П.Өнөрбат: Олимп, дэлхийн аварга Жордан Барроустай Олимпийн наадмын финалд даагаа нэхмээр байна
2015-09-17

АНУ-ын Лас-Вегас хотноо чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн билээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд П.Өнөрбат мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан. Гайхалтай барилдаануудыг үзүүлж, дэлхийн медальтнуудын эгнээнд шилжсэн түүнийг “Чухал хүн” буландаа урьж, ярилцлаа.



-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод, мөнгөн медаль хүртээд ирлээ. Сэтгэгдлээ хуваалцаач?


-Сэтгэгдэл маш өндөр байна. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас хойш бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийсэн. 2014 оны дэлхийн аваргад оролцоод ялагдчихаад ирсэн. Гэхдээ бүх зүйл боломжтой юм байна гэж бодсон. Тэр жил миний ялж байсан тамирчид дэлхийн аваргаас медаль авахыг хараад надад боломж байгаа юм байна гэж бодсон. Тиймдээ ч энэ жил бодсон, санасандаа хүрч, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж чадсандаа баяртай байна.

-Барилдаануудынхаа талаар яриач?


-Өрсөлдөгч болгон үнэхээр хүчтэй байлаа. Яагаад гэвэл Олимпийн эрх олгож байгаа учраас бүх тамирчид формдоо орчихсон. Дээрээс нь улс болгоны хамгийн шилдэг тамирчид ирж оролцсон учраас тойрог болгоны барилдаан хүнд байсан. Хамгийн хэцүү барилдаан гэвэл зооны аваргын төлөө Энэтхэгийн бөхтэй үнэхээр ширүүн өрсөлдсөн. Өнгөрсөн зун Казахстанд болсон багийн барилдаан Энэтхэгийн бөхөд 12:3-аар хожигдсон юм. Есөн онооны зөрүүтэй хожигдож байсан болохоор бага зэрэг эмээсэн. Гэхдээ бэлтгэл сайтай байсан болохоор өөртөө итгэлтэй байсан. Тэр барилдааныг хийж гарч ирээд л нэг том амьсгаа авсан даа.



Ерөнхийдөө би бага зэрэг сэтгэлзүйн айдастай байсан болохоор гол өрсөлдөгчөө хожлоо гэж бодсон. Шөвгийн наймд Кубын бөхтэй Энэтхэгийн бөх барилдсан юм. Тэр ялагдсан Кубын бөхөд өмнө нь дэлхийн цомоор хожигдсон удаатай. Тэр хоёр бөхийн аль ялсан нь надтай таарах гээд байдаг. Тийм болохоор хожсонтой нь даагаа нэхэх юм байна гэж бодоод, сэтгэлзүйгээ бэлтгээд л хүлээж байсан даа.


-Олимпийн эрхээ авч байгаа шүү дээ. Энэ жилийн дэлхийн аваргад оролцсон бөхчүүд Риод очих байх.  Тэгэхээр Олимпийн наадмаас медаль авах боломж байна шүү дээ?


-Хүн болгон л Олимпийн наадмаас медаль авахыг хүсч, зорьж барилддаг. Би ч гэсэн ялгаагүй тийм мөрөөдөлтэй. Бэлтгэл, сургуулилтаа сайн хийгээд, тактикаа нарийн боловсруулж, бүх зүйлээ зохицуулаад ороход медаль авахгүй гэх газаргүй.  Олимп, дэлхийн аварга, АНУ-ын бөх Жордан Бароустай дахиад финалд даагаа нэхээд зогсч байх боломж байгаа гэж бодож байна.

-Дэлхийн аваргаас медаль хүртэнэ гэдэг хэн дуртай аавын хүүгийн хийгээд байх ажил биш.  Тэгвэл медалийн тавцанд зогсоод, төрийн далбаагаа мандахыг харах үед ямар сэтгэгдэл төрж байв?


-Анх барилдаж эхэлж байхдаа Олимп, дэлхийн аварга болох л мөрөөдөл, зорилготой байлаа.  Хүүхэд байхдаа чөлөөт бөхөд дурлаж явлаа. Яваандаа ажил маань болсон. Сүүлдээ амьдралаа энэ спорттой холбоод ирэхээр дэлхийн аваргаас медаль хүртэж байж цааш цаашдын амжилтын үүд нээгдэнэ гэж л зүтгэж ирсэн. Тэр зүтгэлийнхээ үр шимийг хүртэж, медаль хүртэж чадлаа. Сайхан байна. Хэдийгээр төрийн дууллаа эгшиглүүлж чадаагүй ч гэсэн төрийнхөө далбааг мандуулаад зогсч байхад үнэхээр их сэтгэл хөдөлдөг юм билээ.


-Финалын барилдаанд уг нь АНУ-ын алдарт бөх, Олимп, дэлхийн аварга Жордан Барроустай барилдсан. Эхэндээ эн тэнцүү өрсөлдөж байгаад шидэж дөрвөн оноо авсан. Улмаар оноо тэнцсэн үед Америкийн дасгалжуулагч заргалдаад, өөрийн тань авсан дөрвөн оноог тооцоогүй шүү дээ. Тэр үед багш тань заргалдах гэтэл болиулсан. Яагаад тэгсэн юм бэ?


-Эхлээд дөрвөн оноо авч чадсан юм чинь дахиад авчих байх гэсэн сэтгэлзүйтэй барилдсан юм. Ямар ч спортын төрөлд нутгийн дэвжээнд эзэн орны бөхийг ялах хэцүү. Шүүгчид ч гэсэн нутгийн бөхөд илүү оноо дардаг, дэмждэг тохиолдол бүх л спортын төрөлд байгаа зүйл. Тийм болохоор нутгийн дэвжээн дээр нь том аварга бөхтэй нь барилдаж байж хүндлэх хэрэгтэй гэж бодсон. Мөн оноо авна гэж өөртөө маш их итгэсэн болохоор заргалдахаас цааргалсан юм. Маргаантай оноо авахаар сүүлдээ сэтгэлд сэвтэй юм болов уу ч гэж бодогдсон. Ямар ч байсан барилдаад л дуусгая, яасан ч яахав гэж бодсон. Тэгээд л заргалдалгүй барилдаад  дуусгасан даа.


-Сүүл рүүгээ ялагдалтайгаа эвлэрчихээгүй биз. Үзэгчийн хувиар харж байхад жаахан суух шиг болсон. Сүүлдээ 10:0-ээр ялагдсан шүү дээ?


-Барилдааны эхний үед тактикаа зөв бариад барилдсан. Харин хоёрдугаар үед тамирчдын бие тавираад, байдал жаахан өөрчлөгдөөд ирсэн. Тэгээд л бага зэрэг алдаа гаргачихсан. Тэгээд ч оноо тасраад ирэхээр темп өөрчлөгдчихсөн. Ингэхээр л алдаа гаргах талтай. Түүнээс биш хожигдчихлоо гэсэн бодол огт байгаагүй. Цаг дуустал л үзнэ дээ, яаж ийж байгаад л ялна гэж бодож байсан. Гэхдээ хамгаалалтдаа хэт анхаараад, довтолгоон дээрээ бага ажиллачихлаа л гэж бодсон.


-Тэмцээнд явахаасаа өмнө АНУ-ын бөхтэй таарах магадлалыг тооцож, судалгаа хийсэн биз дээ?


-Мэдээж жингийнхээ бүх өрсөлдөгчийг ямар нэг хэмжээгээр судална шүү дээ. Хэрвээ би аваргын төлөө юм уу, шөвгийн дөрөвт үлдлээ гэхэд АНУ-ын бөхтэй таарахгүй байна гэж байхгүй байсан. Яагаад гэвэл Жордан Барроус дэлхийд сүүлийн 4-5 жил босоо байгаа. Тийм болохоор аль нэг шатанд таарах л байсан. Хэрвээ хоёр өөр зоо сугалах юм бол аваргын төлөө энэ бөхтэй барилдана даа гэж бодож байлаа.


-Өмнө нь энэ бөхтэй таарч барилдсан уу?


-Өмнө нь хоёр удаа таарч барилдсан. Дэлхийн аваргаар гурав дахь удаагаа таарсан. Өнгөрсөн жил Туркийн Олон улсын тэмцээнд анх удаагаа таарч барилдсан. Анх барилдсан болохоор учраа олоогүй онооны илт давуугаар хожигдсон. Харин энэ жил дөрөвдүгээр сард Дэлхийн цомд таарч барилдаж, 6:0-ээр ялагдсан. Тэгээд л би “Ингэж ойрхон, тэнцүү шахам өрсөлдөж байгаа юм чинь хожих боломжтой юм байна гэсэн бодолтой барилдсан. Сая гарч надаас бага зэрэг жийрхсэн байдалтай байсан. Тэр хүний сэтгэл, зүрхэнд нэг юм хурсан л байна билээ. Өмнө нь юу юугүй дайраад  байдаг байсан чинь сая их няхуур барилдсан. Дараа надтай таарвал бүр өөрөөр, бодолтой, тактикаа боловсруулж, улам няхуур  барилдах байх гэж бодож байна. Тэр үед нь би бас арай илүү барилдах болов уу.



-Нэг хэсэг  чөлөөт бөх уналтад орсон. Ганц, хоёрхон шилдэг бөхөд л найддаг байсан. Тэгвэл энэ жилийн дэлхийн аваргаар манай бөхчүүд дэлхийн хэмжээнд хүрсэн шүү гэдгийг харуулж чадлаа. Манай эрэгтэй тамирчид хэдийгээр алтан медаль хүртэж чадаагүй ч гэсэн хоёр бөх финалдлаа. Шигшээ багийнхаа бөхчүүдийн талаар нэгийг хэлэх байх?


-Бид их багаасаа хамт бөхөөр хичээллэж ирсэн найзууд. Жаргал, зовлонгоо хуваалцаад л явж байгаа. Багш нар маань ч гэсэн биднийг багаас нь мэддэг, зааж сургаж ирсэн. 2013 оноос эхэлж шигшээ багийн багш нар маань шинэ бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж, маш сайн ажилласан. Тэгж ажилласны хүчинд Г.Мандахнаран маань 2013 онд дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн.   Үеийнхнээс нэг нь медаль аваад ирэхээр багийн уур амьсгал өөр болж, бид медаль авч чадах юм байна гэсэн итгэлтэй болсон.


Дэлхийн цомд 10 гаруй жил оролцож чадаагүй байсан хар цувралыг зогсоосон. Улмаар багаараа Дэлхийн цомд оролцож, тавдугаар байр эзлэсэн. Тэр үед улам ч их урам орсон. Бид илүү сайн үзэж чадах юм байна гэсэн сэтгэлзүйтэй болсон. 2014 онд Г.Мандахнаран, Э.Бэхбаяр хоёр дэлхийн аваргаас хос медаль авч ирсэн. Урам орчихсон байсан бид улам ч өөртөө итгэлтэй болж, өөрчлөгдөж, бэлтгэл сургуулилтаа идэвхтэй хийж эхэлсэн. Тэгээд л энэ жил амжилтаа улам ахиуллаа. Энэ бол бид бүгдээрээ, дээрээс нь багш нар маань маш их хичээсний үр дүн. Мөн Спорт бэлтгэлийн төв, ивээн тэтгэгч байгууллагууд, Чөлөөт бөхийн холбоо сайн ажилласны үр дүнд ийм амжилтад хүрсэн гэж бодож байна даа.


-Нэг жинд хүчтэй өрсөлдөгч олон байвал сайн тамирчин гарч ирдэг гэдэг. Үндсэндээ нэгнийхээ бэлтгэлийг хангаж өгдөг шүү дээ. Монголын 74 кг-д шинэ залуу тамирчид хэр их гарч ирж байна?


-Тамирчид байгаа байгаа. Олон ч сайхан залуучууд гарч ирж байна. Тэр дундаас миний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Д.Гомбодорж ах маань. Энэ жил улсын аваргын финалд намайг ялсан. Мөн сорилго барилдаанаар учраа таарч барилдахад намайг хожсон. “Монголиа опен” тэмцээнд Гомбоо ах түрүүлж, би мултарсан. Тодорхой хэмжээнд бэлтгэлээ сайн хийж байсан ч гэсэн бага зэрэг аз дутаад байсан. Дэлхийн аваргад бол Д.Гомбодорж ах явахаар болсон байсан. Гэтэл Америкийн визэнд ороод, виз нь гараагүй. Тэгээд л би дэлхийн аваргад оролцоод, мөнгөн медаль авчихлаа.


-Үнэхээр азтай, хийморьтой байж. Ёстой нөгөө хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг л юм болж дээ?


-Үнэхээр азтай байлаа. Тийм болохоор жингийнхээ ахад баярлалаа гэж хэлье. Бид хоёр биенээ хурцалж, ялж, ялагдаж байж ийм амжилтад хүрч чадсан.


-Ирснээсээ хойш уулзсан биз дээ. Юу гэж байх юм?


-“Мундаг юм аа, жингийн дүүдээ баяр хүргэе” гэсэн. Биднийг ирэхэд онгоцны буудал дээр тоссон.  Ямар ч байсан 74 кг-ын жингийнхээ нэрийг унагалгүй, хамгаалаад л ирлээ дээ.  

 

 

15 жил зүтгэсний эцэст дэлхийн аваргаас медаль авлаа   


-Чөлөөт бөхөөр хэчнээн жил барилдаж байна?


-Би 2000 оны есдүгээр сард чөлөөт бөхөөр хичээллэж эхэлж байлаа. 15 жил хичээллэсний эцэст дэлхийн аваргаас медаль авлаа.  Анх 12 настайдаа чөлөөт бөхийн спорт руу хөл тавьж байлаа. Тэр үедээ Дархан-Уул аймгийн Спорт хорооны дасгалжуулагч байсан Ц.Баярсайхан багшийн удирдлага дор бөхийн спортын замналаа эхлүүлж байлаа. Одоо хүртэл тэр багшийнхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилтаа хийж байгаа. 


-Тамирчин бүхэнд тухайн спортыг сонгосон шалтгаан, бяцхан түүх байдаг шүү дээ. Тэр түүхээсээ хуваалцвал?


-Их санаандгүй юм болсон юм. Манай сургуулийн математикийн багш Ц.Баярсайхан багшийн найз нь байж л дээ. Тэгээд манай ангид багшийг дагуулж орж ирээд, чөлөөт бөхөөр барилдах сонирхолтой хүүхдүүд байвал секцэнд ороорой гэсэн. Би ангийнхаа хамгийн намхан нь байсан болохоор урд талын ширээнд суудаг байлаа. Гэтэл математикийн багш “Өнөрбат барилдаж магадгүй, чи нэг босоодох” гэдэг юм. Тэгээд л маргааш өглөө нь ангиасаа ганцаараа очоод, барилдаж эхэлсэн дээ.

 


-Бөхөд хэр их сонирхолтой байсан бэ?


-Ерөнхийдөө спорт их сонирхдог хүүхэд байлаа. Сургуулийнхаа намрын спортын наадамд оролцоод, гүйдэг байсан. Манай Дарханд хоёр клуб байдаг байлаа. Нэг нь “Монгол алт” гэдэг компанийн захирал н.Мөнхтөрийн байгуулсан “Хайрхан” гэдэг клуб байсан.  Сүүлдээ хоёр клуб нэгдээд, н.Мөнхтөр захирал Дархандаа чөлөөт бөхийг хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн. Энэ бол бидний ур чадвар сайжирч, гарч ирэхэд маш ихээр нөлөөлсөн.   Хоёр клуб тусдаа байхад манай ангийн нэг хүүхэд “Хайрхан” клубт явдаг байлаа. Би тэр үед бөхөөр хичээллэж эхлээгүй байсан юм. Нэг өдөр очоод барилдсан чинь намайг нэг их сонин мэхээр унагаасан. Тэгэхээр нь айгаад дахиж барилдаагүй. Гэтэл сүүлд Ц.Баярсайхан багш маань сургууль дээр ирэхэд барилдмаар санагдаад л чөлөөт бөх рүү эргэлт буцалтгүй орсон доо.


