Нэр хайрла, Ерөнхийлөгч өө
2015-09-24

 

Практик амьдралтай их зууралдахын хажуугаар хааяа бас цогцоор нь асуудлаа харж баймаар санагдлаа. Систем гэхээр олон хэсгээс бүрдэх нэгдэл, харилцааны цогц гэж авч үздэг.  Нийгэм улс төрийн систем гэхээрээ төр, нам, сонирхлын бүлэг, иргэн гэсэн нийгэм улс төрийн субъектүүд, тэдгээрийн хооронд үүсч буй харилцаа, үйл явц болон харилцааны хэм хэмжээ, зарчмын цогц ойлголт болоод ирнэ. Олон талт заримдаа эсрэг тэсрэг байдлаар илрэх сонирхолын бүлгүүдийн зангилаа нь хоорондын харилцаандаа барих хэм хэмжээ, зарчим юм. Энэ нь алдагдаад ирэхээр хямрал зөрчил үүсч таарна. Манайд нийгэмд ийм дүр зураг бий болоод байгаа.

 

Онолыг нь түшээд учир шалтгааныг нарийвчлан харвал аливаа манай системийн харилцаанд байх “оролт”, “хувиралт”, “гаралт”, “эргэх холбоо” хэсгүүдийн хамаарал шүтэлцээ алдагдсан асуудал яригдана. Олон түмнээс ирж буй шаардлага, дэмжлэг /оролт/, түүний дагууд гаргах улстөрчдийн шийдвэр, үйл ажиллагаа /гаралт/ нь паралель шугамаасаа хазайсан байгааг улс төр судлаачид хэлэх болсон нь анхааран ярих сэдэв байх.

 

Нийгмийн бүлгүүдийн шаардлага олон янз хэдий ч ерөнхийдөө аюулгүй байх, бие хүний бие даасан байдлыг хангах, эрх тэгш байх, амьдралын хэрэглээний зүйлс болон байр ахуйгаар зохих түвшинд хангагдах гэсэн агуулгатай шаардлага зонхилдог. Үүнийхээ биелэлтийг зүгээр хүлээгээд суудаггүй. Улс төрийн системд дэмжлэг бас үзүүлдэг. Иргэдийн халааснаас гарч буй татвар, хандив зэрэг нь оролцооны дэмжлэг бол төрийн баталсан хуулийг нь сахин дагаж аливаа санал асуулгад оролцох зэрэг нь бодит дэмжлэг болж илэрдэг. Иргэд аль үед энэ оролцоогоо хангасаар ирсэн.

 

Харин үүний нөгөө талд улс төрийн систем түүний бүрдэл намууд “сонирхлын агрегаци” (interest aggregation) гэдгийг хийж байдаг. Энэ нь нийгмийн сонирхол, шаардлагыг нэгтгэн бодлого боловсруулах үйл явц гэдэг. Системийн нэг гол хэсэг буюу дээд тархины хэсэг болж байгаа энэ “агрегаци” үйл явц алдагдаад ирэхээр “оролт”-ын бөөгнөрөл бий болж иргэдийн бухимдал нэмэгдээд ирнэ. Улмаар хямрал болж даамжрах юм.

 

Энгийнээр ойлгоход, бидний сонгосон намууд төрийн эрхийг авч системийн оролтыг “гаралт” буюу шийдвэр, үйл ажиллагаа болгон хувиргадаг. Эндээс буй шийдвэр, үйл ажиллагаа зөв бол дэмжлэг хүлээж, буруу бол мөнөөх шаардлага буюу оролт улам ихсэнэ. Улс төрийн систем нь эдийн засаг, соёл, угсаатны, шашны зэрэг нийгмийн бусад тогтолцоотой байнгын харилцан үйлдэлд оршдог гэдэг. Бид намууд, Их хурлын гишүүдийн зөв буруу шийдвэрийн тухай ерөнхийд нь тойрон яриад сэтгэл дундуур гомдоллоод байгаа маань бидний оролт ихсээд байгаа буюу манай улс төрийн системийн хямралын тухай яриад байгаа явдал.

 

Энд нуршин өгүүлж байгаа улс төрийн систем дэх бүрдэл хэсгүүд буюу намууд нийгэмд тэргүүлэн удирдах үүрэг гүйцэтгэдэг. Үүгээрээ нийгмийн аль ч салбарт хүчин төгөлдөр хэрэгжих шийдвэрийг боловсруулан гаргадаг. Ийм чухал хариуцлагатай оролцоотой тул улс төрийн системийн аливаа үйл ажиллагаа хууль, эрх зүйн хэм хэмжээний удирдлага дор явагддаг. Энэ л хэм хэмжээ манайд бараг 100 хувь алдагдаад байгаа нь бидний олон хямралын цаад нигуур болно гэдэг онош дээр  хэлэлцэн ярих хэрэгтэй болоод байх шиг. 

 

Дээр дурьдсан “сонирхлын агрегаци” буюу нийгмийн сонирхол, шаардлагыг нэгтгэн бодлого боловсруулах онцлогоо алдаж улс төрийн системийн үйл явц нь цэвэр “монголжиж” ямаанд өгөх мөнгөнөөс эхлээд уурхайд байгаа нүүрсийг жигнэж хэмжиж үзэх хүртлээ жижгэрч аж ахуйтай холилдчихсон яваа юм. Үүнийг нь дагаад улстөрчид мөнгөний үнэр хэт их мэдрэх болсноор эрх ашгийн сонирхол нь дээдийн дээд хэмжээндээ хүрчихсэн.

 

Бодлого боловсруулахаас урьтаж нийгмийн оролт буюу шаардлага асуудлыг нэг нэгээр нь салангид оруулж ирж өөрсдийн эдийн засагч сонирхлыг тусган шууд гардан шийдэх гээд байгаа юм. Гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд нь хүртэл улстөрчид өөрсдөө шууд оролцож хийдэг болчихсон өвөрмөц үйл ажиллагаатай төртэй болчихсон. Хууль тогтоох, бодлого боловсруулах институти нь тухайн өвөл намрын улирлаа дагасан тариа ногоо, уул уурхай, мах экспорт гээд өдөр тутмын аж ахуйн ажилд хутгалддаг болчихсон байна. Бичлэгийн эхэнд сүртэй өгүүлж эхэлсэн Улс төрийн систем гэдгээр буулгаж харах гэхээр үнэхээр хямарсан байгаа биш үү.

 

Онолыг нь уншаад нарийн шинжвэл манай улс төрийн системийн тогтолцооны хэсэг болсон төр, улс төрийн нам хоёр нь өнгө ялгарахаа больсон. Дэд субъектүүдийн хоорондох харилцааг зохицуулах Үндсэн хуулиа ард түмний хэлэлцүүлэггүй оролдож өмөлж цөмлөөд орхисон байгаа юм.

 

Бидний нийгэмд засч залруулах юм их байна. Гэхдээ тархиныхаа хавдрыг эхлээд оношльё. Өнөөдөр манай улсад “олон нэр”-ийн хямрал нүүрлээд буйд төрд гарсан байгаа “Э” дарга нар, засардаггүй амлагч болсон намууд, сонгуулийн хууль, санал тоологч машин, хашир муу санаатай хөрөнгө оруулагч нар гээд олон буруутнуудыг хэлдэг. Гэхдээ бид системийг хүртэл монголчлоод өөрсдийгөө хямраагаад байна.

 

Ганц эдийн засаг биш. Нийгэм улс төрийн систем маань бүхэлдээ хямралд орсон байгаа юм биш үү. Улстөрчид өө, судлаач нараа.

 

Үндсэн хууль болоод бусад хууль эрх зүйн зохицуулалтаа цогцоор нь эргэн харж уялдуулан засварлахгүй бол хямралаас бултах газаргүй болсон харагдана. Эрдэмтэд иргэдийг энэ л сэдвээр “Их хуралдай”-д дуудаж суурь хямралаа зөв оношилж үр дүнтэй эмчилгээгээ нэн даруй эхэлмээр. Энэхүү суурь эмчилгээнд оносон нэр хайрла, Ерөнхийлөгч өө

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
eronhiilogchiig shuugch shig hundel gej nemj oruul
2015-09-24