Ирээдүйн алдартнууд эндээс төрнө
2015-09-17

 

Өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн спортын төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцах завшаан тохиосон юм. Тус сургууль нь тохилог хичээлийн байр, 100 хүүхдийн дотуур байр, 30х18 хэмжээтэй спорт заал, 18х12 хэмжээтэй бөхийн хоёр заал, урлагийн хоёр заал, гал тогоо хоолны заал, душ саун, мэдээлэл зүйн кабинет, номын сан уншлагын танхим зэргээс бүрддэг аж.  

 

Сургуулийн хаалгаар ороход “...Аавтайгаа ээжтэйгээ ашдын заяагаа дагаад ирэхэд алтан ном дэлгээд угтлаа ... хэмээн дуулах хүүхдийн цангинасан дуу цуурайтаж угтав.

 

Ангийн хаалгыг татан ороход сурагчийн дүрэмт хувцсаар жигдэрсэн хүүхдүүд

“...Аавтайгаа ээжтэйгээ ашдын заяагаа дагаад ирэхэд алтан ном дэлгээд угтлаа

Ухааныг дээдлэх дээдсийн ёсоо ус нутаг шигээ хайрлах хувьтайяа

Аавтайгаа ээжтэйгээ ардын сургуулиа зориод ирэхэд ачит багш тосоод угтлаа

Номдоо мөргөх өвгөдийн ёсоо өвлөн авах буян заяатайяа... хэмээн  чин сэтгэлээсээ дуулж байв.

 

Тэд бол монголдоо анхны биеийн тамир спортын зориулалттай барилга байгууламжтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тус сургуулийн 3а ангийн сурагчид ажээ. Хүүхдүүдийг дуугаа дуулж дууссаны дараа сэтгэгдлийг нь сонссон юм.

 

 

Би гүйлтийн сайн тамирчин болно оо

/С.Сувдмаа/

 

-Өөрийгөө танилцуулаач?

-Намайг Сувдмаа гэдэг. Би Өндөр-Улаан сумаас ирсэн.

 

-Ямар спортоор хичээллэх гэж энэ сургуульд ирсэн бэ?

-Би гүйлтийн тамирчин болно. Сайн тамирчин болно оо.

 

 

Би гимнастикчин болоод олон улсын тэмцээнд орно

/А.Минжин/

 

-Чи хаанаас ирсэн бэ?

 -Би Дарханаас ирсэн

 

-Сургуулиас нь хол байдаг Дархан хотоос ирсэн юм  уу?

-Мэдэхгүй /хэсэг бодож зогсоод хэлсэн үг нь/

 

-Ямар спортын тамирчин болохыг хүсэж байна?

 -Би том болоод гимнастикчин болно. Олон улсын тэмцээнд орно.

 

-Яагаад гимнастикчин болохыг хүссэн юм бэ?

-Гимнастикийн тамирчдыг зурагтаар харсан. Маш их таалагдсан.

 

 

Хүүхдүүд бүгд спортын алдартай тамирчид болно гээд ирсэн

/Ангийн багш н.Аюурзана/

 

 

-Ангийнхаа хүүхдүүдийн талаар сэтгэгдэл ямар байна.

-Би 12 дахь жилдээ бага ангийн багшаар ажиллаж байна. Манай ангийн хүүхдүүд бүгд спортын алдартай тамирчид болно гээд энд ирцгээсэн гэсэн. Секц дугуйлангууд явагдаад эхэлсэн. Хүүхдүүд гэрээсээ хол байгаа ч манай улсын анхны спортын төрөлжсөн дунд сургуулийн сурагчид болсон. Хичээл эхлээд удаагүй байгаа болохоор хүүхдүүд маань гэрээ санах нь гайгүй байна. Хамгийн хол нь Дархан-Уул аймгаас ирсэн хүүхэд байгаа. Гэхдээ гэрээрээ ирсэн.

 

-Гэрээрээ ирсэн гэв үү?

-Тиймээ. Дарханаас ирсэн  хүүхдийн хувьд гэрээрээ нүүж ирсэн. Манай сургуулийн 3, 7, 9 дүгээр ангид хүүхдүүдээ сургаж, тамирчин болгоно гээд ээж аав нь зориод ирсэн юм билээ.

 

Дараа нь бид сургуулийн анги танхимтай танилцаж явсаар спорт зааланд ороход  сагсан бөмбөгийн секцийн тамирчид бэлтгэлээ хийж байгаатай таарсан. Орон нутагт байтугай нийслэлийн дунд сургуулиудад ч ховорхон таарах зориулалтын шалтай, өндөр төлбөртэй сургуулиудаас дутахааргүй тохижилттой харагдаж байлаа.

 

Энэ үеэр тус сургуулийн Сургалт хариуцсан менежер Л.Эрдэнэцогт “Энэ хичээллийн жилд манай сургууль самбо, жудо, чөлөөт бөх, сагс волейбол, бадминтон, теннис, хөнгөн атлетик, цана гэсэн төрлүүдээр анги нээж ажилуулж байна.

 

Дандаа мэргэжлийн спортын тамирчид, спортын дэд мастераас дээш зэрэгтэй хүмүүс сурагчдад  хичээл заадаг. Манай сургуульд багш нарыгаа дагаад ирсэн сурагчид цөөнгүй байгаа” хэмээн онцолж байлаа.

 

Мөн энэ үеэр сургуулийн гаднах талбайд бэлтгэл хийж байгаа хүүхдүүдийн багшаас цөөн асуултад хариулт авсан юм.

 

 

Тамирчин хүнийг хүүхэд байхаас нь бэлдэнэ гэдэг их чухал

 

-Өөрийгөө танилцуулаач?

-МУБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийн IV дүгээр курсын оюутан н.Мөнхбулган  гэдэг. Би энэ сургуульд дадлагын багшаар ирсэн байгаа.

 

-Спортын төрөлжсөн сургууль бий  болсон нь ямар санагдаж байна?

-Маш их таалагдаж байна. Тамирчин хүнийг хүүхэд байхаас нь яг ингэж бэлдэнэ гэдэг их чухал. Багаас нь спортод дуртай болгоод системтэйгээр бэлтгэл сургуулилт хийснээр  ирээдүйн сайн тамирчид бэлтгэгдэнэ. Учир нь хүүхдүүд цөм спортод дуртай учраас чин сэтгэлээсээ хичээж, бэлтгэл сургуулилт илүү үр дүнтэй нь харагдаж байгаа.

 

Ийнхүү Архангай аймагт ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан сайн тамирчин болно гэсэн чин сэтгэлтэй хүүхдүүд эрч хүчээр дүүрэн, бэлтгэл сургуулилтаа хийж, суралцаж байна. Зорьсондоо хүрэх зориг тэвчээр, тэсвэр хатуужилтай байж мэргэжлийн сайн тамирчид болохыг хүсэн ерөөе.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин