Оюутны хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар зөвлөлдөнө
2015-09-23

Монгол Улсын хүн амын 21.7 хувийг 15-24 насны залуучууд эзэлдэг бөгөөд тэдгээрийн 28,1 хувь буюу 175 мянга нь төрийн ба төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байна.

 

2014 онд Хөдөлмөрийн яамны санхүүжилтээр Нийслэлийн Хөдөлмөрийн газар санаачлан зохион байгуулж 52 их дээд сургууль, 28 коллеж, МСҮТ-ийн дэргэд нийт 80 “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-үүдийг байгуулсан аж. Оюутан залуучуудийг хөдөлмөрийн салбарын бүх үйл ажиллагаа, мэдээ мэдээллээр хангах болон салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах арга хэмжээг тус төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж ажиллаж байгаа юм байна.

 

Оюутны цагийн ажлын тогтолцоог бий болгох, төлөвшүүлэх мөн оюутнуудын өдөр тутмын хэрэглээгээ хангах, хөдөлмөрт бэлтгэх, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болох, төлөвших, ажлын байранд дадлагажих зэрэг эдийн засаг, нийгмийн хэрэгцээ нэмэгдэж байгаатай уялдуулан 2009 оноос эхлэн Оюутны хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ.

 

2015 оны есдүгээр сарын байдлаар нийт 5416 оюутан, залуучууд цагийн ажил хийхээр бүртгүүлсэнээс 3527 оюутан ажилд зуучлагдан тодорхой орлоготой болсон гэнэ. Мөн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн ажилтан, багш нарыг ”Ажил мэргэжлийн Зөвлөх” -ийн сургалтанд хамруулж зөвлөхөөр бэлтгээд байна. Өнөөдрийн байдлаар 1754 оюутанд зөвлөгөөг өгчээ.

 

Тэгвэл маргааш Нийслэлийн хөдөлмөрийн газраас санаачлан Чингис зочид буудлын хурлын танхимд 09.30-14.00 цагийн хооронд оюутны хөдөлмөр эрхлэлтийн www.oyutan-ajil.mn нэгдсэн цахим хуудсыг танилцуулахаар болжээ.

 

Мөн энэ үеэр их, дээд сургуулиудын дэргэдэх ОХЭДТ-ийн үйл ажиллагааг  олон нийтэд сурталчлах, оюутны  цагийн хөдөлмөр эрхлэлтийн зах зээлийн өнөөгийн байдал, ажил олгогчдын зүгээс баримтлах бодлого, цагийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж, нөхцөлийг тодорхойлох аж.

 

Түүнчлэн оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин