Унгар дүрвэгсдээс уучлал гуйхгүй
2015-09-18

Дүрвэгсдийн эсрэг хүч хэрэглэсэн Унгарын хилийн хамгаалагчдыг хамгаалж тус улсын удирдлагууд мэдэгдэл хийсэн байна. Энэ талаар Их Британийн “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Унгарын хилийн цэргүүд өчигдөр Ойрхи Дорнод болон Хойд Африкаас цагаачлан ирсэн дүрвэгсдийн эсрэг хүч хэрэглэж, улмаар нулимс асгаруулагч хий ашигласан билээ. Тус улс дээрх үйлдлийнхээ төлөө дүрвэгсэд болон олон улсаас уучлалт гуйх шаардлагагүй хэмээн мэдэгдэв. Унгар энэ сарын 15-наас хилээ хааж, дүрвэгсэд хүлээн авахаа зогсоосон юм. “Хэт даврагчид дүрвэгсдийн дүрд хувирч, барууны орнуудад халдлага үйлдэхээр төлөвлөж байна” хэмээн хэвлэлүүд мэдээлж эхэлсэн. Энэхүү мэдээлэл батлагдаагүй ч аюулаас урьдчилан сэргийлж хилээ хааж буйгаа тус улс мэдэгдсэн билээ.

 

“Дүрвэгсдийн эсрэг яагаад нулимс асгаруулагч хий ашигласан бэ” хэмээх НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний асуултад Унгарын Ерөнхий сайд хариулахдаа “Бид эхэлж хүч хэрэглээгүй. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн дүрвэгсдийн урсгалыг сааруулахын тулд хорио тавьж эхэлсэн. Өчигдөр олон мянган дүрвэгч хилийн хамгаалалтыг үл тоон дайрч, Унгар улсад зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан. Бид аргагүйн эрхэнд нулимс асгаруулагч хий ашигласан ч хилийн цэргүүдийг дүрвэгсдийн эсрэг галт зэвсэг ашиглахыг хатуу хориглосон. Засгийн газар энэ асуудалд анхаарлаа хандуулж, хяналт тавьсан” гэж хариулжээ.

 

Гэрчүүдийн ярьж буйгаар “Африк гаралтай олон мянган цагаач Серби улсаас Унгар улс руу нэвтрэхийн завдсан. Унгарын цагдаа нар гэнэтийн дайралтын дараа хүчин мөхстөж, аргагүйн эрхэнд нулимс асгаруулагч хий болон даралттай ус ашигласан. Энэ үеэр олон зуун хүүхэд хорт хийнд хордож, хүндхэн байдалд орсон. Хилийн цэргүүд болон дүрвэгсдийн асуудлаас болж олон хүүхэд хохирогч боллоо. Тэд амьсгал авахын тулд гартаа барьж байсан балга усаараа нүүрээ угааж байхыг харсан. Нулимс асгаруулагч хий ашигласнаас болж дүрвэгсэд дургүйцлээ илэрхийлж, шил, чулуу зэргийг хамгаалагчид руу шидэж, зарим хэсэгт мөргөлдөөн үүссэн” гэжээ.

 

Хилийн хамгаалагчдын эсрэг хүч хэрэглэсэн 20 гаруй дүрвэгчийг баривчилжээ. Энэхүү үйл явдлын дараа дүрвэгсэд Унгарын хилийг чөлөөлж, Хорват улсыг чиглэх болсон байна. Мөн Серби улсыг орхин гарах дүрвэгсдийн цуваа нэмэгдсэн байна. Тус улсын Ерөнхий сайд Александр Вучич “Бид дүрвэгсдийн сонголтыг хүндэтгэж байна. Гэхдээ дүрвэгсдийн эсрэг хортой хий ашигласан нь буруу алхам. Энэ асуудалд НҮБ болон Европын холбоо анхаарлаа хандуулж, Унгарын эсрэг хориг тавих ёстой” гэж мэдэгдэж, хоёр улсын дунд таагүй харилцаа үүсч эхэлсэн болохыг “AFP” агентлаг онцлов.

 

Иракаас Унгар улсад ирсэн Мухаммед Гари гэх залуу “Биднийг хэн ч хүлээн авахгүй бол амиа хорлохоос өөр сонголт алга. Бидний амь нас та бүхний гарт байна. Сонголтоо өөрсдөө хий. Хэзээ үхэхээ мэдэхгүй ч тэр өдрийг хүртэл өөдрөгөөр амьдрах болно” гэж хэлжээ. Залуугийн яриаг “AFP” агентлаг твиттертээ нийтэлж “Жинхэнэ үнэн” гэж жиргэсэн байна.

 

Унгар улс тохиролцооны дагуу 12 мянган дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн ч энэ тоо хэдийнэ 20 мянгад хүрсэн болохыг даваа гаригт болсон Европын холбооны удирдлагуудын уулзалтын үеэр мэдэгдсэн билээ. Уулзалтын үеэр Европын холбооны нэг улс хамгийн багадаа 210 мянгаас доошгүй дүрвэгч хүлээн авах ёстой гэх санал дэвшүүлсэн ч дэмжигдээгүй юм. Унгар улс энэ асуудалд “210 мянган дүрвэгч манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх болно” гэж мэдэгдэж, дүрвэгсдийн тоог 20 мянгад барихаа сануулжээ.

