Г.Баярсайхан тулгамдсан асуудлыг шийднэ
2015-09-21

 

Хөдөлмөрийн яамны эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсад мэргэжилтэй ажилчин бэлтгэх асуудал багтдаг. Тиймээс мэргэжлийн боловсрол олгох байгууллагуудтай холбоотой бүхий л асуудал Хөдөлмөрийн сайдад хамаатай.  Хөдөлмөрийн сайд ч мэргэжлийн сургалтын салбарт онцгой анхаарал тавьж буй бөгөөд хэдхэн хоногийн өмнө Харааны бэрхшээлтэй хүмүүст мэргэжил олгох МСҮТ-ийн нээлтэд оролцсон бол өнгөрсөн баасан гаригт Монголын үндэсний мэргэжилтэн бэлтгэдэг  ууган сургуулиудын нэг Барилгын политехник коллежид ажиллалаа. Тэрбээр сургуулийн удирдлага, багш нарын төлөөлөл, сурагчидтай уулзаж, дадлагын газруудаар явж тоног төхөөрөмж, сургалтын материаллаг баазтай нь танилцсан юм.

 

 

 Манай улсад нийт 82 мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 42 мянган залуус мэргэжил эзэмшихээр сурч буй. Тэдгээрийн нэг Барилгын политехник коллеж 1954 онд барилгын үндэсний мэргэжилтэн бэлтгэх зорилгоор байгуулагдсан анхны сургууль бөгөөд 2013 оноос Хөдөлмөрийн яамны харьяа статустайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол Улсаас анх удаа олон улсад магадлан итгэмжлэгдсэн тус сургууль барилгын 12 мэргэжлээр бүрэн дунд боловсролтой мэргэжилтэй ажилтан, долоон мэргэжлээр тусгай дунд боловсролтой техникч, долоон мэргэжлээр мэргэжил олгох түр сургалтууд, таван мэргэжлээр үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт явуулдаг. Материаллаг баазын хувьд ч чамлахааргүй бэхэжсэн. Онол, сургалтын танхим, дадлагын газар, лаборатори, спорт заал, урлагийн танхим, цайны газар, 35000 гаруй ном, сурах бичиг бүхий номын сантайгаас гадна 300 оюутныг хүлээн авах оюутны байртай. Боловсон хүчний хувьд бэхэжсэн, чадварлаг багш нар хичээл сургалт явуулдаг.  Барилгын болон техник технологийн, мужааны гэсэн дадлагын үндсэн гурван байртай үйл ажиллагаа явуулж байгаа талаар захирал П.Нарандалай Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд дэлгэрэнгүй танилцуулав. Тэрээр мөн “Энэ жил мэргэжлийн боловсрол олгох анхан шатны 10 мэргэжлийн сургалтанд 1650 элсэгч, техникийн мэргэжил олгох долоон мэргэжилд 445 суралцагч элсүүлсэн. Манай сургууль барилгын болон мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг тэргүүлэх сургууль болно гэсэн зорилготой ажиллаж байна. Ингэхийн тулд эрэлт нийлүүлэлтэд тулгуурласан мэргэжилтэн бэлтгэх, элсэгчдийг авах шаардлага байгаа” гэсэн юм.

 

Мөн оюутнууд суралцах хугацаандаа тус сургууль дээр явагддаг мэргэжлийн түр дамжаанд суралцаж, хос мэргэжил эзэмшин төгсөх бүрэн бололцоотой байдгаараа онцлог гэдгийг ч дурдлаа.

 

 

 

Г.Баярсайхан сайдын хувьд болж бүтэж байгаа гэсэн олон тоо сонсохоос тулгамдаж буй асуудал юу байгааг мэдэх, боломжтойг нь шийдвэрлэж өгөхийг илүүд үзсэн. Тиймээс тус сургуульд нэн даруй шаардлагатай байгаа дотуур байрны засварын санхүүжилтэд шаардлагатай байгаа хөрөнгийг шийдвэрлэж өгөхөө амлалаа. Барилгын политехник коллежийн суралцагчдын 30 хувь нь хөдөө орон нутгийнх. Тиймээс дотуур байрны хэрэгцээ шаардлага их бөгөөд хөрөнгө санхүүгийн боломжоос шалтгаалаад сургуулийн дотуур байранд их засвар хийгээгүй удсан, өнгө зүсийг нь тордох төдийгөөр аргалж өдий хүрсэн гэнэ. Мөн тус сургууль 35 мянган ном бүхий баялаг номын сантай ч зориулалтын байргүй нь суралцагчдад бүрэн үйлчлэх боломжоор хомс аж. Тиймээс сайдын нэн даруй шийдвэрлэж өгөхөөр амласан 258 сая төгрөгөөр тус сургуулийнхан дотуур байраа засч, номын сантай болоод зогсохгүй Багшийн хөгжлийн төв байгуулахаар төлөвлөж байсан учир тун ч их баяртай байв. Сайдын шийдвэрлэхээр болсон асуудал үүгээр зогсохгүй. Тэрбээр нэг суралцагчийн хувьсах зардал хэмээн төрөөс олгодог санхүүжилт мэргэжлийн хувьд ямар ч ялгаагүй ирдэг нь зарим мэргэжлийн хувьд хаана нь ч хүрдэггүй асуудлыг хууль эрх зүйн хувьд зохицуулах боломжийг судлахаар болсон. Мөн тус сургуулийнхан сургалт явуулах боломжгүй хэмээн мэргэжлийн хяналтын байгууллагаас акт тогтоосон мужааны сургалтын байраа актлаад газар дээр нь нэг, хоёрдугаар давхарт нь иж бүрэн дадлагын байр, дээд давхаруудад нь багш, ажилчдын орон сууц бүхий барилга барих төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулж энэ ажилдаа сайдаас дэмжлэг хүслээ. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Энэ ажлыг санаачлаад, хуулийн хүрээнд хэрэгжүүлээд явахад болохгүй зүйл байхгүй. Ер нь багш ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх нь зөв зүйтэй. Яамны зүгээс зохих шийдвэрийг дэмжинэ” гэсэн юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
988:
захирал дарга нарын үг биш багш ажилчдын үгийг сонс ,наад сургууль чинь 2012 оноос хойш 5 захирлын нүүр харсан . Захирал нь худлаа баахан юм ярьж байгаа биз. Мэргэжлийн сургалтыг сэгэлтэй хүн удирдана уу гэхээс биш улс төр хийсэн,мөнгө харсан хүн хийхгүйээ.Наад захиралаа соль. Бас нэг балай
2015-09-21