэвтрүүлэх хэрэгтэй.


Цаашдаа урьдчилан сэргийлэх ажлын үр ѳгѳѳж, арга хэлбэр, шалтгаан нөхцөл рүү нь анхаармаар байна. Ѳнгѳрсѳн гуравдугаар сард Япон улсад болсон дэлхийн гамшгийн аюулыг бууруулах бага хурлын үеэр гамшгийн эрсдэлийг бууруулах талаар таван том асуудлуудыг дэвшүүлсэн. Дэлхий нийтийн туршлага, жишгээс харахад гамшиг гарсан үед хөрөнгө мѳнгѳ үрэхээс илүү гамшиг бий болгох эрсдэл, хүчин зүйл нь юу гэдгийг ойлгох шаардлагатай болчихоод байна. Өөрөөр хэлбэл эрсдэлийг бууруулах хүчин зүйл нь мэдлэг боловсрол байна уу, эдийн засаг, дэд бүтэц, зам барилга нь байна уу, тогтолцоо байна уу гэдэг олон асуудал руу дэлхий нийт чиглэж байна.


-Дорнод аймгийн хувьд тал хээрийн бүс нутаг учраас гал түймрийн аюул ихээр тохиолддог онцлогтой. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд ямар зөвлөгөө өгмөөр байна?


-Зүүн аймгуудад гарсан түймрийн эзэн шалтгаантай холбоотой судалгааг Гамшиг судлалын хүрээлэнгээр хийлгэсэн. Судалгаанаас харахад үнс нурмаа унтраагаагүй, тамхины ишээ аюулгүй болгож хаяагүй, машиндаа оч баригчгүй явсан зэрэг дийлэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас холбоотой түймэр гарсан байгаа юм. Уг нь ой, хээрийн түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар Онцгой байдлын еренхий газар, Улсын онцгой комисс, орон нутгийн онцгой байдлын байгууллагаас шат шатны байгууллагад нь албан даалгавар өгч, ард иргэд рүү хандсан сэрэмжлүүлэг мэдээ маш их хүргэсэн.

 

Даанч иргэд хариуцлагагүй, хэнэггүйгээс болж, амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирч байна. Түймрийн улирал эхэлж байгаа үед үнс нурмаа гадаа цацчихдаг, асаасан шүдэнзээ бүрэн унтраалгүй хаядаг хүмүүсийг яах вэ. Төрийн үйлчилгээ авч байгаа хүмүүс эргээд ухамсартай, хариуцлагатай байх ёстой. Хэдий болтол эх орноо хайрлахгүй, ёс зүйгүй явах юм бэ. Энэ бүхнийг өөрчлөх цаг болсон.


Тиймээс мэргэжлийн байгууллагаас ѳгч байгаа заавар зѳвлѳмжийг өчүүхэн ч болтугай дагах юм бол маш их хэмжээний хохирлыг амсахгүй байх боломжтой. Иргэдэд байгалийн аюулт үзэгдэл болох талаар сэрэмжлүүлэх мэдээллийг тогтмол ѳгч байна. Албан хаагч болон аж ахуйн нэгж, иргэд рүү чиглэсэн сургалтыг ихээхэн хийж байгаа. Саяхан ард иргэдэд зориулан www.ontsgoi.sur.gov.mnцахим хуудас нээсэн. Аль болох мэдээлэл ѳгѳхийг зорьж байгаа.


-Гамшгийн аюулыг буй болгоод байгаа хүчин зүйлийг тодорхойлох хѳрѳнгѳ мѳнгѳ, эрхзүйн орчин нь манай улсын хувьд хэр байдаг юм бол?


-Манай өнөөдрийн байгаа Гамшгаас хамгаалах тухай хуульд урьдчилан сэргийлэхэд улсын төсвөөс тэдэн төгрөг зарцуулна гэсэн тодорхой заалт байхгүй. Ер нь бол урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулж байгаа зардал маш бага. Филиппин улс тѳсвийнхѳө 0,01 хувийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тѳсѳвлѳнѳ гээд хуульдаа заагаад ѳгчихсѳн байдаг. Бид шинээр боловсруулж байгаа Гамшгаас хамгаалах тухай хуулинд энэ асуудлыг хѳндѳж тавих байх. Хэрэгжиж чадахгүй байгаа нэг зүйл бий. Энэ нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 зүйлд гамшгаас урьдчилан сэргийлэх, тѳлѳвлѳх, зохион байгуулах, хѳрѳнгѳ мѳнгѳ тѳсѳвлѳх, захиран зарцуулах бүрэн эрх бүх шатны Засаг дарга нарт бий.

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Zavaan nam damjsan yanhnuud
2015-09-16
bitgii hudlaa yari:
Doldoi mine
2015-09-16