Буман хүнийг аварч, хамгаалсан ууган ангийг шагналаа
2015-09-29

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийг Моногол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардууллаа. Ийнхүү Гал, унтраах, аврах 10 дугаар ангийн туганд залаатай "Алтан гадас" одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одонтой хосоллоо.

 

Одон гардуулах ёслолын ажиллагаанд Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дарга бригадын генерал Т.Бадрал, НОБГ-ын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр болон албаны бусад удирдлагууд, тус ангийн үе үеийн ахмадууд оролцож баяр хүргэсэн юм.


Гал унтраах, аврах 10 дугаар анги нь анх 1925 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Усан хөөрөгний газар” нэртэйгээр байгуулагдсанаас хойш 90 жилийн хугацаанд нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө төрийн үйлчилгээг шуурхай хүргэж байна. Тэд 38.930 удаагийн гамшгийн голомтод ажиллаж, 23.690 хүнийг гал түймрийн голомтоос, 76.400 иргэнийг утаажилтын бүсээс гарган амь насыг авран хамгаалжээ.

 

Мөн аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн 936 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалан ажиллаж, сүүлийн 15 жилд эрхэлсэн ажил үйлсээрээ ОБЕГ болон НОБГ-ын хэмжээнд есөн удаа “Тэргүүн байр”, “Марш тактик-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнд тасралтгүй 12 удаа, ГУТОТС-ын Улс хотын аварга шалгаруулах тэмцээнд долоон удаа “Аварга баг”-аар шалгарсан зэрэг олон бахдам амжилтыг гаргасан байна.

 


Тус ангийн ахмад үеийн арвин их хөдөлмөр, бүтээл байгуулсан гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 1981 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 242 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнаж байсан бол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнууллаа.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин