Айл бүрийг тоолууртай болгоно
2015-09-17

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай хамтран “Хэрэглэгч тантай хамт" өдөрлөгийг зохион байгуулав.

 

ШӨХТГ-т хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчтэй холбоотой өргөдөл, гомдол их ирүүлж байгаа учраас энэ удаагийн өдөрлөгийг УБЦТС компанитай хамтран өргөдөл, гомдлыг барагдуулах, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн хоорондын үл ойлголцлыг арилгах, хэрэглэгчдэд бодит мэдээ мэдээлэл өгөх зорилготой байжээ.

 

Өдөрлөгийн үеэр ШӨХТГ-аас энэ ондоо багтаан гэр хорооллын айлуудын өндөрт байрладаг цахилгаан тоолууртай хайрцагуудыг буулгах, хяналтын цонхтой болгох, хэрэглэгч хэрэглээндээ хяналт тавих нөхцөл бололцоог бий болгохоор үе шаттайгаар ажиллаж буй. Мөн газрын гэрчилгээтэй болон гэрчилгээгүйгээс үл хамааран өрх болгоныг тоолууржуулах ажлыг хийх болсноор айлууд өөрийн хэрэглэсэн цахилгааны төлбөрөө үнэн зөвөөр төлдөг болохоор зохицуулж байгаагаа танилцуулжээ.

 

Харин УБЦТС компани дэвшилтэт техник технологийг ашиглан иргэд хэрэглэгчдэд цахилгааны төлбөрөө хэрхэн хянах, цахилгаан эрчим хүчийг хэрхэн зүй зохистой ашиглах тухай мэдээ мэдээллийг хүргэж, зарим өргөдөл гомдлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан байна.

 

Энэ нь төрийн байгууллагуудын зүгээс нийслэлийн гэр хороололд зохиогдож буй томоохон арга хэмжээ болжээ. Өдөрлөгт ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан, Монгол Улсын шадар сайдын зөвлөх У.Батзаяа, УБЦТС ТӨХК-ийн дэд захирал Ч.Бадмаараг, НХЭАХН-ийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо нар үг хэлж  ШӨХТГ болон УБЦТС ТӨХК-ийн албан хаагчид иргэд, хэрэглэгчдэд өөрийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллажээ.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин