Зорчигчдыг аварсан иргэдтэй уулзав
2015-09-18

Францын зорчигч тээврийн галт тэргэнд өнгөрсөн сарын сүүлээр исламын шашинтан Ауиб эль Хазаззине гэгч халдлага үйлдэхийг санаархсан билээ. Түүнийг гал нээх үед АНУ-ын гурван иргэн, Их Британийн нэг иргэн түүний анхаарлыг өөр зүгт хандуулж, улмаар баривчилсан юм. Халдагчийг амьдаар нь барьснаас гадна зорчигчдын амь насыг аварсан дээрх дөрвөн иргэнийг Парис хотын дарга хүндэт медалиар шагнаж, талархал дэвшүүлсэн аж. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама галт тэрэгний халдлагын үеэр эр зориг гаргасан гурван иргэнээ хүлээн авч, талархал дэвшүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Обама хэлэхдээ “Хэт даврагчид, террорист этгээдүүдээс болж олон мянган энгийн иргэн хохирч байна. Францад болсон халдлагын талаар сонсоод сэтгэл өвдсөн ч халдагчийг америкчууд аюулгүй болгосон гэдгийг мэдээд их баярласан. Та бүхнээр бахархаж байна. Та бүхнээр америкчууд бахархаж байна” гэжээ. Энэхүү уулзалтын дараа АНУ-ын Батлан хамгаалах яамны ерөнхий нарийн бичгийн дарга Эштон Картер тэднийг “Эр зоргийг одон”-гоор шагнасан байна.

 

Халдлага гардаг өдөр галт тэргэнд 127 зорчигч зорчиж явжээ. Энэ үеэр АНУ-ын иргэн цэрэг Алек Скарлатос, нисгэгч Спенсер Стон болон нягтлан бодогч Антони Садлер нар зэргэлдээ суудалд сууж байжээ. Халдагчийг буу гаргаж ирэх үед тэд зэрэг дайрч, галт зэвсгийг нь аюулгүй болгосон аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин