“Алунгоо хатан ижий эв нэгдэл” яруу найргийн наадам боллоо
2015-09-22

“Алунгоо хатан ижий эв нэгдэл” яруу найргийн наадам боллоо. Энэ наадамд 16 яруу найрагч хоёр үе шаттайгаар өрсөлдсөнөөс яруу найрагч Л.Ганзул тэргүүн байр, цом нэг сая төгрөгийн шагналын эзэн болжээ.

 

Удаах байранд яруу найрагч Б.Чулуунцэцэг,  гуравдугаар байранд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Урианхай нар шалгаран тус бүр сая төгрөг өргөмжлөлөөр шагнуулсан бол, шагналт байранд Б.Төгсжаргал, В.Нэргүй нар орж наадмын түүчээг тэргүүллээ.

 

Бүтээлийн тэргүүн байранд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Цоодол гуай бүтээлийн гурван цуврал ботиороо мөн яруу найрагч н.Мягмаржав найргийн түүвэр номоороо дэд байр эзэлж тус бүр цом өргөмжлөл, нэг сая төгрөгийн эзэн болсон байна.

 

Энэхүү наадмыг Хөвсгөл аймгийн зохиолчдын эвлэлийн тэргүүн, яруу найрагч Б.Сарантуяа санаачлан “Монголын ногоон уламжлал сан”-ийн тэргүүн, “Мөнхтэнгэр” жуулчны баазын захирал хатагтай С.Алтантуяа ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажилласан байна.

 

Мөн Алунгоо хатан эхийн төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын засаг дарга Х.Энхтүвшин, Эртний далай жуулчны баазын захирал хадагтай Х.Энхтуяа нар ивээн тэтгэж хамтран ажиллажээ.

 

Хэдэн мянганы тэртээ таван хөвгүүнээ сургасан хатан ижийгийн сургааль өнөөдөр ч бидэнд үнэ цэнэтэй хэвээрээ. Магадгүй  төр нь хүчгүйдэж, түшээд нь самуурч, түмэн олон бачимдаж байгаа энэ цаг үед   ухаант эхийн философи  бүүр ч хэрэгтэй байгаа цаг олсон наадам байлаа эж оролцогчид сэтгэл хангалуун байлаа.

 

“Алунгоо эх бол дэлхий дахины эв нэгдлийн суурь онолыг үндэслэгч төрийн их хатан юм. Бид энэ түүхэн хатнаа зөвхөн Монголдоо биш дэлхий дахинаа ярьж таниулж, алдаршуулж байж түүхээ хадгалж үлдэнэ” гэж Монголын ногоон уламжлал сан”-ийн тэргүүн “Алунгоо экологи” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, удирдахуйн ухааны докторант С.Алтантуяа ярилаа.

 

 Олон жил гадаадад амьдарч монголдоо ирээд аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхлэх болсон тэрээр бизнесийнхээ ашиг орлогын багагүй  хувийг энэ үйл хэрэгтээ зарцуулдаг гэнэ. Түүний нэгээхэн хэсэг нь “Аригийн голын Алунгоо хатан” түүхэн  баримтат киног уран бүтээлчдэд захиалан хийлгэсэн. Мөн эрдэмтэн судлаачидтай хамтран түүхээ сэргээх өвлүүлэхэд чиглэсэн хэд хэдэн ажлыг эхлүүлээд байгаа аж.

 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин