“Хүүхдийн хоолны зөв сонголт” тэмцээн боллоо
2015-09-28

 

Мэргэжлийн  хяналтын байгууллагаас зохион байгуулж буй “Хүний төлөө-зөв тус” аяны хүрээнд  НМХГ-аас  нийслэлийн  төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн дунд “Хүүхдийн хоолны зөв сонголт“ сэдэвт туршлага солилцох, тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх  тэмцээнийг “Анкор” төвд зохион байгуулжээ.

 

            Тэмцээнд 7 дүүргийн 15 цэцэрлэгийн тогооч нар өөрсдийн урьдчилан бэлтгэсэн түүхий эд материалаар хоол бэлтгэн ур чадвараараа өрсөлдөж, 1 өдрийн хүүхдийн хоолны цэсийн дагуу бэлтгэсэн хоолоор үзэсгэлэн  дэлгэж, хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн зохистой дадлын онолын мэдлэгээрээ уралдаж,  харилцан туршлага солилцсон байна.

 

            Тэмцээнд Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэгийн тогооч С.Туяа 1 дүгээр байр,  Налайх дүүргийн 23 дугаар цэцэрлэгийн тогооч Б.Батчимэг 2 дугаар байр,  Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн тогооч С.Нарантуяа 3 дугаар байр эзлэж  тус бүр  “Өргөмжлөл”,  мөнгөн шагналаар,  Чингэлтэй дүүргийн хувийн хэвшлийн “Маамуу нааш ир” цэцэрлэг  тэмцээнд  зохион байгуулалттай, идэвхитэй оролцсон тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын  газрын даргын “Өргөмжлөл”-өөр шагнагдсан байна.

 

Цэцэрлэгийн насны хүүхдийн бие бялдар,  сэтгэхүй,  дотоод эрхтэн тогтолцоо нь өсч хөгжихөд насны онцлог, бие махбодийн физиологийн хэрэгцээнд тохирсон тэжээлийн бодисоор, булчин, бүх эрхтний  үйл ажиллагааг хэвийн явуулахад  тодорхой илчлэгээр зогсолтгүй хангагдах шаардлагатай байдаг.  Хэрэв хоолны тэжээллэг чанар хангалгүй, тэжээлийн бодисуудын харьцаа алдагдвал хүүхдийн бие махбодод  сөргөөр нөлөөлдөг байна.

 

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээл, эрүүл ахуйн баталгаат байдлыг хангах, хоолны амт чанарыг тогтвортой байлгах, цэцэрлэгийн хоолны чанар, стандартад хяналт тавих үйл ажиллагааг хөнгөвчлөх, хоол хүнсний хангамжийг сайжруулах асуудал  сургуулийн өмнөх боловсролын байгууллагын  тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа бөгөөд өнөөдрийн энэ зохион байгуулж буй  ажиллагаа нь  дээрх асуудлыг  шийдвэрлэхэд  тодорхой хувь нэмэр оруулах болно  гэдгийг тэмцээнийг зохион байгуулагч, оролцогч талууд  онцлов.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин