Оюутны смарт картыг нийслэлийн Боловсролын газар олгоно
2015-09-25

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэчлэл хийж, цахим төлбөрийн системийг нэвтрүүлсэнээс хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Харин өнөөдрийн байдлаар нийслэлийн хэчнээн иргэн ухаалаг картны үйлчилгээг сонгосон, мөн сүүлийн үед олны анхаарлыг татаж буй сэлгэн суултын талаарх асуудлаар Улаанбаатар смарт карт компанийн картын асуудал хариуцсан менежер М.Мөнхболдоос тодрууллаа.


-Нийслэл хотын иргэд авто­­бус­ны цахим картыг хэрэг­лээндээ нэвтрүүлээд нэ­лээд хугацаа өнгөрч бай­на. Өнөөдрийн байдлаар хэч­нээн иргэн смарт картыг худалдан авсан байна вэ?


-Улаанбаатар хотын хэм­жээнд нийт 420 мянган орчим смарт карт иргэдийн гарт очсон байна. Гэхдээ бүгд идэвхтэй хэрэглэгдэнэ гэж байхгүй. Тодорхой хэмжээнд тоон үзүү­лэлтүүд харьцангуй өөр өөр үзүүлэлттэй байдаг юм.


-Сэлгэн суултыг үнэгүй болгоно гэсэн асуудал смарт карт худалдаанд гарахаас эхлээд олны анхаарлын төвд байсан. Энэ асуудал одоо­гоор ямар шатандаа явж байна?


-Сэлгэн суултын талаарх асуудал сүүлийн үед эрчимтэй яригдаж байна. Ерөнхийдөө хэлэлцээрийн шатандаа яваа. Эцсийн шийдвэр нь хараахан гараагүй байна. Шийдвэр нь гараад эцсийн байдлаар тохи­ролцчих юм бол албан ёсоор мэдэгдэл хийх болно. Удахгүй шийдвэр нь гарах байх.


-Хэлэлцээрийн шатандаа бай­гаа гэж хэллээ. Тухайл­бал, та­най компанийн зүгээс ямар шаард­лагыг тавьж бай­­гаа юм бэ?


-Тодорхой хугацааны дараа, эс­вэл зайнаасаа хамаараад ч юм уу дараагийн тээврийн хэ­рэг­сэлдээ суух үед 60 хувийн хөнгөлөлт эдлэх ийм нөхцлийг тавьж байгаа.


-Хөнгөлөлттэй зорчих смарт карттай иргэд картаа гээж,  үрэгдүүлсэн тохиол­долд дахин авах боломж бий юу?


-Хөнгөлөлттэй зорчигчдын хувьд смарт  картаа холбогдох эрх бүхий байгууллагуудаар дамжуулан авсан байгаа. Ингэж олгоход тухайн ир­гэ­ний мэдээлэл нь систем дээр бүрт­­гэгдээд картныхаа ду­гаар­­тай хол­богдсон байдаг юм. Тэгэхээр хөнгө­лөлттэй зор­­чигчид смарт  картаа  хаяж,  үрэг­дүүлсэн тохиолдолд  хол­богдох бай­гууллагаараа дам­жуу­лан мэдэгдээд, өмнөх кар­­таа хаалгаад  дахин авах боломжтой.


Харин цахим карт борлуулах цэгүү­дээс карт худал­дан авсан иргэдийн  хувьд  бүртгэл    байх­­гүй учраас  картаа хаяж, гээсэн, үрэгдүүлсэн  тохиол­долд картаа хаал­гах гэх мэт үйлчилгээ авах бо­ломж­гүй. Гэх­дээ иргэн өөрийн­хөө ашиг­лаж байгаа смарт карт­ны­хаа гүйлгээний  мэдээлэл, төлбөр тооцооны хувьд мөнгө нь илүү төлөгдөх гэх мэт тохиол­долд картаа манай хэрэглэгчийн төв дээр авчраад гүйлгээний мэдээллээ авах боломжтой.


-Өнөөдрийн байдлаар Улаан­баатар  хотын хэм­жээнд хэчнээн карт борлуу­лах цэг ажиллаж байна вэ?


-Өнөөдрийн байдлаар нийс­лэл хо­тын хэмжээнд ма­най 400 орчим г­эрээт цэг ажил­лаж байна. Цаашдаа карт цэ­нэглэх үйлчилгээг улам бүр боловсронгуй болгох талаас нь судлаж байгаа.


-Оюутнуудад зориулсан смарт картны асуудал юу болж байна?


-Манай компанийн хувьд нийтийн тээврийн үйл­чил­гээнд шинэчлэл хийж, ца­хим төлбөрийн системийг нэвт­­рүүлэх төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө бүх бэлтгэл ажлаа хангачихсан байсан. Эндээс зорчилтын тоо гэх мэт асуудлуудад холбогдох бай­гууллагуудын шийдвэр нь  гараагүй байсан  учраас оюут­нуудад олгох смарт картны олголт хойшилсон.



Одоогоор нийслэлийн холбогдох бай­гуул­лагаас шийдвэр нь гараад, карт олголтын ажил үндсэндээ эхэлчихсэн байна. Гэхдээ оюутнуудын гар дээр хүрч ам­­жаагүй байгаа. Их, дээд сур­гуу­лиудаас оюутнуудын мэ­дээллийг цуглуулах зэрэг бүртгэлийн ажлыг холбогдох байгууллага нь хийгээд явж байна.


Дашрамд дурьдахад, их, дээд сургуулийн оюутны смарт картыг нийс­лэлийн Бо­ловс­­ролын газар, МСҮТ-ийн оюутнуудын смарт картыг нийслэлийн Хөдөлмөрийн газ­­раас олгоно  гэсэн чиглэл ир­сэн. Үүний дагуу бид ажлаа эрчимтэй эхлээд явж байна.

 


Б.Даваа


Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин