Төсөвт реформ хийх цаг болсон
2015-10-01

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаа  энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцэн, байр сууриа нэгтгэсэн байна.  

 

Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудал,  УИХ-ын  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх эсэх, энэ оны төсвийн тодотгол ирэх оны төсөв, мөнгөний бодлогын талаар хэлэлцжээ.

 

УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ирэх оны төсөв, мөнгөний бодлоготой холбоотой асуудлаар мэдээлэл хийжээ.  

 

Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

 

-Ирэх оны төсвийн талаар Сангийн яамнаас танилцуулсан. Үүгээр бүхэл, бүтэн санхүүгийн шинэчлэл хийх шаардлагатай болно. Уг мэдээллийг АН-ын бүлэг сонссоны дараа эдийн засагт хийх реформийг бүрэн сайшаасан. Ер нь реформ хийх цаг нь болжээ. Сонгуулийн эрх ашгаа бодож уг асуудлыг хойшлуулах бус одоо яаралтай хийх ёстой гэж ярилцлаа. Батлагдах төсөв, мөнгөний бодлогыг улсын төсөвтэй уялдуулах зарчмыг баримталж байгаа. Засгийн газрын  өргөн барихаар бэлдэж байгаа хувилбарыг дэмжээд явахаар болсон гэлээ.  

 

Мөн тус бүлэг яамдыг дэд сайдгүй болгох саналыг дэмжсэн байна. Засгийн газраас яамдыг дэд сайдгүй болгох саналыг оруулж, төсвөө ч энэ хүрээнд боловсруулжээ. Төрийн албан хаагчдын цалинг хавтгайруулж хасах бус улс төрийн өндөр албан тушаалтан болон төрийн захиргааны удирдлагуудын цалинг хасахыг тус бүлгийн гишүүд дэмжжээ.

 

Харин ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулахтай холбоотой асуудлыг тус бүлэг ярилцаад Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцэж, шийдвэр гарсны дараа дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн саналд нэгджээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Naad hutsaad baigaa umnuudaa odoo l ehleechdee! Tsagaa bolohoor hudlaashdee?!
2015-10-01