Ассадад дэмжлэг үзүүлэхийг уриалав
2015-09-28

АНУ-ын Нью Йорк хотноо энэ сарын 26-28-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал болж буй билээ. Энэхүү Ассамблейд оролцохоор дэлхийн 50 гаруй орны удирдагч Нью Йорк хотноо чуулж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-д хүрэлцэн ирсэн тухай “TASS” агентлаг мэдээллээ. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Барууны орнууд Сири улсад туслах хэрэгтэй. Мөн Башар аль Ассадад дэмжлэг үзүүлэхийг хүсье. Орос, Сири улсад хүмүүнлэгийн тусламж нийлүүлж эхэлсэн” гэж хэлжээ.

 

“Путин ийнхүү Сири улсад дэмжлэг үзүүлж, Ассадын дэглэмийг хамгаалахын тулд хөдөлж эхэлсэн гэдгээ батлав” гэж “AFP” агентлаг мэдээлжээ.

 

Путин тус улсын Ерөнхийлөгч Барак Обаматай өнөөдөр уулзахаар болсон хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жек Карней мэдэгдсэн байна. “Удирдагчид Сири, Украины хямралын асуудлаар ярилцахаар төлөвлөсөн” гэж Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэв. Тэрбээр “Энэхүү уулзалт түүхэн ач холбогдолтой уулзалт” гэсэн байна.

 

Украины зүүн хязгаарт салан тусгаарлагчид хяналтаа тогтоож, Крымийн хойг, Оросын эх газарт дагаар орсны дараа АНУ тэргүүтэй баруун орнууд Оросын эсрэг хориг тавьснаас үүдэж хоёр улс таарамжгүй харилцаатай болсон юм. АНУ эхэлж буулт хийж эхэлсэн бөгөөд өнгөрөгч баасан гаригт тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сири болон ОХУ-ын Засгийн газартай хамтарч, хэт даврагчдад цохилт өгөх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин