Хятадыг кибер халдлагатай холбох хэрэггүй
2015-09-24

Си Зиньпиний айлчлалтай холбоотой мэдээлэл “CNN агентлагт нийтлэгджээ.

 

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-д төрийн айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд “Microsoft”, “Starbucks”, “Amazon.com” болон “Boeing” зэрэг үйлдвэр эрхлэгчдийн эх нутаг гэгддэг баруун эрэгт зочилж, бизнес эрхлэгчидтэй уулзжээ. Си дарга айлчлалынхаа төгсгөлд фэйсбүүк, твиттерийн удирдлагуудтай уулзах бөгөөд энэхүү уулзалтаар дээрх нийгмийн сүлжээнүүд Хятадад нээгдэж, үйл ажиллагаагаа явуулах эсэхийг шийдэх юм. Бээжингийн удирдлагууд интернэтийн ертөнцөд хяналтаа тогтоож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн сүлжээг ашиглахыг хориглосон. Одоогоор Хятадад хайлтын “google.com”-ийг ашиглах боломжтой.

 

“Энэ бол том боломж. Бид хэрэглэгчийнхээ тоог сая бус тэрбумаар нэмэх боломжтой” хэмээн Фэйсбүүк компанийн үүсгэн байгуулагч Марк Зукербург мэдэгдсэн байна.

 

Мэдээж хэрэг Хятад бол жижигхэн горхи бус далай гэдгийг бизнес эрхлэгчид сайн мэдэж байгаа. Тиймээс америкийн бизнес эрхлэгчид Си даргын итгэлийг олохын тулд бүхий л бололцоогоо ашиглаж байгаа юм. Си дарга Америкт долоо хоногийн хугацаатай айлчлах бөгөөд айлчлал нь өндөрлөхөд дөрвөн өдөр үлджээ.

 

Си даргын айлчлалаар хамгийн их мөнгө, нэр хүндийг олж авсан компаниар АНУ-ын агаарын тээврийн “Boeing” компани тодорлоо. Тус компани өчигдөр болсон бизнес эрхлэгчдийн уулзалтаар Хятадын талд 250 ширхэг нарийн загварын “Boeing 737” онгоц, 50 ширхэг өргөн загварын онгоц зарахаар болжээ. Тус компани ганцхан өдрийн дотор 38 тэрбум ам.долларын гэрээг Бээжингийн удирдлагуудтай байгуулж чадсан байна. Мөн Хятадын “ICBC Financial Leasing Co” компанид 30 ширхэг “Boeing 737-800” загварын онгоцыг 2.88 тэрбум ам.доллароор худалдах гэрээг байгуулж чаджээ.

“Тун удахгүй Хятадын тэнгэрт америкийн онгоцууд хөөрөх болно” хэмээн “Boeing” компанийн тэргүүн Жим Макнери хэлжээ.

 

 

Цагаан ордонг хакердаагүй

 

Си дарга хоёрхон өдрийн дотор хэд хэдэн худалдааны гэрээг байгуулж чадав. Харин өчигдөр Вашингтон хотноо болсон дээд хэмжээний уулзалтад оролцож, Конгрессийн гишүүдтэй уулзах үеэрээ “хакерийн асуудалтай хятад холбоогүй” хэмээн албан ёсоор мэдэгдлээ.

 

Энэ оны эхээр Цагаан ордон хэд хэдэн удаа хакер дайралтад өртөж, улсын нууцын зэрэглэлтэй мэдээлэл алдаж, их хэмжээний хохирол амссан юм. Мөн Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй тэмцэх нууц төлөвлөгөө, санхүүгийн тайлан зэргийг хакердуулж, ашиглах боломжгүй болсон билээ.

 

АНУ-ын Тагнуулын газар дээрх кибер халдлагын цаана ОХУ, Хойд Солонгос, Иран болон Хятадын хакерууд байгаа хэмээн мэдэгдэж, хориг тавихыг Засгийн газартаа уриалсан юм. Кибер халдлагаас болж хоёр улсын харилцаа муудаж, ширүүн маргалдсан билээ. Тэгвэл энэхүү кибер халдлагатай Хятад ямар ч хамааралгүй хэмээн Си дарга өчигдрийн уулзалтынхаа үеэр албан ёсоор мэдэгдэж “Цагаан ордонг хакердсан этгээдүүдийг хятадууд хэмээн андуурах нь өрөөсгөл ойлголт.  Хятадын хакерууд Цагаан ордны дотоод сүлжээнд нэвтрээгүй болохыг мэдэгдэж байна. Бид бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй, мэдээлэл хулгайлдаггүй. Тиймээс биднийг хакерийн хэрэгтэй холбохгүй байхыг хүсье” гэж хэлжээ.  

 

АНУ-ын Тагнуулын байгуулага хакерууд болон тэдний захиалагчийг олох хүртэл Си даргын мэдэгдэлд итгэх сонирхолгүй буйгаа илэрхийлжээ.

 

 

Америкчууд Си даргыг сонирхохгүй байна

 

Цагаан ордон Си даргыг эх орондоо авчрахын тулд бүхий л бололцоогоо ашиглаж, жилийн хугацаанд Хятадын талд орж, бүх шийдвэрийг нь дэмжсэн. Харамсалтай нь америкчууд Си даргын айлчлалд анхаарлаа хандуулахаас илүүтэй Ватиканы тэргүүний айлчлалд анхаарлаа хандуулж байна. Си дарга болон хамба лам Францисын айлчлал нэг өдөр эхэлж, нэг өдөр дуусах юм.

 

Обама Азийн гол түнш Хятадын тэргүүнийг ирэхэд биечлэн хүлээн аваагүй бөгөөд шашны тэргүүнийг өөрийн гэр бүлийн хамтаар угтан авч, талархал дэвшүүлсэн билээ. Си дарга Обамагийн халамжийг хүртэж чадахгүй байгаа ч Хятадад ашигтай гэрээ хэлэлцээр байгуулж явна. Тэрбээр маргааш Цагаан ордонд айлчлах юм. Удирдагчид кибер халдлага болон эдийн засаг, худалдаа, байгаль орчны асуудлаар ярилцахаар тохиролцсон байна.

 

 

Си Зиньпинийг эсэргүүцэв

 

Си даргын айлчлалтай холбогдуулан Вашингтон хотноо хөл хорио тогтоож, зарим замын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. Тэгвэл өчигдөр Хятадын төрийн далбааг барьсан олон зуун хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.

 

Жагсаалд оролцогчид “Фалунь” гэх шашны бүлэглэлийн гишүүд болохыг тогтоожээ. Тэд Бээжингийн удирдлагуудын дарамт шахалтаас болж эх орноо орхин гарсан хэмээж, “Хятадад хүний эрх зөрчигдөж, гадаад төрх, үзэл бодлоосоо болж олон мянган хүн хохирогч болж байна” хэмээн олон улсад мэдэгджээ.

 

Си Зиньпинийг хүний эрхийн төлөө томоохон алхам хийхийг жагсагчид сануулсан байна. “Тэрбээр авлигатай жинхэнэ утгаараа тэмцэж чадаж байгаа учир хүний эрхийг дээдлэх хуулийг санаачлах, хүмүүсийн ухамсарыг дээшлүүлэх боломжтой” хэмээн жагсаал зохион байгуулагч мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
си биш ши шүү дээ
2015-09-24
Иргэн:
Хятдын дарга Си ч мундаг хүн юм аа.
2015-09-24