Ч.Сайханбилэг: ҮХЦ зөв шийдвэр гаргасан
2015-10-01

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  УИХ-ын  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд саналаа хэлсэн юм.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

-Энэ асуудлаар ямар нэг сонирхолгүйгээр ярихад зовлонтой шийдвэр. Би энэ асуудлаар үг хэлэхээр Ерөнхий сайд учраас яриад байгаа юм шиг санагдана. Цаг хугацааны хувьд өөр нэг Засгийн газрын гишүүнтэй холбогдоод явчихлаа. Тиймээс сонирхлоо хойш тавьж ярих хэрэгтэй.  Өнгөрсөн 25 жил Засгийн газар дээсэн дөрөөн дээр явж ирсэн. Өнөөдөр Үндсэн хуулийн институци бүр дээр ярих хэрэгтэй. Сайд нар салбар салбар дээрээ очиж асуудлаа ярих хэрэгтэй. Өнөөдөр бид танхимаар явдаг. Ерөнхий сайд засаглалаа өөрөө удирдаад, Ерөнхий сайдын бодлого явдаг. Сайдын бодлого байхгүй хүн дээр хариуцлага тооцно гэдэг нь засаглалаа ойлгохгүй яваагийн шинж.  Танхимын зарчмаар явж байхад санал зөрөлдсөн сайдыгаа Ерөнхий сайд нь өөрөө оруулж ирж огцруулдаг, сайдаа томилдог гүйцэтгэх засаглалын мөн чанарыг  гаргах хэрэгтэй. Энэ утгаар нь ҮХЦ өөрөө төр ёсоо нээсэн зөв шийдвэр гаргалаа. Танхимын  мөн чанар гэдэг утгаар нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээгээд авах шаардлагатай.

 

Чаддаг хүнийг нь  ажиллуул

 

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга  М.Энхболд:

 

-Эдийн засгийн хямралтай, олон нийт бухимдалтай үед хариуцлагыг сайн тооцох ёстой. Хямралт байдлаас гарах үйлдлийг хийж чадахгүй байгаа бол чаддаг хүнийг нь ажилууллах хэрэгтэй. Өнөөдөр УИХ чөлөөлж ч чаддаггүй, томилж ч чаддаггүй байдалд ороод байна. УИХ ямар ч үед хийх байх ажлаа хийж чадахгүйд хүрээд байна. Тиймээс УИХ-ын гишүүд Цэцийн энэ дүгнэлтийг хүлээж аваад хэрэггүй. ҮХЦ бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, ажлын хэсэг дээр Ерөнхий сайдын эрхийн асуудал хөндөгдөж, төсөл нь боловсрогдоод сургаар энэ дүгнэлтийг  гаргаж байгаа юм шиг харагдаж байна. Хуучин хуулиараа явах нь нийгэм, эдийн засаг, ард түмэнд хэрэгтэй.

 

Эвслийг задлаад ч хамаагүй Засгийг огцруулна

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-УИХ үнэхээр чадамжгүй болоод байна уу. УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон гэж байна. Томилогддог байгууллага зөндөө бий.  АТГ, СЕХ, Монголбанкийг яах вэ? Энэ заалт нь зөвхөн сайдын асуудал хөндөөгүй заалт. Гэтэл танхимын зарчим хөндлөө гээд хүчингүй болгож байна. Энэ  ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахгүй байх хэрэгтэй. Баярцогт сайн дураараа огцорчих хэрэгтэй. “Оффшор байгаа, 1 сая ам.доллараа мартсан нь үнэн” гээд УИХ-ын дэд даргаасаа огцорчихоод дахиад сайд болоод сууж болохгүй.  Өргөдлөө өөрөө өгөөд огцорчих хэрэгтэй.  Би ямар ч хамаагүй аргаар Засгийн газрыг огцруулна. Би  С.Баярцогттой нэг ширээнд сууж чадахгүй. Эвслийг задлаад ч хамаагүй Засгийг огцруулна. Эвсэл задрахад Засгийн газар огцордог.

 

Ороо бусгаа үед болгоомжтой ярих нь зүйтэй

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

 

-Төр өөрөө ороо бусгаа  байгаа үед улс төрийг тогтворжуулахад сөрөг нөлөөтэй зүйлийг болгоомжтой ярих нь зүйтэй. Тийм учраас энэ асуудлын хувьд би огцруулахгүй гэдэг дээр дарна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэй холбоотой лавлагаан дээр УИХ-ын бүрэн эрхийн тухай заалтыг олж харахгүй байна. Энэ асуудал хамгийн зохистойгоор шийдвэрлэгдэнэ.

 

Тогтолцоогооо засах хэрэгтэй

 

УИХ-ын гишүүн Су.Батболд:

 

-Бид хугацаа алдаж байгаа учраас энэ асуудал сөхөгдөж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ажлын хэсэг хурдаж өргөн бариач гэж би удаа дараа шаардаж байсан.  Энэ зун бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн ас уудлыг  хэлэлцээд хэдэн сайдыг Засгаас хөөгөөд  дахиж томилохгүйгээр булайгаа дэлгээд сууж байхааргүй байлаа.  Энэ зуны УИХ-ын хийх ёстой байсан ажил нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал  байсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг хүний төрийн тогтолцоонд байх байр суурийг яаж зохицуулах вэ? Тогтолцооны асуудлыг цэврээр нь засах гэхээр нэг хүнийг огцруулахтай холбогдоод байна. Нийгмийн өмнө тулгамдсан асуудлаа шийдэж чадахгүй байна.

 

Ерөнхий сайдыг хүчгүй болгож байна

 

УИХ-ын гишүүн М.Батчимэг:

 

-25 жилд бид 14 Ерөнхий сайд огцруулсан. УИХ өнгөрсөн хугацаанд сайд огцруулахад хичнээн цаг зарцуулсан байх вэ? Энэ бүхэн Монголд улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож байна. Өнөөдөр явсаар байгаад засаглалын зөрчил эдийн засгийн хямрал хүндрэл болж хувирч байгаа юм. Энэ нь явсаар байгаад аюулгүй байдал руу орох вий гэсэн болгоомжлол байна. Өнөөдөр УИХ нэг гишүүнийг огцруулах эрхтэй байснаар Ерөнхий сайдыг асар хүчгүй болгож байгаа. Зөрчил нь энд байна.

 

Ийнхүү байнгын хорооны гишүүд үг хэлсний дараагаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн олонх нь ҮХЦ-ын дүгнэлтийг хүлээж авахыг дэмжсэн юм.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Сайддаа биш Баярцогт гэдэг хүн л өөрөө Монгол улсад маш том асуудал болоод байгаа хэрэг
2015-10-02
ipgen:
xairan tsag Ochnoon tulgamdsan asuudal bxad Tosobiin todtgol Orshooliin xuuli geed l Getel xen negniigee uldeex gej uxen xatan zutgej bgaa ni denduu ubaigui muuxai bn Ard tumnee xairlaxgui ym daa nobsh gej
2015-10-01
Зочин:
Ийм тэнэг зуйлыг ярилцаж байдаг хайран цаг зав
2015-10-01