-Анхны тэмцээний тухай яриач. Медаль авч байв уу?


-Би есдүгээр сард чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн гэж дээр дурьдсан. Тэр жилийн арвэннэгдүгээр сард нь “Долгор багшийн нэрэмжит тэмцээн” гээд тэмцээн Дарханд болж байлаа. Түүнд орж, хоёр тойрог ялаад ялагдсан. Тэр үедээ маш их урам орж, бэлтгэлээ илүү хийж эхэлсэн. Түүнийхээ үр шимийг тун удахгүй хүртэж, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт орлоо.


Тэгээд л илүү их хичээж барилдахаар шийдсэн. Өвөл нь нэгдүгээр сард Сэлэнгэд болсон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль авсан. Тэр үед л барилдаж болох юм байна гэсэн сэтгэгдэл төрж, ээж, аав хоёр маань ч маш их дэмжсэн. Дараа нь  Жон Петерсоны нэрэмжит  тэмцээнд оролцоод, дахиж түрүүлээд. Ингээд хоёр дараалаад тэмцээнд түрүүлчихээр өөртөө илүү итгэлтэй болсон. Тэр жилийн зун нь Жон Петерсоны нэрэмжит тэмцээнд түрүүлсэн хүүхдүүдийг Америк руу цугларалтад авч явсан. Ингээд л бөхийн спортод эргэлт буцалтгүй орж, дурлаж эхэлсэн дээ.


-Энэ жил дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан. Өмнө нь ямар тэмцээнүүдээс медаль хүртэж байв. Чөлөөт бөх сонирхож үздэг хүмүүс ч өөрийг тань таньдаг байх. Түүний хажуугаар энэ залуу хэзээ гараад ирэв гэх ч хүмүүс байна?


-Эхлээд өсвөр үеийн тэмцээнүүдэд багш нартайгаа явж, оролцдог байлаа. 2005 онд их өсвөрийн Азийн аваргад түрүүлж байсан. Тэгээд тэр ондоо 17 настай хүүхэд байхдаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хүрэл медаль авсан. 2008 онд бүх ард түмний спартикиадад түрүүлсэн. Мөн Ази тивийн аваргаас мөнгөн медаль авч байлаа. Тэр жил надтай Азийн аваргад учраа таарч, ялагдсан хоёр бөх Бээжингийн Олимпийн наадамд хоорондоо хүрэл медалийн төлөө барилдахаар нь би их урам орсон. Энэ бөхчүүдийг би ялсан. Гэтэл энэ хүмүүс Олимпийн наадмаас хүрэл авч байна. Тийм болохоор тив, дэлхийн медаль авах боломж надад байна, тун удахгүй байх гэсэн сэтгэгдэл төрж байсан.  2009 онд дэлхийн аваргад очоод, шигшээ наймд үлдэж, Туркийн бөхөд ялагдаад өнгөрч байсан. Тэр үед би 66 кг-д барилддаг байсан. Харин 2011 оноос 74 кг-д барилдаж эхэлсэн. Тэр ондоо дэлхийн аваргад очоод, эхний тойрогтоо хожигдсон. Харин 2012 онд Олимпийн эрх олгох тэмцээнд очиж барилдаж, түрүүлсэн. Улмаар Олимпийн эрхээ аваад, Лондон-2012-т оролцсон доо. 2013 онд улсын аваргад хүрэл аваад, дэлхийн аваргад явж чадаагүй. Өнгөрсөн жил Казахстаны бөхөд бага зэрэг тактикийн алдаа гаргаж ялагдсан. Харин энэ жил яваад, санасанаа гүйцээгээд ирлээ.


-Бөх болгонд дархан мэх гэж байдаг даа. Сурсан, дадсан, тулсан газар хийхэд оноо салгачихдаг ч гэдэг юм уу. Өөрийн чинь дархан мэх гэвэл?


-Би ерөнхийдөө гараа маш сайн ажиллуулж, өрсөлдөгчөө ядрааж барилдах тактик хэрэглэдэг. Улмаар ажиллаж байх дундуураа хөл авах мэх хийдэг. Сүүлийн үед үндэсний бөхийн барилдааны мэхүүдийг их хийдэг болоод байгаа. Хавирах, мордох, хонгодох гээд л. Одоогоор энэ мэхнүүдээ наана, цаана нь оруулаад л хийж байна даа.


