Б.Лхагвасүрэн: Урьдчилгаа төлбөрийг багасгах нь ипотекийн зээлийн тогтолцоог нурааж ч мэднэ
2015-09-22

Монголын хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, Монголын банкуудын холбооны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
 


-Хадгаламжийн хүүний ор­логоос татвар авах хууль ирэх жилээс хэрэгжиж эхэлнэ гэсэн мэдээлэл гарч байна. Энэ  хууль  хэрэгж­сэнээр банкны салбарт ямар нө­лөөлөл үзүүлэх бол?


-Улс орны эдийн засгийн өндөр хувьтай байхад банкны хадгаламж жилдээ 20-30 хувиар өсдөг үе байсан. Эдийн засаг агшиж байгаа энэ үед бол өсөлт маш бага байна. Энэ нь ААН, хувь иргэдийн орлого буурч, олсон мөнгө нь хэрэглээнээс нь илүү гарахгүй байгаатай холбоотой. Орлого, зарлагын зөрүү бараг үгүй болсон учраас хуримтлал үүсгэж чадахгүй байна гэсэн үг л дээ. Үүнтэй холбоотойгоор банкуудын харилцах хадгаламжийн хэмжээ зогсонги байдалтай болсон байна. Өмнө нь жилд 30 хувь өсдөг байсан бол одоо нэг хувь хүрэхгүй байдалтай болсон. Жилийн өмнө 10 их наяд, 700 тэрбум төгрөгийн хадгаламж байсан бол одоо 11 их наяд орчим болсон байна. Өөрөөр хэлбэл, бүтэн жилийн хугацаанд 300 тэрбумаар л өсчээ гэсэн үг.



Энэ бол өндөр өсөлт биш л дээ. Хадгаламжийн хүүгээс орлогын албан татвар авах тухайд, энэ бол шинэ асуудал биш. 2012 онд батлаад, хэрэгжих хугацааг нь 2015 он гэж тавьж өгсөн байсан. Өнгөрсөн жилийн төсөв хэлэлцэж байх үед хэрэгжүүлье гэж байсан ч 2016 онд болгож хойшлуулсан шүү дээ.



Хууль хэрэгжсэний сайн тал нь юу вэ гэвэл, шударга ёсыг хангана. Өнөөдөр улсад ямар нэг үйл ажиллагаа явуулж ашиг олсон бол орлогын албан татварыг зайлшгүй төлдөг. Хад­галамжийн хүүгийн орлого үүнтэй яг адилхан. Би хадгаламжаасаа орлого олсон юм чинь татвар өгөхгүй гэж болохгүй. Тиймээс татвар авах нь зөв. Гэхдээ нөхцөл байдлаа бодолцох нь бас чухал.



Өнөөдөр эдийн засгийн өсөлт саарчихсан байна. Эдийн засгийн энэ зогсонги байдалтай холбоотойгоор санхүүгийн салбар өсөхгүй байна. Ийм үед  хадгаламжийн хүүнээс татвар авна гэдэг нь нэг төрлийн дарамт л даа. Тиймээс энэ хуулийг ирэх жилээс хэрэгжүүлэх үү гэдэг асуудал дээр сайн бодох шаардлагатай.


-Эдийн засаг зогсонги байдалд орсны улмаас ААН-үүдийн төл­бөрийн чадвар муудаж, тэр хэрээр банкуудын чанаргүй зээлийн хэм­жээ нэмэгдэж байгаа гэсэн мэ­дээлэл байна. Энэ үнэн үү?


-Эдийн засгийн хүндрэл зээлтэй ААН-үүдийн эргэн төлөлтөд хүндрэл учруулж байгаа нь үнэн. Банкны нийт активийн 70 хувийг зээл эзэлдэг. Тэгвэл энэ 70 хувь дотроо чанаргүй зээлийн хэмжээ одоогийн байдлаар  долоон хувьд хүрчихээд байна. Энэ нь банкны нийт хөрөнгийн 5.0 орчим хувь гэсэн үг. Банкны нийт хөрөнгийн 10 хувь нь тухайн банкны эзний хөрөнгө, үлдсэн 90 хувь нь иргэдээс татсан хадгаламж болон бусад хөрөнгө байдаг байхгүй юу. Эзний хөрөнгө дууссан тохиолдолд Монголбанкнаас тухайн банкийг татан буулгадаг. Тэгвэл өнөөдөр банкны эзний гаргасан 10 хувийн хөрөнгөний тал хувьд нь эргэлзээтэй байдалд орчихсон байна гэдгийг харуулж байгаа юм. Энэ эрсдэл мөн үү гэвэл мөн. Тиймээс цаашид чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдвэл байдал хүндэрнэ.


-Иргэдэд орон сууц худалдаж авахад нь зориулж олгож байгаа ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож буу­руулах асуудлаар хэлэлцээр яваг­даж байгаа. Банкуудын холбоо хэлэлцээрт ямар байр суурьтай оролцож байгаа вэ?


-Иргэдээ орон сууцанд оруулах боломжоор хангах нь төрийн хийх ажлын нэг ч гэсэн урьдчилгааг буу­руулснаар олон сөрөг үр дагавар гар­на гэж үзэж байгаа. Үүнийг эн­гийн жишээн дээр тайлбарлая л даа. Иргэн банкинд 30 хувийн урьд­чилгаа төлбөрөө төлсний дараа банк барилгын компанид мөнгийг нь 100 хувь шилжүүлдэг. Мөнгөө олж авсан компани дараагийнхаа байшинг барь­даг. Банк иргэнд олгосон зээлээ 100-гаар нь ч юм уу багцлаад “Үл хөд­лөх хөрөнгөөр барьцаалсан үнэт цаас” болгоод Монголын ипотекийн корпорацид /МИК/ худалддаг байх­гүй юу. Ингэж мөнгөө олж аваад дараагийн 100 хүнд зээл олгоно. Ийм эргэлтээр явагддаг. Энд оролцож байгаа дөрвөн субъект бүгд нэг, нэг­нээсээ хамааралтай. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмаар бол иргэн 70 хувьд зээл авч байгаа. 100 саяын байр авлаа гэхэд 70 хувиа 10 жил, 20 жилдээ хуваагаад төлдөг. Засгийн газар баталгаа олгочихоор 90 хувьд нь зээл авна.


-Зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа учраас банк мэдээж шал­гуураа өндөрсгөнө...?


-Улам л хүнд болно гэж ойлгох хэрэгтэй. За яах вэ, нэгэнт зорьсон учраас “чадна” гэж байгаад зээл авчихлаа гэж бодъё. Гэтэл чадахгүй бол зээл нь чанаргүй болж эхэлнэ, тэр хүний хувьд чанаргүй зээлийн муу түүхтэй болно. Банкны хувьд, олгосон зээл нь чанаргүй болчихсон юм чинь санхүү, төлбөрийн чадварын хувьд муу харагдаад эхэлнэ. Энэ нь улс орны хэмжээнд болоод ирэхээрээ банк санхүүгийн салбар нь чадамжгүй гэж харагдана. Улс нь ч, банк нь ч олон улсын байгууллагуудаар үнэлүүлэх, зэрэглэл тогтоолгоход сөрөг үзүүлэлт болоод муу үнэлгээ авчихна. Банк дараа нь гадны банкуудтай хамтарч ажиллах гэхээр энэ сөрөг үнэлгээ нь саад болно. Энэ мэтээр сайн гэхээсээ сөрөг үр дагавар нь илүү гарах магадлалтай гэж үзээд байгаа юм.


-Банкуудын холбоо ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгохыг эсэргүүцэж байгаа гэж ойлгож болох уу?


-Банкуудын холбоо гэхээсээ энэ нь олон улсын стандарт л даа. Олон улсад ипотекийн зээлийг хамгийн гайгүй, найдвартай зээл гэж тооцдог. Тэгж тооцох хамгийн гол нөхцөл нь урьдчилгаа төлбөр байгаа юм. Энэ нь олон улсын жишгээр 30 хувь байдаг. Өндөр хөгжилтэй орнууд, тухайлбал Сингапурт ийм байгаа. Орон сууцжуулах хөтөлбөрийг анх хэрэг­жүүлэхдээ эрх баригчид, ту­хайл­бал Ерөнхий сайд Сү.Батболд Сингапурын туршлагаас судалсан гэж хэлж байсан. Үүнийг олон улсын жишиг гэж ойлгож болно. Тиймээс энэ 30 хувийг бууруулж байгааг илүү эрсдэлтэй тал руу нь явуулж байна гэж ойлгож болно. Засгийн газар ба­т­алгаа гаргаж байгаа ч тэр нь “Энэ хүн 30 хувиа гаргаж чадахгүй байна аа, тиймээс дэмжлэг үзүүлж 20 хувьд баталгаа гаргая” гэж байгаа болохоос биш, “Энэ хүн 20 хувиа төлж чадахгүй бол би өмнөөс нь төлье” гэсэн үг гэж шууд утга байхгүй.



Нэмж хэлэхэд, энэ бол зөвхөн зээл олгох үеийн процесс байхгүй юу. Олгосноос хойш юу болох вэ гэдэг асуу­дал гарч ирнэ. Би дээр хэлсэн, банк зээл олгочихоод, энэ олгосон эх үүсвэрээ буцааж суллаж авдаг. Олгосон зээлээ 100, 100-гаар нь багцлаад “Үл хөдлөх хөрөнгө барь­цаалсан үнэт цаас” болгож, МИК-д ху­далд­даг. Гэтэл МИК-д чанаргүй зээл очих юм бол санхүүгийн чадамж нь муудаад эхэлнэ. Шинээр зээлийн эх үүсвэрийг банкинд өгөх чадваргүй болно гэсэн үг. Мөн банкнаас зээлийг шалгаж авдаг болно. Мөнгөгүй болсон банк иргэнд зээл өгч чадахгүй. Ийм тас­ралтгүй цикл маягаар эргэлддэг процесс маань нэг талдаа доголдох юм бол яваандаа зогсохоос өөр аргагүй болно л доо.
 

 

АНН-үүдийн зээлжих зэрэглэлийг тогтоодог болбол зээл олголт саадгүй болно

 


-Арилжааны банкуудыг барьцаа хөрөнгөнд хэт шүтдэг, өөрөөр хэл­бэл, “Ломбардын зарчмаар ажил­лаж байна” гэж шүүмжилдэг. Банкууд сайн бичигдсэн, хэрэгжээд эхэл­чихсэн  төсөлд  барьцаа хө­рөнгө шаардахгүйгээр зээл олгох боломж бий юу?


-Эдийн засгаа солонгоруулах, эрсд­лийг тархаан байршуулах зорил­гоор эрсдлийг ганц банкууд дээр үүрүү­лэлгүй олон янзын санхүүгийн дэд бүт­цийг байгуулдаг олон улсын жи­шиг байдаг л даа. Үүнийг хэрэг­жүү­лэхэд зээлийн батлан даалтын сан, зээ­лийн мэдээллийн сан гэх мэт олон байгууллагууд байгуулагдах ёс­той. Эдгээр байгууллагууд хамтарч ажил­ласны үндсэн дээр зээл сайн суд­лагдана, төсөл маань амжилттай хэ­рэгжих баталгаа гарч ирж байгаа юм.


-Манайд аль, аль нь байгаа шүү дээ?


-Зээлийн мэдээллийн сан нь нэг их сайн ажиллахгүй байна л даа. Өнөөдөр зээл хүсч байгаа жижиг ААН-үүд өөрсдөө зээлжих зэрэглэлээ тогтоолгочихсон байх ёстой байхгүй юу. Энэ сайн зээлдэгч, энэ дунд зэргийн зээлдэгч, энэ муу зээлдэгч гэдэг үнэл­гээгээ авчихсан байх ёстой юм. Өнөөдөр ийм боломж алга. Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль аль 2010 онд гарсан. Гэтэл өнөөдөр зээлийн мэдээллийн зэрэглэл тогтоодог ганц ч компани байхгүй байна. Өөрөөр хэлбэл, банкууд хувь хүн, АНН-ээс зээл хүссэн өргөдөл авахдаа “Энэ хүн хэн бэ” гэж сайн таньж чадахгүй байдалтай байгаа. Тиймээс “Судална” гэж цаг алдаж байна. Уг нь зэрэглэлээ тогтоочихсон байвал амар байхгүй юу. “Чи сайн зээлдэгч байна” гээд л асуудал шийдэгдэх боломжтой.


-Тэгвэл энэ зэрэглэл тогтоодог байгууллагыг хаанаас байгуулах ёстой юм бэ. Төрөөс үү?


-Үгүй.  Хуулиндаа  хувийн  байгуул­лага хэрэгжүүлж болно гээд заачихсан учраас өнөөдөр ийм компаниуд гарч ирэх шаардлага зайлшгүй үүсчихээд байна, нэгдүгээрт. Хоёрдугаарт, зээл­­дэгчийн барьцаа хөрөнгө нь хүрэл­цэхгүй тохиолдолд баталгаа гар­га­даг Зээлийн батлан даалтын сан гэж байгууллага бий. Энэ сангийн хө­­рөнгө нь ердөө тавхан тэрбум төгрөг. Үндсэндээ ганц хоёрхон зээлд баталгаа гаргаад л мөнгө нь дуус­­чихна. Дараагийн зээлдэгчдэд дэмж­­лэг үзүүлж чадахгүй. Тиймээс энэ сангийн хөрөнгийг нэмэгдүүлж байж олон төсөлтэй хамтарч ажиллах бо­ломжтой болгоно. Түүнээс биш банк дангаараа эрсдэл үүрч байгаа тохиолдолд шалгуураа өндөр тавиад, хүсэлт гарагчийн хувьд хичнээн сайн төсөл байлаа ч цаад үндсэн шалгуураа хангаж чадахгүй бол зээлээ авч чадахгүй. Тэгэхээр, дээр дурьдсан бай­­гууллагуудын байхгүйг нь бай­гуулж, байгаагийнх нь чадамжийг нэмэг­­дүүлж өгөөд, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.        


-Банкууд хүсэлт гаргагчид зээл олгохдоо Зээлийн мэдээллийн сан­гаас түүхийг нь харж байж ол­годог шүү дээ. Таны ярианаас энэ нь хангалтгүй, Зээлийн мэдээл­лийн сан үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж ойлголоо. Зөв үү?


-Монголбанкин дээр зүгээр л “Түүхийн мэдээллийн сан” байгаа. Тэнд нь ААН-ийн нэр байна, эзнийх нь нэр, регистрийн ду­гаар нь байна. Мөн хэзээ зээл авч байсан, хэзээ төлсөн, төгрөгөөр үү, валютаар уу гэсэн мэдээлэл байдаг. Тэгээд л боллоо. Яаж төлж байсан нь байхгүй. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлд орсон, сүүлд төлөгдөөд хаагдсан гэсэн ийм л ерөнхий мэдээлэл байдаг байхгүй юу. Гэтэл банкуудад тухайн зээлдэгч зээлээ хоцроосон байж бол­но, яагаад хоцроосон юм бэ гэх мэт нэмэлт мэдээлэл хэрэгтэй байдаг. Тэр нь байхгүй учраас дараагийн зээл олгох гэж байгаа банк тухайн зээл­дэгчийн түүхийг нь харчихаад “Өө чи муу зээлдэгч байна, чи чанаргүй зээлд тооцуулж байсан юм байна” гээд л дүгнэлтээ гаргачихдаг.


-Хэрвээ мэдээллийн сан илүү нарийвчлалтай бол зээл олгогч, авагч аль алиндаа ашигтай болно гэж ойлгож болох нь ээ?


-Тийм. “Moodie’s”, “S&P”, “Fitch ratings” гээд зээлжих зэрэглэл тог­тоодог агентлагууд байдаг шүү дээ. Тэд Монгол Улсыг ВВ ангилалд багтаадаг гэдгийг та, би ч мэддэг. Энэ ангиллыг хараад л ямар ч хөрөнгө оруулагч Мон­голын эдийн засгийн чадавхийг мэднэ. Түүн шиг дотоодын аж ахуйн нэг­жүүдийг ийм зэрэглэлд оруулаад, зэрэг­лэлийнх нь дагуу “Энэ компанид зээл  өгч  болно, энэнд  өгвөл эрсдэлтэй, хүү нь тэд байна” гээд тогтчих байхгүй юу.


Барилгын салбарт хамгийн их зээл олгожээ


-Хэдэн жилийн өмнө Монголд уул уурхайн тэсрэлт ид явагдаж, дийн засгийн өсөлтийн хувь хоёр оронтой тоонд хүрч байлаа. Тэр үед “Монголын банкны салбарын зээлийн ихэнх хувь нь уул уурхайд ноогдож байна. Энэ нь сүүлдээ эрсдэлд хүргэж болзошгүй” гэсэн утгатай нийтлэл гадны хэвлэлд мэр сэр гардаг байлаа. Тэгвэл одоо байдал ямар байгаа вэ. Зохистой харьцаагаа барьж байгаа байх?


-Монголбанкнаас гаргасан ста­тис­тик байдаг. Эндээс харахад, хамгийн түлхүү олгосон салбар нь яах аргагүй аж үйлдвэрийн салбар байдаг л даа. Хоёрдугаарт   барилга, гуравдугаарт уул уурхай ордог. Ер нь, дангаараа 15-аас дээш  хувь эзэлсэн салбар байдаггүй юм. Сүүлийн үед харин ипотекийн зээлтэй холбоотойгоор барилгын салбарт олгосон зээл нийт зээлийн 20 хувиас илүү гарчихлаа. Чиний асуусан уул уурхайн салбарын зээл 15 орчим хувьтай байна. Эрсдэл өндөртэй учраас үүнээс илүү өгөх ч боломжгүй л дээ. Өмнөх практикаас харахад, “Анод” банк гэхэд уул уурхайд их хэмжээний зээл олгоснооосоо болж төлбөрийн чадамжгүй болж байсан. “Зоос” банк ч гэсэн уул уурхайн салбарт “Монгол газар” гэж нэг зээлдэгчид олгосон зээлээсээ болоод татан буугдаж байсан. Уул уурхайд гарч байгаа зээлийн барьцаа нь лиценз л байдаг. Ашиг­лаж болно гэсэн эрхийн бичиг л шүү дээ. Хөрвөх чадвар муутай, худал­дан борлуулахад хэцүү. Бараг борлогддоггүй.


-Эдийн засгийн хямрал банк санхүүгийн салбарт нөлөөлж бай­гаа талаар ярилаа. Тэгвэл энэ хямралыг давахын тулд төр за­саг ямар бодлого хэрэгжүүлэх шаард­лагатай вэ?


-Хямрал бол хямрал шүү дээ. Банк гэлтгүй бүх л салбарыг адилхан нэрвэнэ. “Энэ салбарыг гайгүй үлдээ­чихье”, “Энэ нь жаахан онцгүй юм, хямраачихья” гэсэн юм байхгүй. Бүх л салбарт тусна. Энэ үед аль салбараа аварч үлдэх вэ гэдэг дээр харин төрийн бодлого байх ёстой. Зуд боллоо гэхэд улс хамаг л байгаа хөрөнгө мөнгө, өвс тэжээлээ тийш нь зарцуулаад авч үлдэхийн төлөө ажилладаг шүү дээ. Түүн шиг эдийн засгийн гол ачааг үүрэлцдэг салбаруудад ийм бодлого хэрэгжүүлэх ёстой. Зэсийн үнэ уналаа гээд улс “Эрдэнэт” үйлдвэрийг зогсоохгүй байх. Үйл ажиллагааг нь хэвийн явуулахын тулд бас л арга хэмжээ авах болов уу. Яг үүн шигээ хувийн үйлдвэрүүдэд ч ийм бодлого хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Гэхдээ техник технологийн төвшин өндөр байх ёстой. Техник технологийн төвшин  өндөртэй ААН-үүд манайд олон бий шүү дээ. Жишээ нь, “Говь” үйлдвэр ийм байдалд орлоо гэхэд бо­лов­сон хүчин, технологиийг нь авч үл­дэхийн тулд юм хийх хэрэгтэй, “Жа­маараа  л дампуурч байгаа юм чинь”  гээд хараад сууж болохгүй л гэж би боддог.

-Манай төр засаг бол тусгайлаад дэмжсэн юм одоогоор алга байна?


-Улс төрийнхний ярьж байгааг сонсохоор “хоёр толгой”-г ашиг­лачихвал л урагшаа явчих юм шиг байна. Гэвч яг өнөөдрийн нөхцөл байдлыг харвал найдлага бас бага л харагдаж байгаа юм. Яагаад гэвэл энэ хоёр орд нэг нь нүүрс, нэг нь зэс олборлоно. Гэтэл энэ хоёрынх нь үнэ дэлхийн зах зээл дээр уначихсан байна.



-Эдийн засаг агшиж байна. Энэ асуудалд “Агшиг, угаасаа хэт тэлчихсэн юм чинь одоо жаахан “бүсээ чангалж байгаад” зохистой хэмжээнд аваачих нь зөв” гэсэн байр суурь илэрхийлэх эдийн засагчид байна. Тэлэх нь зөв гэх нь ч байна. Таныхаар яавал илүү дээр вэ?


-Ер нь хасч танана гэдэг бол картын барааны үе рүүгээ л дөхнө гэсэн үг шүү дээ. Хэт тэлсэн эдийн засгийг улам тэлэх ч дэмий. Хөөсийг үлээгээд байвал хагардаг шиг юм болно. Тиймээс одоо байгаа хэмжээнд нь хэрхэн барих талаар ухаан зарсан нь зөв байх.


Х.Батсайхан

 

Эх сурвалж: www.mminfo.mn
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ugaasaa Hotiin darga baisan M.Enhbold terguutei Badamjunai metiinhen n ...hotiin gazriig zarchihaad barilgiin com uudiin lobbyd orchihood iimerhuu huuli utguulj baigaa baihdoo
2015-09-23
Доржий:
Чанаргуй барилгаа шахах гэж байгаа нь нурж унахын цондон. Одоо банкуудаа дампууруулах нь улдсэн уу. Ипотекаас хол явахгуй бол дампуурлыг дуудагч барилгын салбараа аврах гэж байгаа нь энэ гээд жаахан монготэй банк бусад салбараа алдана шуу. Яагаад ийм энгийн зуйлийг ойлгоод зов явахыг хусэхгуй байна вэ. 10 ч гэх шиг хямралын уед ийм Улс торийн бодлого явуулах нь лав л монгол санаа биш
2015-09-23
Зочин:
Hadgalamjiin tatvar ajillaj ehelbel ediin zasag zad userne. Neg yosondoo buble gum tas Lhagvasureen.
2015-09-22
зочин:
харин тиймээ арай гэж өөрөөсөө харамлаад хадгаламж руугаа хийхэд аль хэдийн НДШ, ашгийн татвар авчихсан хэдхэн төгрөгний цалингаас минь дахиад л татвар авах юм байна дөө, яана дөө
2015-09-22
Зочин:
Хадгаламжийн татварын хувьд хэмжээг нь тогтоож өгсөн нь дээр байхаа даа. Авсан цалингаасаа мөнгө хадгалж ч болохгүй утгагүй юм даа. Цалингаасаа татвар НДШ гээд сард өчнөөн мөнгө л төлж байна даг.
2015-09-22