 

Герман улс 200 мянган дүрвэгч хүлээн авах боломжтой гэдгээ мэдэгдсэн ч Германыг зорих дүрвэгсдийн урсгал саарах хүртэл хэсэгтээ дүрвэгсэд хүлээн авахгүй гэдгээ Канцлер Ангила Меркел мэдэгдэв. Дүрвэгсдийн ихэнх нь Германд цагаачлахыг хүсч байгаа. Харин Унгар улс, Германыг зорих дүрвэгсдийн хувьд гол гүүр болж байгаа учир дүрвэгсэд тус улсыг зорин ирсээр байна.  

 

Унгарын хүч хэрэглэсэн асуудалтай холбоотойгоор ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Дүрвэгсдийн эсрэг хүч хэрэглэх нь болчимгүй үйлдэл. Дахиад л дүрвэгсдийн асуудал олон улсын анхаарлын төвд орлоо” гэж мэдэгджээ. Туркийн эргээс олдсон Алан Курди хүүгийн үхэл Европын орнуудад хүнд цохилт өгч, барууны олон улс дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдэж, “үүлтэй тэнгэрийг гэнэт л цэлмэг” болгосон. Тэгвэл барууны орнууд урьдчилан бэлтгээгүй, дүр эсгэсэн мэдэгдлийнхээ төлөө өөрсдөө хүндхэн байдалд орж эхэлжээ. Энэ долоо хоногоос эхлэн Герман, Унгар, Серби хилээ хааж буйгаа мэдэгдэж, хэзээнээс дүрвэгсэд хүлээн авах тухайгаа мэдэгдэхээс татгалзав.

 

Энэ бүхнийг алсаас харж суусан Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад хагас жилийн дараа дүрвэгсэд болон хэт даврагчдын асуудлаар оросын хэвлэлд ярилцлага өгөхийг зөвшөөрчээ. Тэрбээр “Хэт даврагчдыг барууны орнууд алсаас дэмжиж, зэвсгээр хангахгүй бол дүрвэгсэд та бүхнийг чиглэн очихгүй. Хэт даврагчдын ард та бүхэн байгаа. Та бүхний бий болгосон тэр хүмүүс хэсэгхэн хугацааны дараа та бүхний толгойны өвчин болж эхэллээ. Барууны орнуудыг чиглэн очиж буй дүрвэгсдийг хүлээн авч, тэдэнд боломж олгох нь та бүхний үүрэг” гэж ярьжээ.

 

Ассадын ярилцлагын дараа Европын холбооны удирдлагууд дүргүйцлээ илэрхийлж “Ойрхи Дорнодын хямралд биднийг буруутгах шаардлагагүй. Бид хэт даврагчдаас энгийн иргэдийг чөлөөлж буйг мартах учиргүй” гэж хариу мэдэгдсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ассадад туслахаа мэдэгдэж, тус улс руу цэргүүдээ илгээхээс гадна Латиака хотноо нисэх зурвас байгуулж байгаа. Пентагон “Оросын 350 цэрэг хэт даврагчдын эсрэг тулалдаж байгаа” хэмээн мэдээлсэн ч Орос, Сирийн удирдлагууд баталсангүй. Ассад, Путиний тусламжтай эрх мэдлээ авч үлдэхээс гадна хэт даврагчдаас салах давхар төлөвлөгөөтэй байгаа хэмээн барууны хэвлэлүүд мэдээлж байна.

 

Үргэлж Путин, Ассад хоёрыг гоочилдог АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүртэл Унгар болон хэт даврагчдын асуудлаар өөрийн байр сууриа хүргэв. Обама “Түр зуурын хямралын өмнө бүү өвдөг сөгд. Эх орноо хамгаалах нь чухал ч хүний эрхийг зөрчихгүй байх ёстой. Ассад жинхэнэ дайснаа таних хэрэгтэй” мэдэгджээ.

 

Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гаригт сирийн 10 мянган иргэнд орогнол олгохоо мэдэгдсэн. Гэхдээ Обамагийн шийдвэрийг сөрөг хүчин Бүгд найрамдахчуудаас гадна намын нөхөд нь хүртэл буруутгаж, тоогоо танаж 5000 болгохыг уриалаад байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
usa ooroo av:
нүб - Бан ги мун юу вэ ? albatai bish usa odoo ene durvegchidee oorsdoo avah yostoi
2015-09-19
Зочин:
albatai bish gai l bn sh de.ooriin uls undesten ard irged undesnii ayulgui bdlaa 1d tavihaas oor yahiin
2015-09-18
321321:
tiishtee, durvegch bol ulsiin irgen bish. tegeheer huleen avahad hecuu shvv dee.
2015-09-18
zochin:
uursdiinh ni bureesen buteel ergeed tolgoi deer ni chuluu hayalaa... USA baruunii tomchuud odoo gesgeelee hurteh bolov uu
2015-09-18