-Сая дэлхийн аваргад хэвтэн цохио хийж харагдсан?


-Хүн харахад хэвтэн цохио гэж хэлж болохоор л доо. Бусгаад өшиглөчихсөн юм. Францын бөхтэй барилдаж байхдаа тэр мэхийг хийж, дөрвөн оноо авсан юм. Ерөнхийдөө Европын бөхчүүд манай үндэсний бөхийн мэхийг мэдрэхгүй явдаг. Тэгээд өндөр болохоор барьц авах боломж их байдаг. Тиймэрхүү мэх хийх боломж ч ер нь гардаг. Тэгээд л боломж гараад ирэхээр нь хийгээд байгаа юм.


-Явцын дунд л хийчихсэн үү. Эсвэл дэвжээнд гарахдаа л төлөвлөж байсан юм уу. Уран мэх хийсэн болохоор илүү их сонирхоод байна л даа?


-Бодож, төлөвлөж байсан. Бие норчихвол барьц авч чадахгүй болчихсон. Тийм болохоор бие хуурай байхад хийнэ гэсэн бодолтой гарсан. Тэгээд барилдаан эхлээд хоёр минут өнгөрч байхад хийгээд, дөрвөн оноо авсан.


-Европын бөхчүүдтэй барилдахад ямархуу байдаг вэ. Үзэж байхад тэд өндөр болохоор мэхэнд унаж өгөхгүй, нойтон барилдаан­тай юм шиг санагддаг?


-Харин ч боломжийн байдаг юм. Азийн бөхчүүдийн ажиллах чадвар илүү юм шиг надад санагддаг. Европын бөхчүүд хэдийгээр өндөр, чацархаг ч гэсэн барьцанд нь орохгүй, өөрийнхөө барилдааныг гаргаад явахад амархан цуцдаг. Дээрээс нь сэтгэлзүй муутай юм шиг санагддаг. Ганц, хоёр оноогоор хожигдоод эхлэхээрээ л барилдаан нь гарахаа больдог, сэтгэлийн тэнхээ муутай юм шиг л надад санагддаг. Гэхдээ Европын мундаг тамирчид байгаа шүү дээ. Тэдэнтэй өөрийнхөө барилдааныг гаргаад л үзэхэд болдог юм.  

 

 

 

Бэлтгэлээ хийгээд, жингээ хасаад, тэмцээндээ амжилттай оролцох л тамирчин хүний  жаргал шүү дээ

 


-Манай чөлөөт бөхийн тамирчдын ур чадвар илт өсч эхэллээ. Ямар хүчин зүйл нөлөөлсний улмаас бөхчүүдийн амжилт сайжирч байна гэж боддог вэ. Энэ спортын тогоонд нь буцалж яваа тамирчин хүний хувьд хариулаач?


-Ний нуугүй хэлэхэд тамирчин бүхэн хувь хувьдаа хичээсний хүчинд амжилт нь өсч байгаа гэж боддог. Бүгд л зорьсон зорилготой. Зорилгоо ойлгочихсон, түүнийхээ төлөө зүтгэж байгаа болохоор дагаад  амжилт нь ч өсч байна шүү дээ.


-Тамирчин байна гэдэг тун хэцүү юм шиг санагддаг. Дэлхийд амжилт гаргаад, Олимпийн наадмаас медаль авчихвал амьдрал ахуй дээшлээд явдаг. Тэгэхгүйгээр амжилт багатай явж байгаад л юу ч байхгүй хоцордог тамирчид ч байна. 15 жил барилдсан хүний хувьд тамирчны жаргал, зовлонг маш сайн ойлгодог байх?


-Амжилт гаргаад, дэлхий, олимпиос медаль авсан тамирчдаа харахад сайн сайхан болоод л явж байна. Бэртэл гэмтэл аваад үлдэж байгаа. Эсвэл зорилгоо ойлгохгүй, улсын аваргаасаа медаль авч чадахгүй, Олон улсын тэмцээнд оролцож чадахгүй болохоороо сэтгэлээр унадаг. Ар гэрийн амьдралаас болоод спортоо орхиж байгаа сайн залуучууд зөндөө л байдаг.  Миний хувьд бэлтгэлээ хийгээд, жингээ хасаад, тэмцээндээ амжилттай оролцох л тамирчин хүний  жаргал шүү дээ.  Монголчуудаа, аав, ээж, гэр бүлийнхний баярлуулах ч гэсэн тамирчин бүхэнд тохиодог жаргалтай мөчүүдийн л нэг. Мэдээж хэцүү цаг үе байлгүй яах вэ. Чөлөөт бөх, тулааны спортын тамирчдын хамгийн хэцүү зүйл бол жин хасах. Мөн амжилт гаргахгүй, урам хугарах үе бол хамгийн хэцүү зүйл байдаг.


-Хэр их урам хугарч байв?


-Байлгүй яах вэ. Хожигдохооргүй зүйл дээр ялагдчихаар урам хугарна. Хийсэн мэх маань санасанаар болохгүй болохоор урам хугардаг. Амьдралын янз бүрийн асуудал дээр ч урам хугарах үе байдаг. Тэр болгоны дараа зааландаа очоод, бэлтгэлээ хийдэг. Бэлтгэлээ хийгээд гарч ирсний дараа сэтгэл санаа сайхан болоод л явчихдаг юм. 



-Нэг үеэ бодвол төр засгаас тамирчдаа дэмждэг болчихлоо. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртвэл сард сая төгрөгийн урамшуулал өгч байгаа. Амжилт гаргасан тамирчны хувьд энэ бол боломжийн л дэмжлэг болчихоод байна?


-Ерөнхийлөгчийн зарлигаар тамирчдад урамшуулал олгож эхэлснээр спортоор хичээллэж байгаа залуучуудыг зорилготой болгосон. Би амжилтад хүрч чадвал хоолтойгоо залгана гэж бодож зүтгэж байна. Зарим тамирчид ар гэрийн асуудлаас болоод амжилт гаргаж чадахгүй тохиолдол бий. Тийм болохоор энэ урамшуулал үнэхээр том дэмжлэг. Өнөөгийн нийгэмд мөнгө гэдэг маш чухал зүйлийн нэг болоод хувирчихлаа шүү дээ. Тийм болохоор төр засгаас тамирчдыг ингэж дэмжиж байгаад талархаж явдаг. 


-Тамирчидтай ярилцаж байхад нийгмийн асуудлаа шийдчихвэл гэж хэлдэг. Байр савнаас авахуулаад л. Өөрийн тань хувьд энэ асуудлуудаа шийдэж чадсан уу?


-Энэ асуудал бол тамирчдын өмнө тулгамдаж байгаа гол зүйлийн нэг шүү дээ. Хөдөөнөөс орж ирж байгаа хотод гэр оронгүй тамирчид байр түрээслэх болно. Хоолтойгоо залгачихаад л үзээд, тэр зуураа хажуу өрөө ч хамаагүй түрээслээд л явдаг. Миний хувьд нийгмийн асуудлаа эхнээс нь шийдээд явж байгаа. “Хасу Мегават” компанийн захирал Түмэн-Аюуш ах маань бидний нийгмийн асуудлыг шийдэж өгдөг. Энэ жил байр савны асуудлыг шийдэж өгсөн. Хавар байртай болсон юм. Байрныхаа асуудлыг шийдчихээр миний сэтгэлд байгаа ачаа хөнгөрөөд, бэлтгэлээс өөр бодох, санах зүйлгүй болсон. Ер нь тамирчдаа дэмжиж байгаа дэмжигч байгууллагууд нийгмийн асуудлыг нь сайн шийдээд өгчих юм бол илүү их амжилт гаргах боломж байна. 


Би дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн нь нийгмийн асуудлаа шийдүүлчихээд, санаа зовох зүйлгүй бэлтгэлээ хийсэнтэй холбоотой ч байж болно гэж бодож байгаа. Байр сав яах билээ, ар гэрийнхэн маань хэцүү байгаа шүү гэж бодох зүйлгүйгээр зөвхөн бэлтгэлээ хийгээд л явсан болохоор амжилт гаргасан.


-Гэр бүлээ танилцуулаач. Хэнтэйгээ хамт амьдарч байгаа вэ?


-Аав, ээж хоёр маань Дарханд байдаг. Би Улаанбаатарт эхнэр, хүүхэд, дүүтэйгээ дөрвүүлээ амьдарч байгаа. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 31-нд хүү маань төрсөн. 


-Сайхан гэр бүл байна. Тамирчин хүний хувьд зорьсон зорилгодоо тодорхой хэмжээнд хүрээд, дэлхийн аваргаас медаль хүртчихлээ. Одоо ганцхан Олимпийн наадамд л амжилт гаргах үлдэж?


-Олимпийн наадамд л сайн барилдмаар байна. Гэхдээ Олимпийн наадамд оролцоно гэж өөртөө сэтгэлийн дарамт үүсгээд байхыг хүсэхгүй байгаа. Тамирчин хүний гол амжилт гаргах хүчин зүйл нь бэлтгэл сургуулилт байдаг. Тийм болохоор Олимпийн наадам эхлэх өдөр болтол бэлтгэлээ сайн хийнэ дээ. Ер нь бол би ч эрхээ авчихаж байгаа юм биш. Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчид 74 кг-д эрхээ авч байна гэсэн үг. Тийм болохоор улсынхаа аваргад эхлээд түрүүлэх ёстой. Дараа нь Олон улсын тэмцээнүүдэд амжилт гаргах хэрэгтэй. Илүү их хариуцлага ирсэн болохоор улам л хичээх хэрэгтэй байна. 

 



Н.Пунцагболд

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Olims signala evgyi tatar val eh ici davaand yvchih bai jy un dAgathe neheh ahana ch taarsan ylahgyi ni oilgomjtoi. Daruuhan baisan ni déférée
2015-09-23
kkkk:
nusaa sugartal hojigdchihood boliod og zugeer.
2015-09-21
Зочин:
Барроус гээд байх юм. Борроу гэж уншина шүү дээ.
2015-09-19
Зочин:
unendee hariin haan ch hureheergui baisan shu de video bichlegee ujeerei humuus ujsen dugneltee tavisan bgaaa beltgelee saijruul shuugchiin hudal hashgirahaas bu ai zoriud chamaag ailgah geed daramt ugeh geed hashiraad baisan shuu oilgovuu geed
2015-09-18
зочин:
Наад америкийн өмнөдийн боолын эздийн хөвөнгийн тариалангийн талбайд шилж шалгаруулсан нутгийн шилмэл омгийн адгуусыг чинь ялахад тун хүнд.Сүхбаатарын хурд Өвөрхангайн хурд хоёр уралдахтай төстэй юм.Дээр нь байдгаар нь допингоор бордчихсоныг хэлэх үү. Аятайхан сугалаа татаж сайхан амжилт гаргасан байна.Одоо бэлтгэлээ бүүр илүү сайн хийж олимпод сайхан амжилт гаргахыг ерөөе
2015-09-17
Зочин:
аймаар юм болсон бхаа хөх няц болсон бнлээ
2015-09-17
Зочин:
erdemtei hun daruu gedeg dee.olimpiin naadamd neg davna gedeg hetsuu shdee.manai cholootiinhon judochdoosoo ulger avmaar ym.neg l ongirson nohduud bh ym.daruuuhan bval surtei shd.dasgaljuulagch tsogtbayr genuu neg shulsee usergesen ymarch bolovsrolgui neg nohor bna.tiim metiin ymnuudiig zailuulval taarah ym
2015-09-17
Зочин:
SUGALAA NI MASH SAIKHAN BAISAN DAA . HUGUU ZOND NI AMERIK , OROS , IRAN TURK GEED BUKH MUNDAG URSULDUGCH NAR NI KHOORONDOO ALALTSAAD DUUSSAN, BOLOLTSOOGOO MASH SAIN ASHIGLASAN DAA
2015-09-17